Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баасан гаригт (2022.04.15) Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. 

Тэрээр энэ үеэр "Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндсэн үзэл санаа нь одоогоос 7 жилийн өмнө буюу 2015 онд ЗХЖШ-ын бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг Тагнуулын Ерөнхий газрын бүтцийн нэгж болгон шилжүүлсэнтэй холбоотой гажуудлыг засахад оршиж байсан.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Зэвсэгт хүчний мэргэжлийн цэргийн тагнуулын бодлого алдагдаж, залгамж халаа, хүний нөөц ч дагаад алдагдсан. Үүнийг заавал засах ёстой байсан. Өнөөдөр харин заслаа.

Одоо богино хугацаанд эмхлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчин цэргийн мэргэжлийн байгууллагагүй байсан нь нүдгүй, чихгүй болсон үйл явдал байсан. Хууль батлагдсанаар ЗХЖШ-ын бүтцийн нэгжид Цэргийн тагнуулын газар шинээр байгуулагдана. Засгийн газрын шийдвэр ч гарна. Бүх Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн тагнуулын албад байгуулагдаж, албан тушаалтнууд томилогдоно.

Хэрэв Монгол Улс цэргийн мэргэжлийн тагнуулын байгууллагагүй байх энэ цаг үед үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд эрсдэл учирсан бол шууд л горыг нь мэдрэх байлаа. Тийм л чухал хууль. Мэдээж Цэргийн тагнуулын газар нь Тагнуулын Ерөнхий газарт шилжсэн бүтэц бүрэлдэхүүн, төсөв, тоног төхөөрөмж гээд бүх зүйлтэйгээ ЗХЖШ-ын бүтцэд шилжиж ирнэ" гэдгийг онцлон тэмдэглэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top