Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, энэхүү санаачилгыг гаргах болсон шалтгаан, үндэслэл, зорилго, түүнд хүрэх арга зам, бодлогын шинэчлэл болон бусад сэдвээр ярилцлага өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хоёулаа үеийн үед яригдаж ирсэн сэдвээр ярилцах гэж байна. Энэ бол архидалт. Саяхан болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын талаар хөндөж ярьсан нь олон нийтийн сүлжээнд том мэтгэлцээн үүсгэсэн. Энэ сэдэв өнөөдөр ч ид яригдаж байна. Өнөөгийн Монголын нийгэмд архидалтын асуудал ямар түвшинд байгаа юм бэ? Бусад улсуудтай харьцуулахад нөхцөл байдал ямар байгаа вэ? Мөн гарц шийдэл нь юу байж болох вэ? Бодит шийдэл байна уу? Энэ бүгдийн талаар хоёулаа ярилцана. Миний эхний асуулт архины хор хөнөөлийн тухай. Иргэдийн эрүүл мэнд, өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Бид архидалт, архины зохисгүй хэрэглээний талаар олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд архидалтыг бодитоор багасгах арга хэмжээ авч чадсан эсэх, бодитоор судалсан эсэх, судалгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлсэн эсэхийг юун түрүүнд авч үзлээ. Гэвч бид архидалтын талаар ярьж байсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Энэ нь өнөөдрийн манай улсын архины хэрэглээний нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Жишээ нь, 2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн байна. Архины шалтгаантай нас баралт жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр жилд 4,500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барлаа. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна.
Архины хор хөнөөлийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа хүний бие, физиологид асар их өөрчлөлт орж, эрүүл мэндээрээ хохирдог. Хоёрдугаарт, өөрөө хохироод зогсохгүй бусдад хохирол учруулдаг. Тухайлбал, авто тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд авчирдаг. Энэ тоонуудыг аваад үзвэл архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад жилд нэг хүнд ногдох спиртийн хэмжээ 12 литрт хүрчихээд байна. Жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн. Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг. Тэгэхээр архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн байна.
Үүний шалтгаан юу вэ гэвэл, өнгөрсөн хугацаанд архидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авч, бодлогын шийдэл гаргаагүй, судалгаа хийгээгүй, нотолгоонд суурилсан төрийн бодлого явуулаагүй байна.
–Та сая итгэхэд бэрх тоо хэллээ. 21-ээс дээш насны нэг хүний согтууруулах ундааны хэрэглээ жилд 55 литр гэж хэллээ. Энэ бол том тоо. Бусад улс оронтой харьцуулахад энэ ямар тоо вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүнд ногдох спиртийн жилийн хэрэглээ дунджаар 7 литр гэж заасан. Харин манай оронд цэвэр спиртийн хэрэглээ 12 литр, согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байгаа юм. Энэ нь бусад орны дунджаас даруй 2-3 дахин өндөр. Ийм аюултай байдал үүсчихээд байна.
–Төр онцгой албан татвараар дамжуулан бодлогоо тохируулдаг. Согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулаад амжилтад хүрсэн бусад улс орны туршлага байдаг уу?
-Байлгүй яах вэ. Согтууруулах ундааны хэрэглээг маш өндөр хувиар бууруулж чадсан улс орнууд дандаа онцгой албан татварын бодлогодоо өөрчлөлт оруулсан байдаг. Канад улс согтууруулах ундааны онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд пивоны хэрэглээ 5.9 хувиар, архины хэрэглээ 7.8 хувиар буурсан байдаг. Бусад улс орон ч ийм төрлийн арга хэмжээг авсан. ОХУ-д гэхэд 2021 онд 9 градусаас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварын хэмжээг дөрвөн хувиар нэмэгдүүлсэн. Онцгой албан татварын бодлогоо зөв явуулсан улс орнууд архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулж чадсан байгаа юм.
