Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Гэхдээ манайд бол эсрэгээрээ гэхэд болно. Өөрөөр хэлбэл, хууль энгийн нэгэнд үйлчилж, эрх мэдэлтнүүдэд бараг л үйлчилдэггүй гэвэл нэг их хол зөрөхгүй л байх.
Тэгвэл авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ёстой АТГ эрх мэдлийн өмнө "сөхөрч", хаалгаа түгжээд удлаа.
Хамгийн ойрын жишээ л гэхэд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон нэг ч УИХ-ын гишүүн, эрх мэдэлтнээс тайлбар, мэдүүлэг аваагүй байна.
Энэ тухайгаа АТГ-ын дарга З.Дашдаваа "Одоогоор УИХ-ын нэг ч гишүүнийг дуудаж, байцаагаагүй байна" гэх тайлбарыг өнгөрсөн мягмар /2022.03.29/ гарагт Төрийн ордонд болсон УИХ-аас Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголын үеэр хэлсэн байдаг.
Харин эсрэгээрээ иргэн, аж ахуйн нэгж болон Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудаас л тайлбар, мэдүүлэг авч, заримыг нь цагдан хориод байна.
Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага дээр хэрэг бүртгэлийн 29 хэрэг хянагдаж байгаа бол мөрдөн байцаалтын шатанд 12 хэрэг байгаа гэх мэдээллийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өгч байна. Гэхдээ дээрх шалгагдаж байгаа хэрэг дээр УИХ-ын нэг ч гишүүн, эрх мэдэлтэн байхгүй.
Гэтэл УИХ-аас байгуулсан Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр нэр холбогдсон, зээл авсан гэх 20 улстөрчийн нэрийг зарласан. "Шүдгүй арслан" гэж өөрсдийгөө тодорхойлсон тэд хүртэл нэр холбогдсон улстөрчдийн нэрсийг зарлалаа, бүр АТГ-т шалгуулах хүсэлт хүртэл хүргүүлэхээр боллоо.
Гэтэл жинхэнэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй, тэднийг дуудаж, байцаалт мэдүүлэг авах ёстой АТГ-ынхан "шүдгүй арслан"-аас илүү ажиллах чадамжгүй байна гэхэд эргэлзээтэй. Эндээс харахад АТГ гэх байгууллага эрх мэдлийн өмнө "сөхөрсөн", эрх мэдэлтнүүдэд хаалгаа нээдэггүй байж таарахгүй. ХААЛГАА НЭЭ, хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ сайт АТГ-ын талаар бичсэн зүйлийг арилгаад бна. Яаж гэж ссанал сэтгэгдэл авдаг бнаа? Том дарга нэртэй юм хийдэггүй юмнаас айсан уу?
АТГ татан буугдвал зохилтой. Юу ч хийж чаддаггүй, дээр нь бидний татварын мөнгөн дээр тарвалзаж бдаг амьтан байх нь. Хий дэмий цалин хөлс авч байхаар ажил хийж чаддагт нь өгөх хэрэгтэй.Суудлын бөглөөс болж суугаад яана? Аягүй бол өөрөө ч тэдэнтэй сүлбээтэй байж магадгүй.
АТГ авилгачидтай тэмцэх байтал өмнөх дарга Энхжаргал С.Баярыг шоронгоос өрөөндөө авчирч хоол идэж архи ууж байсан. Ийм хуулийн байгууллагыг ард түмний татвараар цалинжуулахаа болих хэрэгтэй. Тэр С.Баяр, Элбэгдорж, Бат-ҮҮл нар нь цалинжуулаад аваад явна биз.