Зорчих эрхээ хязгаарлуулсан 1200 хүн ял эдэлж байна

2022 оны 04 сарын 05

Үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн, хохирлынх нь хэмжээ бага бол автомат гав зүүлгэж хянана, зорчих эрхийг нь хязгаарлана гэж Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярьж байсныг уншигч та бүхэн санаж буй биз ээ. Энэ тухай цахим орчинд ч нэлээд хэлэлцүүлэг өрнөж, зорчих эрхийг хязгаарлана гэхээр санаанд нь буухгүй байгаа тухай сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс ч олон байв. Тэгвэл бид бүхэн энэ удаагийн “Өдрийн сурвалжилга”-аа Монгол Улсад шинэ тутам хэрэгжиж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялын талаар бэлтгэн хүргэж байна. Энэ удаад энэхүү ялын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс гадна ялаа эдлээд дууссан хүмүүсийн сэтгэгдлийг хүргэх болно. 


Манай улсын хувьд “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигтээ хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тогтолцоог хөгжүүлэх тухай тусгасан аж. Үүний хүрээнд 2015 онд “Эрүүгийн хууль”, 2017 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” тус, тус шинэчлэн батлагдаж, ноднин жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хангаж эхэлсэн байна. Ингэснээр Монгол Улсын эрүүгийн ял, шийтгэлийн бодлогод эрс шинэчлэлийг бий болгосон гэж албаныхан онцолж байсан.

Энэхүү ял хэрэгжиж эхэлснээс хойш 1600 орчим хүнд хяналт тавин ажиллаж, 402 хүний ялыг бүрэн эдлүүлжээ. Хяналтад байгаа ялтнуудын 52 хувь нь нийслэлд, 48 хувь нь орон нутагт байгаа бол өнөөдрийн байдлаар эрэгтэй 1135, эмэгтэй 63, өсвөр насны хүүхэд гурав байна. Зорчих эрхийг хязгаарлах ялаар тухайн хэрэгтнийг шийтгэхдээ өөрийнх нь амьдран суугаа газраасаа явах, шүүхээс зааж өгсөн тодорхой газарт очих зэргийг хориглодог гэнэ.

Ингэхдээ тухайн хүний гар юм уу, хөлд бугуйн цаг шиг хэмжээтэй автомат төхөөрөмжийг зүүж өгнө. Заасан бүс нутгийн хилийн зурваст ойртох, цэнэг нь дуусах дөхөх зэрэгт анхааруулга өгдөг байна. Ингэсэн тохиолдолд ШШГЕГ-ын харьяа Цахим хяналт, удирдлагын төвөөс тухайн хүн рүү утсаар залган мэдэгдэж, анхааруулна. Мөн цахим бугуйвч нь харахад бугуйн цаг шиг боловч ус, доргилтын хамгаалалттай, тусгай код түлхүүрээр онгойдог учраас ямар нэгэн байдлаар эвдэх боломжгүй.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг 1-5 жилийн хугацаагаар өгөх бөгөөд зарим тохиолдолд тухайн хүний амьдарч байгаа нөхцөл, ажлын онцлог, гэр бүлийн байдал зэргийг нь харгалзан уян хатан байдлаар шийдвэрлэдэг байна. Жишээлбэл, тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд борлуулалты, хүргэлтийн ажил хийдэг бол заавал дүүргээсээ гарахгүй гэж хатуурхахгүй бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хориглох байдлаар шийддэг аж.

Мөн Чингэлтэй дүүрэгт амьдардаг боловч өөр дүүрэгт хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэхээр өөр аргагүй бол тухайн бүс нутгийг нь тодорхой зааж өгдөг гэнэ. Гэсэн хэдий ч энэ бүхэнд тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хүнд хөнгөн, бусдад учруулсан хохирлын хэмжээ, ял эдэлж байгаа хүний зан араншин, ёс суртахуун гээд олон зүйлийг харгалзан үзнэ. Дээрээс нь хүний амь насыг санаатай болон санамсаргүйгээр бүрэлгэсэн, хүндрүүлэх нөхцөл байдлаар дээрэм хийсэн, хүчингийн хэрэгт энэ ялыг огт өгөхгүй байхаар хуульчилж өгчээ.