Манай улсын хувьд 2012 онд 25-40 градусын архинд ногдох татвар дөрвөн доллар байсан. Гэтэл энийг 2015 онд 5,800 төгрөг болгож өөрчилсөн. 2015 оноос хойш энэ тоо яаж өөрчлөгдсөн бэ гэвэл 6,960 төгрөг болсон. Ердөө 1,000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн.
Одоогоос 30 жилийн өмнө талх хэдэн төгрөг байсан бэ? Талх 1 төгрөг, 50 мөнгө байхад архи 22 төгрөг байсан. Гэтэл одоо талх 1,500 төгрөг, харин 5,500 төгрөгийн үнэтэй 500 граммын 38 градустай архийг дэлгүүрт зарж байна. Үүнээс харвал манай улсад архийг дэмжих татварын бодлого хэрэгжиж иржээ.
Харин архидалттай тэмцэх гол арга нь татварын бодлого гэдэг нь олон улсад судалгаагаар нотлогдсон. Манай улсад хийгдсэн судалгаагаар онцгой албан татварыг 40-50 хувиар нэмэгдүүлэхэд архины хэрэглээ 10-20 хувиар буурна гэсэн тооцоо бий. Бид судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна.
–Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилд бүх юмны үнэ нэмэгдсэн байхад архины үнэ дагаад нэмэгдээгүй байна, тийм үү?
-Архины үнийг талхны үнэтэй л харьцуулаад үзэхэд 30 жилийн өмнө архи талхнаас 20 дахин үнэтэй байсан байна. Харин өнөөдөр гурав дахин үнэтэй байна. Эндээс харахад ард иргэдийг архи уух боломжоор нь хангах бодлого өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн гэдэг нь тодорхой байна. Хэрвээ 2012 оны дөрвөн долларын татвар хэвээр байсан бол өнөөдөр архины татвар 12 мянга орчим байхаар байна. Тэгвэл өнөөдөр дэлгүүрт 5,500 төгрөгөөр 38 градустай архи зарах боломжгүй байх байсан. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого ямар ч нөлөө үзүүлээгүй байгаа юм.
–Канад улсад татварын хувь хэмжээг 10 хувиар өсгөхөд шар айрагны хэрэглээ нэмэгдсэн гэж та хэллээ? Өндөр градустай архины хэрэглээ багасаад, зөөлөн архи руу хэрэглээ шилжиж байна гэсэн үг үү?
-Хэрэгжүүлсэн бодлогоосоо хамаарна. Бүх төрлийн согтууруулах ундааны татварыг жигдхэн 10 хувиар нэмэгдүүлэхэд архи, пиво, дарсны хэрэглээ буурсан. Хэрвээ хатуулагт нь тааруулсан татварын бодлого хэрэгжүүлбэл өндөр градустай архины хэрэглээ буурах, пивоны хэрэглээ нэмэгдэх, илүү зохистой хэрэглэх тал руугаа шилжих боломж бүрдэж байгаа юм. Архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахын тулд урт хугацаандаа үр дүн өгөх, зөв, зохистой бодлогыг хэрэгжүүлэх ёстой.
–Ер нь архидалт их байгаа нь улс орны хөгжлийн асуудал юм биш үү? Буурай хөгжилтэй орнуудад архидалт, донтолт их, харин өндөр хөгжилтэй, өрхийн орлого өндөр орнуудад зохистой хэрэглээтэй байдаг юм биш үү? Манай улс нийгмийн бусад асуудлуудаа шийдэхгүйгээр зөвхөн архины онцгой албан татвараар зохицуулж болох уу?
-Энэ бол тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэг шиг асуудал. Үнэхээр ядуурлаас болоод архидалт үүсээд байна уу, архидалтаас болоод ядуурал бий болоод байна уу?
