Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" наадам 13 дахь жилдээ энэ сарын 23-ны өдөр шилдгүүдээ тодруулсан. Нийт 24 номинацид шилдгүүдээ шалгаруулсан юм. Үүнээс Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин шагналыг хүртсэн юм. Түүнтэй бүтээсэн дүрүүд, кино урлаг болон шагналынх нь талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Мөнгөн мод наадмын Шилдэг жүжигчин шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Соёл, урлагийн салбарын энэхүү томоохон арга хэмжээнд та хоёр дахь удаагаа нэр дэвшиж, энэ жил шагналыг гардлаа шүү дээ?
-37-р точка олон ангит уран сайхны кино 2019 оны есдүгээр сарын 07-нд нээлтээ хийсэн. Жилийн турш монголчуудыг байлдан дагуулж, хамгийн олон үзэгчтэй олон ангит кино болсон юм. Тус уран бүтээлийнхээ Лутагийн дүрээр 2019 онд нэр дэвшиж байлаа. Түүний дараа Буруу өрөг МУСК 2020 оны нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болсон. Гэвч цар тахлын улмаас Мөнгөн мод наадмыг зохион байгуулаагүй.
Харин энэ жил тус наадмыг өргөн хэмжээнд зохион байгууллаа. Олон мундаг уран бүтээлчидтэй өрсөлдсөн. Тэр дундаа Драмын театрын жүжигчин Н.Баярмаа болон МУГЖ Д.Ганцэцэг эгч бид гурав нэр дэвшиж байгааг шагнал гардуулах ёслолд очсоны дараа л мэдсэн. Ийм мундаг хүмүүстэй өрсөлдөж Шилдэг жүжигчнээр шалгарсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
-Буруу өрөг киноны Олдохын дүрийг хэрхэн авч байсан бэ?
-Номадиа Пикчерсийн уран бүтээл Буруу өрөг МУСК-ны Ерөнхий найруулагч О.Бат-Өлзий ах маань тус киноны Олдохын дүрийг санал болгосон. Надад зохиол нь их таалагдсан л даа. Өөрийн дүрээ уншиж үзэхэд жүжигчин хүний хувьд өсөн дэвжих, өөрийгөө өөр өнцгөөс харуулах боломжтой зохиол мэт санагдаж, хамтран ажиллахыг зөвшөөрсөн.
-Олдохын дүрээс өөрчлөхийг хүссэн хэсэг байв уу?
-Дүрээ зохиол дээрээс өөрчлүүлэх хүсэлтүүд зөндөө гарч байдаг. Харин найруулагч зохиол дээр бичсэний дагуу явах ёстой гэж хэлдэг. Миний зүгээс Олдохын дүрийг шоронд хүмүүжигч нарт хутгалуулаад унадаг хэсэг дээр эмчлүүлэхгүйгээр үхүүлэх сонирхолтой байсан. Гэвч найруулагч татгалзсанаар ял аваад дуусдаг юм.
-Киноны үйл явдлаас харахад та дүрээ ихээхэн судалсан болов уу гэх сэтгэгдлийг төрүүлж байлаа?
-Олдох гэдэг хүний дүрийг өөрийнхөө биеэр дамжуулж, үзэгчдэд түүний зан, араншин, онцлогоор нь хүргэх маш чухал байлаа. Олдох бол зураач, нүүр хувиргагч мэргэжилтэй. Түүний амьдралын түүх маш аймшигтай. Амьдарлынх нь хар бараан дурсамж, мэдрэмжийг өөртөө шингээн, түүнийгээ үзэгчдэд яаж хүргэх тал дээр их бодож, судалсан даа.
-Эерэг эсвэл эсрэг дүрүүдийн алийг нь бүтээх дуртай вэ?
-Дүр бүхэн тодорхой зорилготой байдаг. Муу зүйл хийж буй боловч сайн зүйлийн төлөө явж байгаа дүр бий. Эсвэл сайн зүйл хийж байгаа ч муу зүйлийн төлөө явж буй дүр ч байдаг. Эерэг дүрийн бүх зүйл зохиол дээр тов тодорхой бичигдсэн байдаг. Харин эсрэг дүр маш их ажиллагаа шаардлагатай. Зарим тохиолдолд зохиолын хэсгээс нь нэмж, хасаж болдгоороо онцлогтой. Ерөнхийдөө бол би эсрэг дүрд тоглох дуртай.
-Аливаа дэлгэцийн уран бүтээлийг үзэж байхад эсрэг дүр хамгийн хэцүү, чадвартай жүжигчдийн дүр шиг санагддаг. Ажиглаад байхад та сүүлийн үед тэр дүрүүдэд түлхүү тоглоод байна уу гэх бодол төрж байгаа. Найруулагчид танд санал тавих уу, эсвэл аль хэдийн тэр дүр танд зориулагдаад бичигдсэн байх уу?
