Владимир Путин дэлхий дахинд төдийлөн танигдаагүй Борис Ельцинийг залгамжилж, 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болоход Кремлийн ордонд олон зүйл бүрхэг байлаа. КГБ-ын ажилтан асан Путин Ерөнхий сайдаар ердөө нэг жил ажилласан бөгөөд олон улсад төдийлөн танигдаагүй байв. Түүнчлэн асар их үймээн самуунтай улсыг өвлөн авав. Тухайн үед ОХУ зах зээлийн капитализм руу эмх замбараагүй шилжилт хийгээд байсан бөгөөд Ельциний хэрэгжүүлсэн эдийн засгийн "Шок эмчилгээ" /shock therapy/ нь ОХУ-ын эдийн засгийг дефолтод хүргэж, үндэсний мөнгөн тэмдэгт рублийн ханшийг огцом уналтад хүргэсэн. Харин Путин эрчим хүчний салбар дахь зургийг дахин зурсан бөгөөд эрчим хүчний үнийн огцом өсөлт нь Оросын төрд ихээхэн ашиг авчирсан.
1999-2008 онд тус улсын нэг хүнд ногдох ДНБ 1330 ам.доллароос 11635 ам.доллар болтлоо огцом өссөн байдаг. Харин барууны орнууд Украиныг эзлэн түрэмгийлсэнтэй холбогдуулан ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам өргөжүүлж, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, онгоцны эд ангиудаас эхлээд хагас дамжуулагч хүртэл импортоор авахыг нь хүртэл хориглоод буй нь тус улсыг дахин хүндхэн байдалд оруулаад байна. “Apple”, “Netflix”, “Ikea”, H&M, тэр бүү хэл ЗХУ-д анх удаа сүлжээгээ нээсэн Америкийн түргэн хоолны газар болох Макдоналдс хүртэл хөрөнгө оруулагчдын хүчтэй шахалтын улмаас тус улсаас дүрвээд байгаа билээ. Украины дайн үргэлжилж, хотууд бүслэлтэд орсоор амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. Нөхцөл байдал дордвол илүү хатуу шийтгэл авахаа мэдэгдэж буй барууны орнуудаас ирж буй сэрэмжлүүлэг Кремлийн санааг огтхон ч зовоохгүй байгаа бололтой. "Ямар ч нөхцөлд нэмэлт хориг арга хэмжээ авах нь тодорхой" хэмээн Путин Засгийн газрынхаа хуралдааны үеэр хэлсэн нь маш хүнд нөхцөл байдалд бэлэн байсан гэдгийг илэрхийлж буй мэт байгаа юм. Кремлийн тэргүүн мөн "Зарим асуултын хариулт тодорхойгүй, асуудал, бэрхшээл олон байгаа ч өнгөрсөн хугацаанд бид тулгарсан бэрхшээл бүрээ даван туулсан, одоо ч даван туулах болно" хэмээсэн. Түүний энэ мэдэгдлийн талаар Лейдений их сургуулийн дэлхийн улс төр судлалын профессор Андре Герриц “Ерөнхийлөгчийн шийдэмгий байдал нь барууны холбоотнуудаас ирэх ямар ч дарамт, шахалтыг тэвчихэд бэлэн байгааг харуулж байна. Оросууд гадны дарамт шахалтыг эсэргүүцсээр ирсэн олон жилийн түүхтэй. Оросуудын “Хүчтэй төр" гэсэн итгэл үнэмшил нь Путиний засаглалыг бэхжүүлж, уртасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээжээ. Тэрбээр мөн
"Олон улсын тавцанд бие даасан, бүрэн эрхт үйл ажиллагаа явуулах хүчирхэг удирдагч буюу Ерөнхийлөгчтэй, улс төрийн хүчирхэг систем, элитүүдтэй байж л Орос улс хүчирхэг болно гэж Путин үзэж байна. Төрийн авторитаризм болон түүний орон зай хоёрын хооронд шууд холбоо бий. Нөгөө талаас Оросын удирдагч дэлхийн бусад орон ОХУ л байхгүй бол гарцгүй үлдэнэ гэж үздэг бөгөөд энэ нь барууныхныг дутуу үнэлэхэд нөлөөлдөг” гэжээ. Түүнчлэн Финландын Олон улсын харилцааны хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Мария Шагина "Орос хориг арга хэмжээнд өртөж байгаа энэ үед Хятад улс санхүүгийн тусламж үзүүлэх бүрэн боломжтой. Гэхдээ Бээжин туслах уу гэдэг асуудал байна. "Европын холбооны дараа орохуйц ОХУ-ын худалдааны хамгийн том түнш нь Хятад. Гэхдээ Бээжин Украины тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлж, гал зогсоохыг санал болгосоор буй. Хятадын хувьд тодорхой байр суурь илэрхийлэхгүй байгаа нь олон шалтгаантай. Тэд аль аль талаас нь ашиг олохыг хүсэж байна. Эцсийн дүндээ Хятад улс тогтвортой байдлыг хүсэж байгаа бөгөөд Оростой хамт түгжигдэхийг хүсэхгүй” гэжээ. Петерсоны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах ажилтан Жеффри Ж.Шотт Путиний дэглэмийг дэмжигч хүчирхэг, нууцлаг тэрбумтнууд болох олигархиудын бослого л Ерөнхийлөгчийг бодлоо өөрчлөхөд хүргэнэ гэсэн байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Оросууд баруунд бууж өгч, нэр хүндээ барах гэж үгүй биз .Цаашид энэ байдал үргэлжилбэл,барууныхан бодлогоо өөрчлөхгүй бол, цөмийн цохилт ямар нэг хэмжээгээр үзэж мэдэрч байж л асуудал шийдэгдэх баах.Энэ дайныг баруун өдөөсөн. Дэлхийд хүчирхэг нөлөө нь хэвээр барууны орон рүү оросууд дайрах гэж юу байх вэ дээ. Гэтэл манай хэвлэлүүд баруун шигээ үнэнийг гуйвуулж Оросууд дайрч байгаа мэтээр солиорч, иргэдийг басамжилдаг
Путины 20 тэрбум $-г хаана нуугдсныг хэлсэн хүнд 25%-г нь шууд бэлэн тоолоод өгчихнө шүү! 5тэрбум$!!!
Бидний нүдээр харахад Орос, Украины дайн юм шиг харагддаг боловч Орос, АНУ НАТО гын эвслийн орнуудын дайн болж байна даа\n
Hurdan duusga ylaltin bayraa temdegle.
Орос эхэлсэн бол дуусгана . Путиний улс төрийн ухаан ,нэг хошин шогийн жүжигчин бандиас яач ч бодсон илүү . Ганцхан ядарсан янз өвгөн туслана гээд хошигруулсан . Зеленский сүнс нь зайлцан байна даа