Өнөөдөр ядуурлын шалтгаантай архидалт байгаа. Амьжиргааны доод түвшин, архидалт хоёр харилцан хамааралтай. Гэхдээ төр, засгийн бодлого ядуурлыг бууруулах, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Гэтэл нөгөө талаас нь архины хэрэглээг бууруулах бодлогоо орхигдуулчихсан байна. Дэлхийн улс орнууд ядуурлын түвшин өндөр, нам байхаас үл хамаараад архины хэрэглээг бууруулах бодлогоо давхар аваад явж байгаа. Нэг талаасаа ядуурлыг бууруулах, нөгөө талаасаа архины хэрэглээг бууруулах бодлого хэрэгжүүлж байж богино хугацаанд өндөр үр дүнд хүрнэ.
Бид өнөөдрийг хүртэл энэ бодлогоо орхигдуулж явснаас болж архины хэрэглээ нэмэгдсэн. Архины хэрэглээ нэг түвшинд байсангүй, буурсангүй, харин өссөөр байна.
2050 онд манай улсын хүн ам 5.3 саяд хүрнэ. Архидалттай тэмцэх бодлого хэрэгжүүлэхгүй явсаар байх юм бол 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэнэ, нас баралт хоёр дахин нэмэгдэнэ.
Манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй. Энэ нь 90 орчим мянган хүн гэсэн үг. Бид бодлогоо боловсруулахгүй, энэ чигээрээ явсаар байх юм бол энэ тоо 200 мянгад хүрнэ. Жилд 10 мянган хүн архины хамааралтайгаар нас барна. Өнөөдөр бид цар тахлаар алдсан хүний тооноос 5 дахин, жилээр нь тооцвол 10 дахин олон хүн нас барах эрсдэл ирээдүйд үүснэ. Бидний ярьдаг чимээгүй тахал бол архины хэрэглээ.
–Та ярилцлагын эхэнд хэлсэн. Хоёр жил үргэлжилсэн цар тахлын улмаас 2,100 хүн амиа алдсан, харин архины хамааралтайгаар жилд 4,500 хүн нас барж байна гэлээ. Энэ нь нэг талаар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ч гэсэн нөгөө талаар эмнэлгийн байгууллагуудын ачаалал, архи хэрэглэдэггүй мөртлөө гэмтэж, бэртээд ирсэн, өвчилсөн хүмүүст хандуулж болох анхаарал, төсөв, цаг хугацаа зэрэгтэй харилцан хамааралтай байх гээд байна, тийм үү?
-Хорт хавдрын улмаас жилд 4,000 гаруй хүн нас бардаг. Гэтэл хавдрын шалтгааныг нь аваад үзэхээр 32 хувь нь архины шалтгаантай хавдар байдаг. Хэрвээ бид согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, зөв зохистой болгож чадах юм бол энэ хүмүүс эмнэлэгт хандах шаардлагагүй болно. Тэр хэмжээгээрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай хүмүүст хүргэх боломж бүрдэж, манай улсад хийгддэггүй тусламж, үйлчилгээг хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой цаг хугацаа уртасна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүртээмж нэмэгдэнэ.
Мөн нийгэмд архины хэрэглээгүй үеийг бэлтгэх нь үр дүнгээ өгдөг. Хэд хэдэн улс ийм бодлогыг зөв, үр дүнтэй хэрэгжүүлсэн. Үр дүнд нь согтууруулах ундааны хэрэглээ маш бага орнууд гарч ирж байна. Бид тэр улсуудын туршлагаас хуваалцаад, хэрэгжүүлсэн арга хэмжээг нь манай улсын хөрсөн дээр буусан, онцлогт тохирсон байдлаар хөрвүүлж хэрэгжүүлэхийг л зорьж байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэггүй, эрсдэлгүй хэрэглэдэг нийгмийн үе гарч ирж чадах юм бол олон зүйл эрс өөрчлөгдөх боломж бүрдэнэ. Ийм суурь өөрчлөлтүүдийг хийх боломжтой учраас архидан согтууралт, архины зүй бус хэрэглээтэй тэмцэх нь чухал болоод байна.
