Хүүхдийн амиар наадсаар байх уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06


 Гэмтэл согогийн үндэсний төвд зургаан настай хүү мориноос унан бэртээд баасан гарагийн өглөө нас баржээ. Мөн өнгөрсөн сарын 21-нд Төв аймгийн Эрдэнэ суманд наадмын өмнөх сунгаа болж н.Жанчив гэдэг хүний морийг 13 настай О.Энхтөр гэдэг хүү унаад хөлөө хугалсан аж. Хүүг гурав хоногийн дараа ГСҮТ-д авчирсан бөгөөд гэрийнхэнд нь хэлэлгүй морио унуулж гэмтээчихээд гэр рүү нь буцаачихсан байсан байна. Бидэнд мэдэгдэж байгаа нь энэ болохоос баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд  хөдөө орон нутагт хэчнээн хүүхэд гэмтэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг таашгүй. Морин дэл дээр салхи татуулан давхих сайхан хэмээн сайрхдаг ч монголчууд өнөөдөр морь унаж буй хүүхдүүдэд зориулсан тэдний амь нас, эрүүл мэнд, ирээдүйн баталгааг батлан даасан хуульгүй сууж байна. Харин энэ жил МУ-ын шадар сайд М.Энхболд баяр наадмын үеэр морь унах унаач хүүхдийн хувцас, морины хэрэглэлд тавих шаардлагад стандарт гээчийг тогтоон баталсан юм билээ. Олон улсын стандартад тохирсон малгай, цээживч, өвдгөвч зэрэг хамгаалалтын хэрэгслийг унаач хүүхдэд өмсүүлээгүй бол морьдыг бүртгэхгүй байхыг Хурдан морины салбар хорооны дарга С.Баасанхүүд үүрэг болгосон гэх. Гэвч энэ үүрэг амьдрал дээр хэр биелэх юм бол. Улсын наадамд зориулалтын хувцас өмссөн байлаа ч хөдөө орон нутагт зоргоороо аашилдаг нь нууц биш билээ. Хууль хяналтынхан тэр бүрийд хүрч ажиллана гэвэл бүр худлаа. Хүүхдийн амь нас илүү чухал шүү гэдгийг толгойдоо хийгээгүй цагт таньдаг мэддэг нутаг нугаараа наадаж буй монголчууд энэхүү стандартыг дагах нь бараг үгүй биз. Дээрээс нь оруулж ирж байгаа хувцас нь бас хэн нэгний халаасны бизнес биш биз, үнэхээр хамгаалж чадах болов уу гэсэн хардалт бас давхар төрөх боллоо. Өнгөрсөн баасан гарагт  “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдүүдийн  аюулгүй байдал” нэртэй нээлттэй хэлэлцүүлгийг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо нар хамтран  зохион байгуулсан бөгөөд оролцогч ээжүүд болон хүүхдүүд  санаа бодлоо илэрхийллээ.  Хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо байгуулах, морь унахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хувцас малгай зэргийг өөрсдийнх нь саналыг харгалзан бий болгох, хангаагүй тохиолдолд уралдаанаас хасах , морь унасан хүүхэд бүрийн хөдөлмөрийг үнэлэх, амжилттай оролцогчдыг спортын зэрэг цолоор шагнах, хүүхдийг даатгалд бүрэн хамруулах, эмээлгүй морь долоон нас хүрээгүй хүүхдийг уралдаанд оролцохыг хориглох болон өвөл хаврын улиралд морь уралдуулахыг хориглох, амь нас эрүүл мэндээрээр хохирсон хүүхэд болон түүний эцэг эхэд тэтгэлэг олгох асуудлыг хуульчилж өгөхийг санал болгоод байгаа юм байна.  Моринд дургүй монгол хүн мэдээж үгүй. Алсаас давхисаар гарч ирэх хурдан буянаа харсан хэний ч хамрын  самсаа шархиран хөөрч догдолдог. Гэсэн хэдий ч дэнж хотойтол наадахдаа бид хэчнээн хүүхдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байгаагаа анзаарч бодох цаг нэгэнт иржээ.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top