Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн "Ганц цагаан шувуу" моно дуурийг дөрөвдүгээр сарын 12-нд 19:00 цагаас Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.
Монголын анхны сюрреалист моно дуурь нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган агсан, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Ц.Төвшинтөгс, цомнол зохиолч М.Энхболд, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл нарын санаачилга, зүтгэлээр сонгодог урлагийн шүтэн бишрэгчдэд хүрч байгаа юм.
Монголын Урлагийн зөвлөл нь арилжааны бус мэргэжлийн урлагийн бүтээлийг олон нийтэд хүргэх зорилгоор "Онч Аудит" ХХК-ийн ивээн тэтгэлэг, Монгол Улсын Консерватори, Улсын Дуур, бүжгийн эрдмийн театрын дэмжлэгтэйгээр энэхүү дуурийг тайзнаа амилуулж байгаа нь Монголын орчин цагийн тайзны урлагийн өрсөлдөх чадварыг харуулж буй уран бүтээлийн томоохон эрэл хайгуул болж байна.
Моно дуурь нь ганц дүртэй тул зохиолын өрнөл зөрчил, хөгжүүлгийн гол үүргийг симфони найрал хөгжим голлон гүйцэтгэдэг ба гоцлол дуучнаас хоолойн чадал, өнгө илэрхийллийн уран мэдрэмж, сэтгэл хөдлөл, жүжиглэх өндөр ур чадвар шаарддаг.
Бага тайзны хэлбэрт тавигдах уг дуурийн найруулагчаар ОХУ-ын театр урлагийн академи /ГИТИС/-ийн Хөгжмийн театрын найруулагчийн тэнхимийн төгсөх курсын оюутан Б.Мэндбаяр, тайзны зураачаар С.Ариунболд, зураачаар Х.Ууганбаяр, гоцлоочоор УДБЭТ-ийн гоцлол дуучин Э.Отгонбат, төгөлдөр хуурчаар Ц.Уртнасан нар ажилласан ба симфони найрал хөгжмийг удирдаач Б.Лхагвасүрэн удирдан тоглуулна.
Тасалбарыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын кассаар (70110397) болон www.ticket.mn онлайнаар борлуулж байна.
Товч агуулга
Дүр: Би Оршихуй
Эхлэл: Би яг энэ мөчид өөрийн дотор оршин байгаа юу? Би хаана байна? Би хэн бэ? Би яг энэ мөчид өөрийн оршихуй болох сэтгэлтэйгээ зөрчилдөн тэмцэлдэж, өөрийн санаагаар бусдыг шүүн хэлэлцэнэ.
Өрнөл: Оршихуй бол зөөлөн сэтгэлийн илэрхийлэл бөгөөд сэтгэл хоосон чанартай цагаан гэгээн гэнэм.
Зөрчил: Би гэх ухаантан өөрийгөө өмгөөлж, бусдыг яллаж, бахархан дуулавч эцэст нь БИ ганцаардан хэнд ч хэрэггүй хаягдаж, өс хорсолдоо хөтлөгдөнө.
Тайлал: Бие болон БИ гэх ухаанд хүлэгдэж, бусдын эрхээр доромжлогдон мохсон сэтгэл эхээс төрсөн мэт анхны мэдрэмжийг ухаарч мэдвэл сэтгэл хэмээх оршихуй хүч чадлыг олж тэнгэр газрын завсарт эрх чөлөөт цагаан шувуу болон дүүлнэ.
Сэтгэл хэмээх мөнхийн оршихуй тэнгэрлиг оршихуйн бэлэгдэл ганц цагаан шувуу таны сэтгэлийн хаалгыг нээж эрх чөлөө рүү хөтөлнө.
Сэтгэгдэл ( 0 )