-Яг продакшнаараа кино хийхдээ зохиолоо бичээд, үйл явдлаа ярилцаад явдаг. Ихэнх найруулагчид зохиолоо биччихээд өөрсдөө дүрийн хуваарилалтаа хийчихсэн байдаг л даа. Жүжигчин хүн өөртөө таалагдсан дүрээ найруулагчдаа хэлж үзнэ. Тэгээд найруулагч харж байгаад ерөнхий чиг хэлдэг. Ихэвчлэн найруулагчийн сонгосон дүрд тоглож байсан. Жүжигчин хүний хувьд илүү хөгжих магадлал өндөр байдаг учир миний хувьд эсрэг дүр сонирхолтой, гоё байдаг.
-Дүр гэж ярьсан дээр тодруулъя. Сүүлийн үед таны дүр төрх их анхаарал татаж байгаа. Тэр дундаа яагаад үсээ ургуулаад байна вэ, ямар нэгэн түүхэн уран бүтээлд дүр бүтээх гэж байна уу хэмээн олон нийт таамаглал дэвшүүлээд байна. Ер нь олны үг хэр ортой вэ?
-Бид зүгээр л гурван жил үс, сахлаа ургуулаад үзье гэж шийдээд ургуулсан юм /инээв/. Фантастик продакшн сүүлийн хоёр жилийн хугацаанд уран бүтээл толилуулахаар ажиллаж байна. Удахгүй зарлагдах уран бүтээлдээ зориулаад үс сахлаа ургуулж байгаа. Энэ киноны зураг авалт эхлээгүй байгаа учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
-Фантастик продакшны дараагийн уран бүтээл гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ талаар олон нийтэд нэгдсэн журмаар мэдээлэл хүргэнэ.
-Таныг кононд тоглож байсан дүрүүдээс үзэгчид ямар киноны дүрээр нь нэрлэж дууддаг вэ. Жүжигчин бүрд үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр байдаг шүү дээ?
-Намайг сүүлийн үед “37-р точкагийн Лутаа явж байна” хэмээн дуудах болсон доо.
-Бүтээсэн дүрүүдээс тань хамгийн хайртай дүр ямар киноных вэ?
-Би ер нь олон дүрүүддээ дуртай л даа. Тэр дундаасаа онцолж хэлбэл Миний ах атаман МУСК-ны Цэгцийн дүр их гоё дүр шиг санагддаг.
-Таны бүтээж байсан дүрүүдээс хэцүүг нь нэрлээч гэвэл ямар дүрийг нэрлэх вэ?
-Би ер нь кинонд тоглох бүрдээ дахиж кинонд тоглохгүй хэмээн боддог /инээв/ Ер нь амархан зүйл гэж байдаггүй шүү дээ. Нэг кино хийхэд маш их цаг зарцуулдаг учир амаргүй байдаг. Тэр дундаас хамгийн хэцүү байсан дүр гэвэл Зүрхний хилэн МУСК-ны Фунь Жоугийн дүр юм. Учир нь Манж хэлээр ярьдаг. Өмнө тоглож байсан дүрүүдээс их онцгой учраас хэцүү байсан. Тэр дүрийн мөн чанар, хийх ёстой ажилбарууд, дээр нь гадаад хэл сураад жүжиглэнэ гэдэг үнэхээр хэцүү байсан даа.
-Ер нь өнөөг хүртэл дэлгэцийн хэчнээн уран бүтээлд тоглоод байна вэ?
-Яг тодорхой тоо бол алга. Барагцаалбал 20 гаруй уран бүтээлд туслах болон гол дүрд тоглосон байдаг.
-Та цаашдаа тайзны уран бүтээл, драмын жүжгүүдэд дүр бүтээх талаар боддог уу?
-Миний хувьд тайзан дээр гарах сонирхолтой байгаа. Харин манай Фантастик продакшны хувьд 2020 оны дөрөвдүгээр сард тайзан дээр жүжиг тавихаар бэлтгэлдээ орсон байлаа. Гэвч цар тахлын улмаас хойшлогдсон. Одоогоор өөр уран бүтээл эхлүүлсэн тул хэзээ тоглогдох нь тодорхойгүй байна.
-Урлагт татагдсан шалтгаанаа хуваалцахгүй юу?
-Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд тавдугаар ангидаа явснаар жүжигчин болох гараагаа эхэлсэн дээ. Тэр үед 37-р точка киноны жүжигчин Ж.Амарзаяа багш маань багшилдаг байлаа. Багаас маань 24-р сургуулийн монгол хэлний багш н.Олзвой намайг бэлтгэж, Уран жиргээ наадам гэх мэт шүлгийн тэмцээнүүдэд оруулдаг байсан. Дунд ангид байхдаа л УДЭТ-д гэрээт ажилчнаар хоёр жил ажилласан юм. Тэр үед анх жүжигчин гэх мэргэжлийг ойлгосон. Би ч дуртай болж, багаасаа жүжигчнээр хичээллэсээр өнөөдрийн өөрийгөө бий болгосон гэж хэлж болно. Мэргэжилдээ их хайртай даа
-Таны үлгэр жишээ авдаг уран бүтээлч хэн бэ?
-Багадаа Улаан дарвуулт хөлөг онгоц гэх хүүхдийн жүжиг үзэж байхад жүжигчид нь том том далбаатай дүрүүдэд хувирсан байсан. Жүжиг дуусах үед эгч маань намайг дагуулан арын өрөөнд оруулж, Ардын жүжигчин Л.Жамсранжав гуайтай болон уран бүтээлчидтэй нь хамт зураг даруулсан юм. Түүнээс хойш тус уран бүтээлчид зурагтаар гарах бүрд хамт авхуулсан зургаа хараад баярладаг байлаа. Тэр л үе миний дурсамжид тод үлдсэн дээ. Түүнээс л хойш зүрх сэтгэлд маань гал асаж, жүжигчин болох хүсэлд автсан. Одоо бол жүжигчин С.Болд-Эрдэнэ ахыг үнэхээр биширч шүтэж явдаг.
-Анхны дүрийнхээ талаар дурсахгүй юу. Ямар дүрд тоглож байв?
-Долоодугаар ангиа төгссөн зун Нэг ангийнхан МУСК-нд дүр авч байлаа. Харин их сургуулиа төгсөөд авсан голлох дүр бол Миний ах атаман МУСК-ны Цэгцийн дүр. Түүнээс өмнө туслах дүрүүдэд тоглож байсан. Анхны гол дүрийн кино болоод ч тэр үү, Цэгцийн дүрдээ их хайртай байдаг юм.
-Жүжигчнээс гадна маш хариуцлагатай, сайн аав гэдгээр тань цахим орчинд олон нийт мэддэг. Гэр бүлийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Би эхнэр, хоёр хүү, охины хамт ам бүл тавуулаа амьдардаг. Гэр бүлдээ зарцуулах цаг хомс байдаг учир чөлөөт цагаа хүүхдүүдтэйгээ хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг.
-Хөвгүүдтэй аавын хувьд хүмүүжил, зан харилцаа тал дээр нь оролцох зайлшгүй шаардлагатай байх?
-Би хувьдаа хүүхдүүдээ зөөлөн, өрөвч сэтгэлтэй, хүнийг хайрладаг, хүндэлдэг, буруу зөвийг ялгаж сурсан хүмүүс болоосой хэмээн хүсдэг. Тийм учраас хүүхдүүддээ хатуу үедээ хатуу, зөөлөн үед зөөлөн байдаг юм. Буруу зүйлд маш хариуцлагатай хатуу, зөв зүйлд урамшуулаад явдаг.
-Хүүхдүүд тань тантай ижил мэргэжил сонгож, жүжигчин болно гэвэл хэрхэн хүлээж авах вэ. Ийм тохиолдолд зарим эцэг эхчүүд эсэргүүцэж, зарим нь дэмждэг шүү дээ?
-Одоогоор жүжигчин болно хэмээн яриагүй л байна. Өөрсдийнхөө зүрх сэтгэлээр болох зүйл байх.
-Шилдэг жүжигчний шагналыг таны гарт атгуулсан Буруу өрөг кино хүчирхийлэл, түүнийг таслан зогсоох, түүнтэй тэмцэх аргыг эрэлхийлсэн, асуудал дэвшүүлсэн утга агуулгатай кино. Яг үүн шиг өнөөгийн нийгмийн хамгийн шүүмжилмээр, асуудал дэвшүүлэхээр ямар сэдэв байна гэж та харж байна вэ?
-Хүүхэд, эмэгтэйчүүдийн гэлтгүй бүх төрлийн хүчирхийллийг хэзээ ч битгий хүлээн зөвшөөрөөсэй хэмээн ярилцлагыг уншиж буй хүмүүст уриалмаар байна. Үүнээс гадна усны асуудалд хамгийн ихээр анхаарах хэрэгтэй. Монгол Улс ундны усны нөөцөөрөө дэлхийд доогуур жагсдаг. Тиймээс цэвэр усны нөөц, хэрэглээндээ хязгаарлалт тогтоогоосой гэж хүмүүсээс хүсдэг. Өдөр тутамд шүдээ угаахдаа нэг аяганд ус хийж угааж байгаарай. Шүршүүрт 10-15 минут орж байгаарай хэмээн зөвлөмөөр байна.
Б.НАРАНГОО
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
10-15 minute mash urt hugacaa hooe.4-5 minute hangalttai
Bolderdene ii hemjeend bol ochihgui shd.erhembayr sain jujigchin
Bolderdene ii hemjeend bol ochihgui shd.erhembayr sain jujigchin
Муухай хүн муухай дүрд тоглох л байх л даа.Яг хужаа
Un galtar tojig ve bas