Баянгол дүүргийн гуравдугаар хороонд буюу Нарны хорооллын ойролцоох "Уран ган" худалдааны төвийн хажууд баригдаж байсан "Оршил констракшн"-ы барилгын кран өчигдөр (2022.03.30) үүрийн 02:00-04:00 цагийн үед унажээ.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тайлбар хийлээ.
Тухайн барилгын кран нь хийц, эд ангийн гэмтлээс болж унасан бөгөөд энэ үед замын хөдөлгөөн бага байсан учир хүн гэмтээгүй байна.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваа "Баянгол дүүргийн гуравдугаар хороонд "Оршил констракшн"-ын барьж байсан барилгын ажлын кран унасан байна. Суурийн хөл нь шаардлага хангаагүй, бүрэн бус техник байсан учир унасан гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Тухайн ослыг бид нарийвчлан шалгаж байна.
Кран угсарч, ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг сайн хангуулж байх хэрэгтэй. Үзлэг шалгалт хийж байх ёстой. Цамхагт кран босгож байгаа бол суурийн хийц нь шаардлага хангаж байгаа эсэх, бэхэлгээ гагнуур салсан эсэх гэх мэт бүх эд ангийг нарийвчлан шалгасны дараа краны угсралтын ажлыг эхлэх ёстой.
Тухайн осол хөдөлгөөний нягтрал бага үед буюу үүрээр гарсан учраас хүн гэмтээгүй. Гэхдээ энэ бол аюулын дохио. Тиймээс ард иргэд болон барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд аюулгүй байдлаа нэн түрүүнд анхаарах хэрэгтэй байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )