Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдэд оноох ялыг чангатгая

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Төрүүлсэн үрээ хог шиг хаядаг, амь насанд нь хүрдэг харгислал өнөөгийн нийгэмд газар авах боллоо.

Өөрөөсөө ч илүү үр хүүхдээ хайрладаг, өмгөөлж хамгаалдаг нинжин сэтгэл өдгөө яагаад үгүй болсоор байна вэ. Асуудлын голыг ажилгүйдэл, ядуурал, нийгмийн ялзралаас хайхаас илүүтэй өөрсөд рүүгээ өнгийгөөд нэг үзээрэй. Юм л бол уурыг урдаа барьдаг, бурууг бусад руу чихдэг бурангуй байдал эцэг, эхчүүдийн дунд газар авсаар эцэстээ үр хүүхдээ хорвоогийн хамгийн гашуун гуниг, харгислал руу татан оруулах болов. Баримт сөхье.

ХАРДАЛТЫН УЛМААС ХҮҮХДЭЭ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРАВ

Эцэг, эх нь том хүүгээ хөнөөсөн аймшигт хэрэг хэдхэн хоногийн өмнө гарав. Тодруулбал, энэ сарын 15-нд Баянзүрх дүүргийн Хужирбуланд хосууд хардалтын улмаас хүүхдээ хөнөөсөн гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Тэд дөрвөн хүүхэдтэй байжээ. Цагдаагийн газраас гурван хүүхдийг нь түр хамгаалах байранд авч, эцэг эхийг нь саатуулаад байгаа аж.

ДӨРӨВХЭН САРТАЙ ХҮҮХДЭЭ ГУДАМЖИД ХАЯСАН БАЙВ

Эцэг, эх нь архидан согтуурч, хоорондоо маргалдаж, хүүхдээ гудамжид хаясан хэрэг саяхан мөн гарсан юм. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Налайхчуудын нээлттэй групп цахим хуудсанд нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд үлдээсэн гэх мэдээлэл тавигдсан. Тус асуудлыг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс шалгаж дүүргийн Гэр бүл, хөгжлийн залуучуудын хэлтэст мэдэгдэж дөрвөн сартай А гэх хүүхдийг дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзлэгт хамруулан, хүүхдийн түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн. Түүний эцэг, эх болох 28-38 насны Б болон Д нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Дүүргийн гэр бүл, хүүхдийн эрхийн улсын байцаагчаас эцэг, эх байх эрхээ биелүүлсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг хийж байна. Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан хүүхдийн бие махбодид халдсан эсхүл үл хайхарсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн үйлдэл байгаа эсэхийг тогтоохоор хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Одоогоор хүүхдийн эрхийн улсын байцаагчаас бусад төрлийн зөрчил байгаа эсэхэд, цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.20.7 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд хяналт шалгалтын ажлыг явуулж байна" гэх мэдээллийг өгсөн юм.

ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭЭ ОРЦОНД ХАЯЖЭЭ

Өлгийтэй жаахан үрээ орцонд хаяад явсан хэрэг өнгөрсөн онд гарч байв. “Буянт-Ухаа” хотхоны шатан дээр өлгийтэй хүүхэд орхисныг оршин суугчид олж, цагдаад мэдэгдсэн байдаг. Улмаар хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж, үр хүүхдээ хаясан эцэг эхийг цагдаагийн газраас эрэн сурвалжилсан байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр хаягдсан хүү 20 орчим хоногтой эрэгтэй хүүхэд байсан гэнэ.

ХҮҮХДЭЭ БУУДЛЫН ӨРӨӨНД ХАЯСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЭВ

Баянгол дүүрэгт төрөөд хэдхэн хонож байгаа охин хүүхдийг буудлын өрөөнд хаясан хэрэг гарч байв. Тус дүүргийн 16 дугаар хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 14 хоногтой хүүхдээ орхиод  зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад хандан мэдэгдсэн байдаг.

Тухайн үед энэ хэргийн талаар эх сурвалж мэдээлэхдээ, 25-30 орчим насны эмэгтэй буудалд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа" хэмээн өрөө авсан гэдэг. Харин удалгүй “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад  эргэж ирээгүй аж. Түүнийг гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан хэмээжээ. Харамсалтай нь, охины ээж сураггүй алга болж нярайг хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгсөн байдаг.

АЙЛЫН ХАШААНД ХҮҮХДЭЭ ХАЯАД ЗУГТААСАН ХЭРЭГ ГАРАВ

Бас нэгэн жишээ. Одоогоос жилийн өмнө дөнгөж төрүүлсэн нярай үрээ хөнөөж, айлын хашаанд хаясан сэтгэл эмтэрмээр хэрэг гарч байлаа Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт суугаа айлын хашаанд хүүхдээ хаяад зугтаасан хэрэг гарч байв. Энэ мэтчилэн эцэг эхийн үүрэг хариуцлагаас зугтаж, хүнээс гарамгүй  үйлдэл хийсэн хүний  тоо олширсоор байгаа нь харамсалтай. Судалгаанаас харахад хүүхдээ хаясан эхчүүдийн дийлэнх нь бага наснаасаа гэр бүлийн хайр энэрэл, зөв хүмүүжил авч чадаагүй хүн ийм төрлийн гэмт хэрэг үйлддэг юм байна. Ингээд бодохоор энэ их харгислалыг нь тэдний төрүүлсэн хүүхдүүд амсаж, улмаар энэ байдал ужгирсаар удам дамжсан гажиг болохыг ч үгүйсгэх арга алга.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээллээр хүүхдээ гудамж талбай, орцонд хаяж явсан хэрэг 2018 онд 17 бүртгэгдэж байжээ. Харин жилийн дараа буюу 2019 онд энэ тоо нэгээр нэмэгдэж 18 болсон байна. Тэгвэл өнгөрсөн оны дүн нэгтгэл хараахан гараагүй тухай албаныхан хэллээ.

ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД ХАЛАМЖИЙН ТӨВ БАРААДУУЛДАГ ЭЦЭГ,  ЭХЧҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ

