Академийн түүхэнд тэмдэглэхүйц үйл явдалтай ОСКАР

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Америкийн кино урлагийн академийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо боллоо.

94 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг ёслолын ажиллагаа гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд 23 төрлөөс 15-д нь шагналын эздийг тодрууллаа.

Зохион байгуулагчид энэ жил анх удаа ёслол эхлэхийн өмнө найман төрөлд шагналын эздийг зарласан билээ. Тухайлбал, Франц-Канадын найруулагч Дени Вильнёвын  “Dune” кино Шилдэг дуу, Шилдэг эвлүүлэг, Шилдэг саундтрек, Шилдэг уран сайхны найруулга гэсэн  дөрвөн төрөлд шагнал хүртсэн байна. Японы найруулагч Рюсүкэ Хамагүчигийн "Doraibu mai ka" (Миний машиныг жолоодоорой) шилдэг гадаадын уран сайхны кино төрөлд шалгарлаа. Шилдэг хүүхэлдэйн кино төрөлд Дисней компанийн бүтээл "Encanto" (2021) Оскарын эзэн болжээ. 

Сүүлийн гурван удаагийн Оскарын наадам хөтлөгчгүй болж өнгөрсөн бол энэ жилийн арга хэмжээг жүжигчин Режина Холл, комедиан Эми Шумер болон жүжигчин Ванда Сайкс нар хөтөлж, наадмыг илүү амьд, зугаатай болгож чадсан юм. Мөн ёслолын үеэр Бейонсе, Билли Айлиш ах Финнеас О'Коннеллын хамтаар, мөн Megan “Thee Stallion” болон “Becky G” нартай хамтран мартагдашгүй үзүүлбэрүүд үзүүлсэн юм. Энэ жилийн наадам сэтгэл догдлуулам мөчүүдээр дүүрэн байлаа.

Тодруулбал, Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин төрөлд анх удаа “queer” буюу эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн бүлэгт хамаардаггүй өнгөт арьстай жүжигчин ялагчаар тодорч, харин Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд ялалт байгуулсан жүжигчин Трой Коцур энэхүү шагналыг хүртсэн анхны сонсголын бэрхшээлтэй жүжигчнээр тодорсон юм. Түүнийг шагналаа авахаар тайзнаа гарч ирэхэд театрт цугларсан бүх зочин дохионы хэлээр алга ташсан билээ. Харин Оскарын наадмын хамгийн гол шагнал болох Шилдэг кино төрөлд  “CODA” шалгарч, шилдэг кино найруулагчаар “The Power of the Dog” бүтээлийг найруулсан Жейн Кэмпион тодорсон юм. Тэрбээр  Оскарын наадмын түүхэнд тус шагналыг хүртсэн гурав дах эмэгтэй болсон байна. Энэ  жилийн Оскарын бас нэгэн онцлох үйл явдал нь хүрэлцэн ирсэн бүх хүн КОВИД-19-ийн вакцинд заавал хамрагдсан байх ёстой байв.

2022 оны Оскарын наадмын ялагчид Шилдэг кино-“CODA”

Энэ жил гол шагнал болох Шилдэг кино төрөлд Жейн Кэмпионы бүтээсэн “The Power of the Dog”, Шан Хейдерын "CODA” (2020) кинонуудын хооронд өрсөлдөөн өрнөнө гэж кино салбарын мэргэжилтнүүд үзэж байсан тэдний таамаг зөрсөнгүй.

Шилдэг кино найруулагч- Жейн Кэмпион, “The Power of the Dog”

Шилдэг эмэгтэй жүжигчин-Жессика Честейн, “The Eyes of Tammy Faye”

Шилдэг эрэгтэй жүжигчин-Уилл Смит, “King Richard”

Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин- Ариана ДеБосе, "West Side Story"

Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин-Трой Коцур, "CODA"

Тэрбээр дүр бүтээсэн "CODA" киноныхоо тухай "Би сонсголгүй хүмүүсийг хохирогч мэт харуулахаас залхаж байна. Энэ удаад дүлий хүмүүст зориулж энэ дүр бол хатуу ширүүн, өөрийн гэсэн жижиг бизнестэй, бусдын л адил тэмцэж буй эрийн тухай харуулахыг хүссэн. Бусдаас өөр зүйл нь ердөө л харилцааны арга юм" хэмээсэн байна. 

Шилдэг кино зохиол (эх зохиол)-“Belfast”

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн)-"CODA"

Шилдэг гадаад кино-"Drive My Car"

Шилдэг кино зураг авалт-Грейг Фрейзер, "Dune"

Шилдэг баримтат кино-"Summer of Soul"

Шилдэг богино хэмжээний баримтат кино-"The Queen of Basketball"

Шилдэг богино хэмжээний адал явдалт кино-"The Long Goodbye"

Шилдэг анимэйшн кино- "Encanto"

Уолт Дисней кино компанийн бүтээл "Encanto" Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарав. Тус кино 120-150 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 251 сая ам.долларын ашиг орлого олжээ. "Encanto" хүүхэлдэйн кино мөн Шилдэг дуу, Шилдэг дууны найруулга төрөлд нэр дэвшсэн юм.