–Тодорхой нэгэн арга хэмжээ авснаар архидалтын сөрөг үр дагавар нь буурсан жишээ, баримт бий юу?
-Өмнө нь хэлсэн Канадын жишээ байна. Мөн АНУ-д татварыг гурван хувиар нэмэгдүүлэхэд спирт, архины хэрэглээ 5.1 хувиар, пивоны хэрэглээ 3.2 хувиар буурсан байна. Энэ нь хүн амын өвчлөлд ямар нөлөө үзүүлснийг судалсан. Татварыг 10 центээр нэмэгдүүлэхэд авто осол долоон хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурсан байна. Харин пивоны үнийг 20 центээр нэмэхэд 15-24 насны залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчин 9-30 хүртэлх хувиар буурсан гэх зэрэг жишээнүүд байна. Манай улсад ч ийм үр дүн үзэх боломж байна гэж харж байгаа. Бид зөв бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хэрэгжилтэд нь анхаарч чадвал маш өндөр үр дүн гарах боломжууд байна гэдэг нь судалгаагаар харагдаж байгаа юм.
Тухайлбал, архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад шаардлагатай арга хэмжээнүүдийг, тухайлбал, онцгой албан татварын бодлого, худалдаалах цэгүүд, ажлын байран дээрх сургалтууд зэргийг тус тусад нь судалж байгаа. Жишээ нь, согтууруулах ундааны онцгой албан татварыг 40 хувиар нэмбэл нэг жилийн дотор хэрэглээ хэдэн хувиар буурах вэ, 50 хувиар нэмэгдүүлбэл хэдэн хувиар буурах боломжтой вэ гэдгийг судалгаагаар гаргаж ирж байна. Эндээс үзэхэд бодлогоо гаргаад хэрэгжүүлж чадвал архи, согтууруулах ундааны хэрэглээг 20 хувиар бууруулж чадна. Үүн дээр үндэслэн бодлогоо боловсруулаад явж байна.
–Та эерэг үр дүнгүүдийн талаар цухас дурдлаа. Та өөрөө эмнэлгийн захирал, салбарын сайд байсан эмч хүн. Таны хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээр үнэхээр зөв, зохистой бодлого боловсруулаад, хэрэгжүүлээд эхлэх юм бол ямар эерэг үр дүнгүүд шууд харагдах байх гэж бодож байна вэ?
-Гарах үр дүн нь ерөнхийдөө тодорхой. Жишээ нь, сар бүрийн 01-ний өдөр архи зардаггүй байсан. Энэ өдрүүдэд үр дүн гараагүй биш, гарсан. Би үүнийг биеэрээ мэдэрсэн. Намайг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн дарга байхад яаралтай тусламжийн тасагт өдөрт 400-500 хүн ирдэг байсан. Сар болгоны 01-ний өдөр энэ тоо 50 хувиар буурдаг. Гэтэл үүний хажуугаар сөрөг үр дагаврууд гарч байсан. Сар бүрийн 01-ний өдөр архи борлуулахгүй гэхээр ахуйн архидалт үүсдэг. Үүнээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Энэ мэтчилэн бодлого хэрэгжүүлэхдээ ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг маш сайн тооцоолох ёстой.
Өндөр градустай архины татварыг нэмэхээр өндөр градустай архи хэрэглэхийг хүссэн хүмүүс хямд төсөр зүйл хайна. Үүнээс үүдээд бидний ярьдаг бидний ярьдаг “шаглах” гэдэг зүйл бий болно, хууль бус бизнес хөгжих боломж гарч ирнэ. Энийг хөгжүүлэхгүй байх ямар боломж байна вэ, хууль бус архидалттай яаж тэмцэх, ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Бүх зүйлийн сөрөг үр дагаврыг судалж, үүний эсрэг авах арга хэмжээг бодож төлөвлөх замаар бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Бусад улс орны жишээг харж, сөрөг үр дагаврыг хэрхэн арилгахаа тооцож, цогц бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүйгээр дан ганц татварын бодлогоор явах юм бол үр дүн муутай, мөн үүнээс гарах сөрөг үр дагаврууд нь нийгэмд илүү их асуудал авчирна.
