Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай үргэлжилж байна.
Тус төслийн хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн талбайг сэргээн засварлаж цоо шинэ талбай өнөөдөр /2022.04.18/ нээлтээ хийлээ.
МХБХ болон Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн 2-р сургууль, Арвис клуб, “HBS” компанийн хамтын хүчээр олон улсын шаардлагад нийцсэн, хүүхэд багачуудад зориулсан талбай ийнхүү нэгээр нэмэгдлээ. Тус нээлтийн арга хэмжээнд АХБХ- ны дэд ерөнхийлөгч МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, 2-р сургуулийн захирал Л.Цэнгэлмаа тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж талбайн нээлтэд оролцлоо.
МХБХ-ний зүгээс шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, шигшээ багын өмсгөл зэргийг 2-р сургуулийн удирдлагад гардуулсан юм. Тус сургуулийн төгсөгчдийн шигшээ баг болон Арвис клубийн 14 хүртэлх насны өсвөрийн баг энэ үеэр нөхөрсөг тоглолт хийж, талбайн анхны гоолыг тус сургуулийн төгсөгч А.Улсболд оруулсан юм.
Мөн энэ үеэр Монголын хүүхэд багачуудын хөлбөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлэн Арвис клубын дасгалжуулагч С.Жаргалсайхан, Л.Банзрагч 2-р сургуулийн багш Ж.Энхболд нарыг МХБХ-ны “Гавьяаны Одон” медалиар шагналаа. Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн стандарт талбай нийслэл хотноо нээлтээ хийлээ.
Сэтгэгдэл ( 0 )