Ш.Мөнхбаяр: Хосуудын асуудлыг зөв тийш нь залах жимийг “Хайр” УСК-оор харуулахыг зорьсон

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

Жүжигчин, Найруулагч Ш.Мөнхбаяр/СТА/, Сэтгэл зүйч Г.Наранбаатар, Жүжигчин, Найруулагч Д.Түвшинбаяр/СТА/ нарын хамтран бүтээсэн “Хайр” УСК IPTV-ээр гарч эхэлсэн. Уг киноны талаар Жүжигчин, Найруулагч Ш.Мөнхбаяртай ярилцлаа.


“Хайр” УСК хэрхэн бүтсэн бэ?

-“Хайр” УСК маань бодит амьдралаас сэдэвлэсэн сэтгэлзүйн драм төрлийн кино юм. Нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа гэр бүлийн асуудлыг хөндөж харуулсан байгаа. Гэр бүл салалт нь  амиа хорлолт, хүүхдүүдийн өнчрөл  гэх мэт асуудал дагуулж байгаа тул тэрхүү асуудлуудаас урьдчилан сэргийлж,  хэрхэн зөв замаар шийдэж болох талаар харуулахыг зорьсон. Монголчууд сэтгэлзүйн салбар, сэтгэлзүйчийн талаар дутмаг мэдлэгтэй байдаг юм байна. Иймд гэр бүлийн сэтгэлзүйч Г.Наранбаатар, Жүжигчин, Найруулагч Д.Түвшинбаяр нартай хамтран бодит амьдралаас сэдэвлэсэн кино хийхээр шийдэж “Хайр” УСК маань бүтсэн юм.

“Хайр” УСК-д миний бие Ерөнхий найруулагчаар ажиллаж, гол дүрд Д.Түвшинбаяр/МУСТА/, жүжигчин А.Баярцэцэг, сэтгэлзүйч Г.Наранбаатар, жүжигчин Д.Бямбацогт/МУСТА/, Гавьяат жүжигчин Оюундарь, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, комедиан У.Содхүү болон миний хүү М.Тод  нар тоглосон.   

-Кино зохиолыг бичихдээ гэр бүлийн асуудлаар судалгаа хийсэн байх. Гэр бүл салалт аль насныханд илүү тохиолдож байна вэ?

-Ер нь 35-аас дээш насныханд гэр бүл салалт их тохиолддог. Дахиад 45-50 насныханд асуудал их байдаг. Асуудал яагаад их байна вэ гэхээр хосуудын үл ойлголцол, бие биенээ хүндлэх хүндлэл, хорт зуршил, гадны нөлөө гэх зэрэг зүйлээс хамааран зөв шийдлийг сонгож чаддаггүй тухайн сэтгэл зүйгээрээ буруу шийдвэр гаргаснаар буруу үр дагавар гаргадаг. Үүнийг зөв тийш нь залах жимийг “Хайр” УСК-оор харуулахыг зорьсон.

Хосууд асуудлыг бага дээр нь алдааг өөрөөсөө олж  хайж чадахгүйгээр аав ээж, найз нөхөддөө хэлж ихэнхдээ буруу зөвөлгөө авч хэт нэг талыг баримтладаг. Бага багаар хорсол тээж явсаар эцэст нь гэр бүлийн харилцаа сэвтдэг. Бид биеэ өвдөхөөр эмч дээр очдог үүний адил сэтгэл гэмтэхээр сэтгэлзүйч дээр очиж эмчилгээ авах хэрэгтэй.

-Кино олны хүртээл болоод сар орчим болж байна. Үзэгчдээс ямар сэтгэгдлүүд ирж байна вэ?

-Ихэвчлэн эрчүүд жүжигчин Д.Түвшинбаярт, эмэгтэйчүүд жүжигчин А.Баярцэцэгт баяр хүргэсэн байсан. Харин сэтгэлзүйч Г.Наранбаатарт маань үнэтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа гэсэн сэтгэгдэл их ирсэн.  Киноноос маань их зүйлийг ойлгож авахаар, маш энгийн бөгөөд агуулга сайтай болсон байна, баярлалаа гэх мэт сэтгэгдлүүд ирсэн. Бодит амьдралаас гэхээр бид хоёрын амьдралаас хийчихсэн юм уу гэж байгаа хүмүүс ч байсан.

-Сэтгэлзүйчид хандаж байгаа хосууд гол төлөв ямар асуудлаар хандаж байна вэ? Мэдээж нийтлэг асуудлыг кинондоо багтаасан байх тийм үү?

-Хосууд нийтлэг таван асуудлаар сэтгэлзүйчид ханддаг. Тэр нь зохицол, хүсэл, донтолт гэх мэт таван асуудлуудыг хөндсөн. Кино зохиолыг Г.Наранбаатар, Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн бид дөрөв хамтраад бичсэн. Дөрвөн хүн зохиол дээр суусан болохоор илүү чанартай, нягт болдог юм байна. Гүйцэтгэх ажлыг “social room”-ийн залуус хариуцан ажиллаж гүйцэтгэсэн.

-Кино хэдий хугацаанд бүтсэн бэ? Их хурдан бүтсэн гэж хүмүүс дүгнээд байсан?

-Манай киног их хурдан бүтсэн гэж хүмүүс хараад байгаа. Яг үнэндээ жил хагасын өмнө зохиол дээрээ суугаад, киноны зураг авалт сар гаруй үргэлжилсэн юм. Оны өмнө хөл хориотой байсан учраас IPTV-д зориулж бүтээсэн.

Дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн орон нутаг болон гадны орнуудаар оршин суугаа монголчуудддаа үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Орон нутагуудаар  зүгээр ч нэг киногоо гаргаад зогсохгүй, сэтгэлзүйч Г.Наранбаатар, найруулагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн бид хамтраад гэр бүлийн харилцааны тухай зөвлөгөө, арга хэмжээг зохион байгуулж явахаар төлөвлөөд байгаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 03

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

0  |  0
Top