Ноднин жилийн долоодугаар сард УИХ-аас Өршөөл үзүүлэх тухай хууль баталсан. Энэ хуулиар нэлээд олон хүний эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ. Гурван жилийн ял үлдсэн бол гурван жил зорчих эрхийг нь хязгаарласан гэсэн үг. Харамсалтай эдгээр хүмүүсээс зөвхөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд л гэхэд өнгөрсөн жилийн эцэс гэхэд 12 хүн буцаад хорих ялаар солиулжээ. Нэг ёсондоо дээрх 12 хүн хязгаарлалтын бүсээс гарсан зэрэг зөрчлийг үйлдсэн байна.

Ер нь шүүхээс тогтоож өгсөн хязгаарлалтын бүсээс 24 цагаас дээш хугацаагаар гарсан тохиолдолд ямар ч өчиггүйгээр хорих ялаар сольдог хуулийн заалттай аж. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш Чингэлтэй дүүрэгт нийтдээ 200 орчим хүн энэ ялыг эдэлж байсан бол өнөөдрийн байдлаар 90 гаруй хүн байгаа гэнэ. Мөн л энэ оны нэгдүгээр улирлын байдлаар тус дүүргээс 10 гаруй хүн зөрчил гаргаж шоронд очсон гэдгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор А.Оюунгэрэл хэлж байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа тухайн хүн ажлын байраа солих, амьдардаг газраа өөрчлөхөөр болсон тохиолдолд урьдчилан мэдэгдсэнээр шүүхийн шийдвэрээр энэ бүхнийг нь зохицуулдаг байна. Хамгийн гол нь тэдгээр шалтгаанууд нь албан ёсны баримтаар нотлогдож байх ёстой аж. Шинээр орж байгаа ажил, харьяа хорооноос нь албан бичиг ирсэн тохиолдолд л шүүх түүнийг нь харгалзан үзнэ.

Шинэ төрлийн энэ ялыг хэрэгжүүлж эхэлснээр хорих ял эдлүүлэх зардал багасахаас гадна тухай хүн, ар гэрт нь ээлтэй гэдгийг албаныхан хэлж байсан. Хэдийгээр тодорхой эрхээ хязгаарлуулсан ч гэсэн нийгэмтэйгээ хөл нийлүүлэн ажиллаж хөдөлмөрлөн, сурч боловсрох боломжийг олгож байгаа юм. Шууд л гэмт хэрэг үйлдсэн л бол өргөст торны цаана хорих нь сэтгэл зүйн асар их гэмтлийг бий болгож, буцаад давтан гэмт хэрэг үйлдэх нэгэн том шалтгаан болдогийг ч үгүйсгэх аргагүй. Зорчих эрх хязгаарлах ял буюу цахим хяналтын тогтолцоо нь анх 1983 онд АНУ-д нэвтэрч байсан бөгөөд эхний ээлжинд зөвхөн гэрийн хорио хэлбэрээр хэрэгжиж байжээ. Гэвч олон талын ашиг тустай учраас өнөөдрийн байдлаар нийт 30 шахам улс энэхүү ял, хяналтын системийг нэвтрүүлээд байгаа юм байна. Манай улсын хувьд ч энэ төрлийн ял эдлэх хүний тоо цаашид өсөх хандлагатай байгаа учраас цахим хяналтын төвийг өргөтгөж, хоёр болгохыг харьяа яамнаас ШШГЕГ-т өгчээ.

