Турк Улсын ардын хөгжмийн мастерууд Монголын үзэгчдэд зориулсан шилдэг хөтөлбөрөө толилуулах гэж байна.
Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд 19:00 цагаас "Улаанбаатар театр"-ын тайзнаа тоглогдох тус тоглолтоор та бүхэн "Кара Топрак", "Чакал Чокертен Зейбеги" зэрэг Турк улсын бүс нутгуудын ардын уламжлалт өвөрмөц, таатай хөг аялгууг сонсох боломжтой юм.
Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн “Турк ардын хөгжмийн мастерууд Улаанбаатарт” тоглолтонд Анатолийн бүс нутгийн Турк үндэсний хэв маягийн “Морин хуур” гэж нэрлэж болох “Саз” чавхдаст хөгжмийн зэмсэгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, Монголын ард түмэнд толилуулах болно.
Тус уран бүтээлчид нь Турк ардын хөгжмийг дэлхий дахинд таниулах зорилгоор олон төрлийн хөгжмийн зэмсгүүдээр гайхалтай аялгууг тоглодог. Турк Улсын бүс нутгуудад түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн аялгуу бүхий үндэстний хөгжим нь бүтцийн хувьд ардын аман зохиолын нэг хэлбэр билээ.
Уран бүтээлчид:
- Турк ардын саз хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, академич – Салих Гүндогду,
- Турк ардын саз хөгжимчин, академич – Эрэн Жан Йылдыз
- Турк ардын саз хөгжимчин – Мүжахит Кол
- Турк ардын үлээвэр хөгжимчин – Бура Кутбай
Сонирхуулахад, Туркийн Айдын аймгийн "Чакал Чөкертен Зейбеги" бүжгийн хөгжмийг сонссон цөөвөр чоно хүмүүс рүү дайрдаггүй, өвдөг сөхөрдөг гэх домог байдаг.
Сэтгэгдэл ( 0 )