–Архины үнэ өндөр болбол “шагийн архи хөгжинө” гэдэг нь сөрөг аргумент тавьж байгаа хүмүүсийн жижүүрийн үг болсон. Өмнө нь Монголд байсан үзэгдэл. Таны цогц бодлогод энэ асуудал яаж тусах вэ? Яаж шагийн архийг хөгжүүлэхгүй байх вэ?
-Улс орны онцлогт тохирсон бодлого гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Архи, согтууруулах ундааны градусыг үе шаттай бууруулах, бага градустай согтууруулах ундаа хэрэглэх нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай. Одоо худалдан авч байгаа үнээрээ бага градустай архийг авч хэрэглэх сонголт нь байсаар байхад заавал баталгаагүй, шагийн архи авч хэрэглэх шаардлага үүсэхгүй байх талаас нь харж байна. Үүссэн тохиолдолд хяналтыг тавих, өндөр хариуцлага тооцоход анхаарах ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр хуурамч архи борлуулсан хүнд торгуулийн арга хэмжээ авч байна. Өчнөөн шагийн архи зарж борлуулсан хүнийг 40 мянган төгрөгөөр торгоод явуулдаг хуулийн хариуцлага байгаа учраас байсаар байна. Энэ бүгдийг тооцсон бодлогын шинэчлэлийг хийх ёстой гэж харж байна.
–Энд нөгөө талдаа архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн асуудал байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд том татвар төлөгч, ажлын байр бий болгогчид. Энэ аж ахуйн нэгжүүдийн асуудал бодлогод хэрхэн тусаж байгаа вэ?
-Манай улсад хэрэглэж байгаа согтууруулах ундааны зөвхөн архийг л аваад үзэхэд 97 хувь нь үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн архи байдаг. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ хохироосон бодлого, шийдвэр гаргаж болохгүй гэдэг талаас нь харж, тооцож байгаа. Энэ асуудлаар үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, санал солилцсон. Судалгаандаа энэ асуудлыг оруулсан. Архи, согтууруулах ундааны татварын хувь хэмжээнд өөрчлөлт орлоо гэхэд борлуулалтад ямар нөлөө гарах вэ, үйлдвэрлэгчдийн ашиг, орлого буурах уу, тэдний төвлөрүүлж буй татварын хэмжээ багасах уу гэдэг асуудлуудыг бүгдийг нь тооцоод судлаад гаргаад ирсэн.
Бидний судалгаагаар үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх, тэдний улсын төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээнд нөлөөлөх зүйл байхгүй. Харин ч эерэг үр дүн гарахаар байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид бага градустай архиа түлхүү үйлдвэрлэж, иргэд ч бага градустай архи хэрэглэж төлөвшөөд эхэлбэл өмнө нь олж байсан орлогоо олох боломж бүрдэнэ гэж харж байна. Түүнчлэн өндөр градустай архины татвар нэмэгдэхээр улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ.
–Энэ өнцгийг анх удаа сонслоо, их зөв санагдаж байна. Манай залуучууд чөлөөтэй байя, нээлттэй байя гэж ярьдаг. Одоо архи, согтууруулах ундаа зардаг газрууд шөнийн цагаар нээлттэй ажилладаг боллоо. Архийг зүй зохистой хэрэглэдэг хүмүүс нь бусдынхаа хоморгонд өртөх асуудал үүсэх үү? Зүй зохистой хэрэглэдэг хүмүүсийн зүгээс эсэргүүцэл үзүүлж, яагаад байгаагаар нь орхиж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг тавих байх?