Ял эдэлж буй хүнээс ярилцлага авахын тулд зохих ёсны газраас албан бичигээр зөвшөөрөл хүсэхээс гадна тухайн хүн нь зөвөөрсөн тохиолдолд л болох юм байна. Энэ нь хүний эрхийг дээдэлж байгаа нэгэн хэлбэр юм. Харин бид бүхэн энэ удаад оногдсон ялаа эдлээд дууссан зарим нэг хүнтэй холбогдож, тодруулга өгөхийг хүссэн юм. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ч гэсэн өдөр тутам нийгмийн харилцаанд орж, ажиллаж, сурч яваа учраас маш эмзэг байдаг бололтой. Тиймээс нэрийг нь нууцлахаас гадна, ажил, сургуулийнх нь талаар огт ярилцахгүй байхаар тохиролцсон юм.

Иргэн А /нэрний эхний үсгийг нь өөрчлөв/ огт санамсаргүй байдлаар хэрэгт холбогдсон учраас бага хугацааны ял авчээ. Гэсэн хэдий ч ялаа эдэлж байхдаа ажил, амьдралаа алдаагүй бөгөөд саяхан нярайлсан байна. Эмэгтэй хүн, дээрээс нь шинэ тутам хэрэгжиж байгаа ялаар шийтгүүлсэн учраас ажлын хамт олон, найз нөхөд нь мэдчих вий гэсэн маш их айдас, эмзэглэл байснаа хэлж байлаа.

Харин иргэн Б /нэрний эхний үсгийг нь өөрчлөв/ биечлэн уулзахыг зөвшөөрсөн юм. Болзсон цагаасаа хэдэн минутын өмнө очсон би хотын төвийн байрны гадаах цэцэрлэгт хүрээлэнгээр явж өнгөрөх эрэгтэй хүн бүрийг сонжин харсаар суулаа. Гэтэл яг цагтаа хар саравчтай малгай дарж өмссөн нас ойролцоо залуу инээмсэглэн хүрч ирэв.  Ямар хэргээр ийм төрлийн ялаар шийтгүүлснийг нь асуухгүй байхаар тохиролцсон учраас өөрт нь төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийг түлхүү яриулмаар байсан юм. Тамхи асааж уртаар сорж, утааг нь үлээснээ тэрбээр “Эрх чөлөөтэй юм шиг хэрнээ эрх чөлөөгүй байх чинь үнэхээр хэцүү юм билээ” гэсэн. Ердөө бугуйн цаг шиг хөнгөн, жижигхэн боловч түүнийг зүүсэн гар нь үргэлжийн хөндүүр байсан гэнэ. Яг л нэг ширхэг шүдэнзний модыг хүн удаан хугацаанд өргөж чаддаггүй шиг байж. Үргэлжийн ямар нэгэн зүйлд сэтгэл нь түгшиж иржээ. Эргэн тойрны хүмүүстээ ял эдэлж буйгаа мэдэгдэхгүйг хичээх тусам мэдчихсэн юм шиг санагдах нь гачлантай. Гэсэн хэдий боловч дөрвөн хана, өргөст торны цаана суулгүй, хагас ч гэсэн эрх чөлөөтэй байсандаа талархдаг аж.

Түүнтэй уулзаад салсны дараа нэг хэсэгтээ түүний санаа алдалт сонсогдох шиг санагдаж, ял эдэлсэн үеэ бодоход нь нүдэнд нь тодорч байсан гуниг харагдах шиг болж байсан. Хэдийгээр гэрэлт нарны дор алхаж, амьдралын баяр, гунигийн дундуур чөлөөтэй туучиж яваа юм шиг боловч хүнд эрх чөлөө гэдэг юунаас ч илүү үнэ цэнтэй байдаг ажээ. Үйлдсэн хэрэгтээ тохирсон, шүүхээс оноосон ялаа эдэлж байгаа ч “эрх чөлөөтэй” яваа ийм л хүмүүс мэдсэн ч мэдээгүй юм шиг, ялгаварлан гадуурхаж, нүд үзүүрлэхгүй байх нь иргэн бүрийн ухамсарт үүрэг ч байж мэдэх юм. Буцаад хорих ялаар солиулсан олон хүний хэд нь бусдын ялгаварлалаас болж зөрчил гарган өргөст торны цаана үргэжлүүлэн сууж байгааг мэдэх аргагүй билээ.

Т.ДАРХАН

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top