Сэлэнгэ: Ялбаг голын хөндийн эвдрэлийн нөхөн сэргээлтийг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

БОАЖЯ-наас “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны мэргэжилтнүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг голын хөндийд уул уурхайн болон бичил уурхай, хууль бус алт олборлолтын улмаас эвдрэлд орсон 334.7 га газрыг нөхөн сэргээх хүсэлт тавиад байсан.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалтыг авсан “Оюу толгой” ХХК-ийн уурхайчид тус талбайд нөхөн сэргээлт хийхээр болсон юм.

Тэгвэл (2022.04.01) “Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, мод тарих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол” Ялбаг голын хөндийд боллоо. Тус гурвалсан “Хамтран ажиллах гэрээ”-нд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жак ван Тондер нар гарын үсгээ зурлаа. Ингэснээр тус газрыг нөхөн сэргээх амлалт албажиж, ажил нь эхлэхээр болж байгаа юм.

“Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд нээлттэй тендер зарлан нөхөн сэргээлт хийх компанийг шалгаруулах, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцох нөхцөлөөр хангах боломжтой тухай дурдаж байлаа.

 

 

Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн компаниуд мод тарих амлалт өгсөн. “Оюу толгой” компанийн хувьд амлалтынхаа хүрээнд Ялбаг голын хөндийн хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 334.7 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээ илэрхийлж, өнөөдөр гэрээнд гарын үсгээ зурж байгаад талархлаа илэрхийлье.

Тус компани нөхөн сэргээлт, модны үр түүх ажилд нутгийн иргэдийг татан оролцуулахаар төлөвлөжээ. Мөн хоёр жилийн хугацаанд нөхөн сэргээлтээ хийсэн байхаар зорьж байгааг нь дуулгахад таатай байна. Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг “Оюу толгой” компани сонгон шалгаруулна. Энд дахин нөхөн сэргээлт хийх нэрийдлээр газар ухуулахгүй.

 

 

Энэ тал дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар анхаарч ажиллах шаардлагатай. Түүнчлэн алтыг нь аваад газрыг нь нөхөн сэргээгээгүй компаниудад хариуцлага тооцох, нөхөн төлбөрийг гаргуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ажиллана. Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажаас хэд дахин хүчтэй явагдаж байгаагаас хамаарч гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая.га талбай цөлжилт, газрын доройтолд өртөөд байна. Цөлжилт, газрын доройтлын 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Цөлжилт, газрын доройтолд хүргэж байгаа үндсэн шалтгааны нэг нь хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд оруулж нөхөн сэргээлт хийхгүй байгаа зөрчил дутагдал юм.

БОАЖЯ-аас 2017-2018, 2020 онд улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллогыг зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээний үр дүнд улсын хэмжээнд нийт 30.7 мянган га талбай эвдрэлд орсон, түүнээс уул уурхайн ашиглалтын улмаас 28,940 га газар эвдэгдсэн ба үүнээс нөхөн сэргээх шаардлагатай орхигдсон талбайн хэмжээ 8,000 га байгааг тогтоосон.

 

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас бохирдсон, доройтсон, эвдэрсэн газар, газрын хэвлийг хоргүйжүүлэх, нөхөн сэргээх, хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж, хариуцлагатай үйл ажиллагааг хэвшүүлнэ. Мөн ойжуулах, ойг нөхөн сэргээх, хамгаалах замаар 2030 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн 9 хувьд, 2050 онд 10.5 хувьд хүргэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, нэн хүчтэй, хүчтэй доройтолд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй хязгаарлах улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдолоос сэргийлэх, газрын доройтол, цөлжилтийг сааруулах хамрах хүрээг тэлэхэд онцгой анхаарч ажиллахаар тусгагдсан.

Түүнчлэн УИХ-ын “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 6.2.4-т “Хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газрыг 22.9 хувиас нэмэгдүүлэхгүй тогтоон барьж, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 8000 га талбайд нөхөн сэргээлт хийнэ”. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тавдугаар хэсгийн 5.1.8-д “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтууд тус тус төрийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож “Улс орон бүр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалахын зэрэгцээ 2030 он гэхэд монголчууд тэрбумаар тоологдох хэмжээний мод ургуулах” амлалтыг тунхаглан зарласан.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү амлалтаа ажил хэрэг болгохоор шуурхайлан ажиллаж эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, түүнтэй зохицон амьдарч ирсэн монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлиг гаргасныг та бүхэн мэдэж байгаа.

БОАЖЯ-аас эдгээр бодлого, зорилтын хэрэгжилтийг уялдуулан хангах хүрээнд ойн сан, усан сан, гол мөрний эхийг хамгаалах хүрээнд хууль бус уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил нөхөн сэргээлт хийгдээгүй газарт нөхөн сэргээлтийг хийж, улмаар мод тарьж экосистемийн тэнцвэрт байдлыг хангаж хамгаалах нь зүйтэй гэж үзэж байна. Та бидний хамтын зүтгэлээр Монгол орны минь тэнгэр нь цэлмэг, ус нь цэнгэг, ой мод, ан амьтнаар элбэг баян, газар шороо нь ариун байх болтугай” гэсэн юм.

 

 

Дашрамд дурдахад, БОАЖЯ-наас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг нэртэй газарт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилт хангалтгүй, уул уурхайн машин механизмуудыг ашиглан бичил уурхайн нөхөрлөл нэрийн дор тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, Нарангийн гол, Буянтын гол, Ялбагийн гол, Хорьлоогийн гол, Хөшөөтийн голын голдиролыг дур мэдэн өөрчилж, голдирол дотор олборлолт явуулах, суваг, шуудуу татах, хоолой тавих, их хэмжээний газар нутгийг эвдэн сүйтгэж, экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчинд хортой нөлөөлснийг тогтоосон байдаг.

Ажлын хэсгийн зүгээс Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсгээс “Ялбаг” гэх газарт ууланд нуусан болон манаач айлын гадна үлдээсэн, эзэнгүй орхигдсон хүнд даацын дугуйт болон гинжит техник хэрэгслүүдийг бүртгэлжүүлэн эзэмшигч нарт мэдэгдсэн. Улмаар хөдөлгөөн үйлдэх боломжгүй эвдэрсэн техник хэрэгслүүдийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2 авто кран, 1 хүнд даацын тээвэрлэгч механизмаар нийт 59 уул уурхайн машин механизм, техник хэрэгслийг ачиж тээвэрлэн хяналтын постны хажууд татан төвлөрүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч лацдаж, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт хүлээлгэн өгсөн.

 

 

Улмаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулиар хэрэг зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж холбогдох арга хэмжээг авч ажилласан юм.

“Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж мод тарих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга В.Жавзан, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Баттүвшин, Ерөө сумын ИТХ-ын дарга С.Ариунбат, Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэн, Мандал сумын Засаг дарга Б.Ганболд, Экологийн цагдаагийн албаны удирдлагууд, “Оюу толгой” ХХК-ийн ЭМААБОАБ-ын Ерөнхий менежер Фил Абрахам, Байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяр, Ойжуулалтын төслийн удирдагч Д.Самданжигмэд нарын албаны төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(37.110.48.238) 2022 оны 05 сарын 14

100% алтыг нь авч идсэн тэдний хөрөнгөөр хийлгэх ёстой ш дээ.

0  |  0
Иргэн(188.32.188.182) 2022 оны 05 сарын 14

Ялбагийн алтыг ухаад авдрыг нь хаясан компани тодорхой биз дээ. Тэд ямар оролцоотой байна.

1  |  0
Top