-Бусад улс орныг харвал өдрийн амьдрал, шөнийн амьдралд ямар нэг хязгаар тавихгүй байна. Энэ асуудлыг бусад бодлогоороо зохицуулаад байгаа юм. Бид согтууруулах ундааны хэрэглээг бууруулахдаа ямар нэг хүч хэрэглэсэн байдлаар хэрэгжүүлбэл урт хугацаандаа үр дүн нь улам буурч, нийгэмд бухимдал үүсгэнэ. Бид ийм арга хэрэгслээс зайлсхийх ёстой. Зөв зүйтэй бусад олон арга байна. Заавал архи зардаггүй өдрийг бий болгох, архи борлуулдаг цагийг зааж өгөхгүйгээр согтууруулах ундааг соёлтой хэрэглэх боломжийг нь бүрдүүлсэн, зохисгүй хэрэглээг нь хязгаарласан уян бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал урт хугацаанд гарах үр дүн нь өндөр байх юм.
–Нэг үгээр хэлэхэд, хатуу, хааж боосон биш, ухаалаг, уян хатан хэлбэрээр, бүгд хожсон байдлаар шийдлийг олъё гэж хэллээ. Өнөөдөр энэ асуудлыг зохицуулж байгаа ямар хууль журамд өөрчлөлт оруулах вэ? Цаашдаа энэ өөрчлөлтийг хийхийн тулд ямар суурь ойлголтуудыг бэлдсэн байх ёстой вэ? Юу хийх ёстой вэ?
-Тодорхой хуулиудад өөрчлөлт орох шаардлага тулгарна. Жишээ нь, Архидан согтуурахтай тэмцэх хууль, Татварын тухай хууль, Төрийн албаны тухай хууль гэх мэт. Цаашдаа үнэхээр үр дүнтэй бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлье гэвэл хуульд зөв өөрчлөлт орох ёстой.
–Та Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх. Яагаад энэ асуудал дээр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулах болов? Анх сэдэл нь хаанаас үүсээд энэ асуудлыг нийгэмд тодоор дэвшүүлэх болов?
-Энэ бол өнөөдөр л яригдаж байгаа сэдэв биш. Одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байхдаа архидалтын асуудал дээр зөв бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг ярьж эхэлсэн. Энэ асуудлыг яагаад чухалчилж авч үзэх болсон нь та бидний нүдэн дээр ил байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл гэх мэт хувь хүнд асар их хор нөлөөтэй үр дагаврууд байна. Нөгөө талаасаа архидалтын нийгэмд үзүүлж буй хортой нөлөө байна. Бидний байнга ярьдаг хүүхдийн хүчирхийллийн ард, дийлэнх хувьд нь архи холбогддог. Зам, тээврийн ослын дийлэнх нь архитай холбогддог. Хүмүүс ядуу байгаагийн бас нэг гол шалтгаан нь архи. Өнөөдөр хүмүүс үнэхээр ядарч туйлдаад, амьдрал нь ядуу байгаад архи уугаад байна уу гэвэл үгүй. Ажил хийдэг, цалин нь буусны маргааш, нөгөөдөр, хоёр гурван өдрөөр ажил тасалдаг асуудал манай улсад байна. Энэ үнэхээр хүмүүс ажилгүй, ядуу байгаагийнх уу? Сэтгэхүйн асуудал байна гэж харж байгаа. Мөн архийг бодлогоор дэмжиж ирсэн асуудал байна гэдэг нь тодорхой байна. Тийм учраас бид үүний эсрэг зайлшгүй арга хэмжээ авах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа.