Шилдэг богино хэмжээний анимэйшн кино- "The Windshield Wiper"

Шилдэг дуу-Билли Айлиш, Финнеас О'Коннелл, "No Time to Die"

Шилдэг хөгжмийн зохиол- Ханс Зиммер, “Dune”

Шилдэг хувцаслалт-"Cruella"

Шилдэг нүүр хувиргалт болон үс засалт-"The Eyes of Tammy Faye"

 

УИЛЛ СМИТ ОСКАРЫН ЭЗЭН БОЛСОН НЬ БУС КРИС РОКИЙН НҮҮР РҮҮ ЦОХЬСОН НЬ ИЛҮҮ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТАЖ БАЙНА

 

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Уилл Смит Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн нь биш харин Крис Рокийн нүүр рүү цохьсон нь илүү олны анхаарлыг татаж байна.

Шилдэг баримтат киноны шагнал гардуулахаар гарч ирсэн комидиан Крис Рок Уилл Смитийн эхнэр Жадад хандан "Жада, би чамд хайртай. G.I. Жейн  хоёр үүнийг харахыг тэсэн ядан хүлээж байна. Тийм үү" хэмээсэн байна.  Уилл эхэндээ инээж байгаа мэт харагдсан бол  Жада энэ онигоонд огтхон ч баярласангүй.  Удалгүй тэрбээр Жадагийн үс уналт, халцрах өвчний талаар ярьж эхэлсэн байна.  Харин Уилл Смит тайзан дээр гарч ирээд Рокийн нүүр рүү цохисон бөгөөд буцаж суудалдаа суужээ. Болсон үйл явдлыг  АНУ-ын телевиз нэлээд  хасаж дамжуулсан ч яг гол хэсэг буюу Уилл Смитийн Крис Рокийг цохиж буй хэсгийг шууд дамжуулжээ. Энэ явдлын дараа Рок гайхсан байдалтай "Уилл Смит намайг цохилоо" хэмээсэн бол үзэгчдийн суудалд суусан Вилл "Миний эхнэрийн нэрийг битгий дууд” хэмээж байв.

Гэхдээ Уилл Смит Шилдэг эрэгтэй дүрийн шагналаа гардан аваад сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унаган  "Би академиас уучлалт хүсмээр байна. Нэр дэвшиж байгаа бүх нөхдөөсөө ч  уучлалт хүсмээр байна. Би яг л өөрийн бүтээсэн дүр дээрх аав шиг галзуу харагдсан байх. Гэхдээ хайр л хүнийг галзуу үйлдэл хийхэд хүргэдэг" хэмээсэн  байна. Тэдний тайзан дээр хийсэн үйлдлийг хүмүүс тоглоом гэж бодож байсан ч энэ нь тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс гарсан жинхэнэ үйлдэл аж. Тэд Оскарын үйл ажиллагаа дууссаны дараа учраа олохоор тохиролцсон бөгөөд энэ үдшийн төдийгүй Оскарын түүхэн дэх онцлох үйл явдлын нэгээр тодроод байна.Гэхдээ Уилл Смит болон Крис Рок нарын үйлдэл багагүй маргаан дэгдээгээд байна.

Ёслолын арга хэмжээ дууссаны дараа Академийн твиттер хуудсанд "Академи ямар ч төрлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ үдэш бид дэлхийн өнцөг булан бүрээс үзэж буй кино сонирхогчдын талархлыг хүлээсэн 94 дэх удаагийн Оскарын ялагчдадаа баяр хүргэж байгаадаа баяртай байна" хэмээх мэдээлэл орсон бөгөөд үүнээс үүдэн Уилл Смитийн анхны Оскарын шагналыг хураан авч магадгүй гэх мэдээлэл тархжээ.  Уилл Смитийн хувьд анх удаагаа Оскарын шагнал хүртсэн.
 

 

ОСКАРЫН БЭЛГИЙН ЦҮНХЭНД ЮУ БАГТДАГ ВЭ

 

Жил бүр сэтгүүлчдийн ихээхэн ач холбогдол өгч, сонирхдог зүйлсийн нэг нь хүндэт зочдод олгодог бэлгийн цүнхэнд юу юу багтдаг бол гэх сониуч зан юм. Нэр дэвшсэн уран бүтээлчдэд өгдөг ийм бэлгийн цүнхэнд 160 мянган фунтийн үнэ бүхий зүйлс агуулагдах болно. Үүнд Хавайд зургаан хоног амрах эрхийн бичиг, Калифорниагийн хамгийн алдартай спагаар үйлчлүүлэх, 17 мянган фунтийн үнэ бүхий хувийн амралтанд гурав хоног амрах эрх, оддын хувийн дасгалжуулагч А.Селецкигийн 10 хоногийн хичээлд суух эрх болон “Oomi”-гийн ухаалаг гэрийн систем гэх мэт төрөл бүрийн сонирхолтой зүйлс багтдаг ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top