–Нийгмийн бодлогын хүрээнд аваад үзвэл маш олон тулгамдсан асуудал байгаа. Эдгээрийн дийлэнхийн ард архи байна гэж үзэж болохоор байна. Хүүхдийн хүчирхийлэл нь тусдаа асуудал юм шиг боловч углуургаар нь аваад үзвэл ахуйн архидалтаас үүдсэн байдаг байх нь. Тэр үүднээсээ энэ сэдвийг хурцаар хөндөх болсон байх. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мөн архины асуудлыг хөндөж гаргаж байсан. Өөрөө шинэ жилийн мэндчилгээндээ сүү тулгадаг байсан. Ядаж төрийн ёслол, арга хэмжээнүүд дээр архи хэрэглэхгүй гэж зарласан. Гэвч өнөөдрийг хүртэл архины сөрөг үр дагавар буураагүй, тулгамдсан асуудал хэвээрээ байна. Тэгэхээр архи бол Ерөнхийлөгч хүний хэлэх ёстой лоозон, уриа юм байна, нийгэмд хамгийн их тулгамдсан, хөндүүр сэдвийг барьж аваад ажил хийж байгаа юм шиг харагдаад, попроод өнгөрөх вий гэсэн эргэлзээ байна? Бид хоёроос хойш тав, арван жилийн дараа дахиад хоёр хүн яг ингээд яриад сууж байвал тун харамсалтай байна. Энэ удаа зүгээр нэг яриа биш гэж харахын тулд юунд итгэх ёстой вэ? Яагаад энэ удаа гэж?
-Энэ удаа архины асуудлаар лоозогноод өнгөрөхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Олон шалтгаан бий.
Нэгдүгээрт, одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байсан учраас энэ олон зүйлсийн учир шалтгааныг сайн мэднэ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн бүгдээрээ нэг зүгт харж байна. Хийж хэрэгжүүлж байгаа бодлого нь 100 хувь хэрэгжих боломж өнөөдөр бүрдсэн байна. Гуравдугаарт, архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгох зорилгоор бид маш олон судалгаа хийсэн. Өнөөг хүртэл энэ асуудлаар хийгдсэн, гар дээрээ тавих бэлэн судалгаа байдаггүй байсан. Энэ удаа бид илүү шинжлэх ухаанч, бодит байдлаар асуудалд хандаж байгаа.
Тийм учраас Монголын ард түмний үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд очсон өнөөгийн нөхцөл байдлыг бид өөрчилж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
–Бугширсан байгаа энэ асуудалд зөвхөн төр нэг талаасаа хандаад, Төрийн тэргүүн нь дангаараа хичээгээд, их урам зоригтой байснаар бүтэхгүй байх л даа. Маш олон талуудын ойлголцол, дэмжлэг бүрдэх ёстой байх. Хувийн хэвшил, ард иргэд, залуучуудын хандлага гэх мэтээр маш олон талууд нэг зүгт харж байж амжилт олох байх гэж харж байна. Үнэхээр л залуучууд маань зөв зохистой хэрэглээсэй, өндөр хөгжилтэй орнууд шиг сайхан орчин бүрдээсэй гэж би ч хүсэж байна. Та нийгмийн ойлголцлыг бүрдүүлэхийн тулд, уриалахын тулд энэ ярилцлагад орж байгаа байх. Яагаад үүн дээр нэгдэх ёстой вэ?
-Өнөөдөр нийгмээ харах юм бол сөрөг зүйлүүд яах аргагүй архи, согтууруулах ундаатай холбогддог. Согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, зохистой хэрэглээнд шилжихгүйгээр бусад ямар ч том зүйлийг яриад, тэр нь биеллээ олоход үнэхээр хэцүү. Архи уугаад, архинд дасал болсон хүмүүсийн тоо нэмэгдээд явах юм бол нийгэм урагшилна гэж харах итгэл алга. Нийгэм ч энийг хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилгаар хийгдсэн форумуудыг харахад хүмүүсийн хүлээж авч байгаа байдлаас харагдаж байна. Монголын олон эхчүүд, хүүхдүүд архидалттай тэмцээсэй гэж хүсэж байгаа. Ашиг сонирхол нь хөндөгдөх гээд байгаа зарим тал сөрөг хандлагатай байгаа нь ажиглагдаж байгаа. Гэхдээ тэр хүмүүс нийгмийн маш бага хэсгийг хамарч байгаа болов уу гэж бодож байна. Энэ асуудалд зөвхөн төр, засаг анхаарч байгаа юм биш, архидалттай тэмцэх цаг нь ирсэн гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа, ийм цаг үе байна гэж харж байна.
Одооны залуусын архи, согтууруулах ундааны хэрэглээ харьцангуй төлөвшсөн байгаа. Залуусын дээд үе буюу согтууруулах ундааг зохисгүйгээр, хэтрүүлэн хэрэглэж байгаа үе нь үр хойчдоо зөв үлгэр дуурайл үзүүлж чадах юм бол бидний өмнө маш сайхан ирээдүй харагдаж байна. Согтууруулах ундааг зохистой хэрэглэж, зөв соёлыг түгээхийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүсэж, уриалж байна.
–Би энэ санаачилгыг биелээсэй гэж бодож байна. Маш олон гэр бүлүүд энэ асуудалд дарлуулж байгаа. Бид сүүлдээ архидалт энгийн зүйл юм шиг, архичин хүн байх ёстой юм шиг хардаг болсон нь, цочирдохоо больсон нь хамгийн аймшигтай. Нэг зүйл хүсэх гэсэн юм. Сүүлийн үед манай төр, засаг олон нийтийн сүлжээн дэх хандлагыг харж ажлаа явуулдаг болчихоод байна. Нийгмийн сүлжээнд тодорхой бүлэг хүмүүсийн дунд архидалтын эсрэг тэмцлийг гутаах хандлага харагдаж байна. Үүнээс болоод эрчээ битгий алдаасай, ажлаа нийгмийн сүлжээгээр битгий явуулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
-Бидний одоо баримталж буй, цаашид баримтлах зарчим гэж бий. Олон нийтийн сүлжээн дэх хандлагад тулгуурлаж ажил явуулдаг үе дууссан, судалгаа, нотолгоонд тулгуурласан зөв бодлого, шийдвэрийг гаргаж явъя гэдэг зарчмын байр суурин дээр байгаа. Бид цаашид олон нийтийн сүлжээнд хөтлөгдсөн шийдвэр гаргахгүй гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд ч тэгж шийдвэр гаргасан тохиолдол байхгүй. Цаашдаа ч хадгалагдаж явна.
–Нийгэмд тулгараад буй маш чухал асуудлын талаар ярих гэж цаг заваа гарган манай студид хүрэлцэн ирсэн танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 6 )
Ene al zailaaa
Sweizari ulsd buten saind delguur,zah ajilladaggui! End humusin uhamsar undur bn.Buten saint udriig jinhene amraltin udur ubul ni bol tsana,chargaar gulgahaar uul ruu yabdag.Zun ni usan sportoor esvel uuland alhah alhaltiig amidralinhaa hebshil bolgoson bdag.Ajiliin tsag 17tsagt tardag uchir Aab eejuud huuhdudde tsag gargah buren bolomjtoi bn.Puus,kompaniyd hudulmurin huulin daguu ajiilahgui bol huuli ni changa bdag.Iim bolgooch!\netseg eh ni ert geriin baraa harahgui bhad huuhdud ni yaj ezentei bh um.!Nuguu huuchin zurshildaa barigdsaar ubuu,emee huuhdud harna... ubu emeegui ni yah be
Todorhoi ajil a/hemjee????????? Said aa!!!!!
Ajilaa taniltsuulaach, bas arhinii gradus buuruulah, Yah ve SAIDAA????????\n
Зурагтаар архиа яриачээ.Дарга нарыг хараад залхлаа.
ОРОЙ Л УХААРЧ БАЙНА ДАА , АРХИН ДАЛАЙД ЖИВЧИХСЭН , ГАРГАЖ АВЧ ЧАДАХ БОЛОВ УУ ДАА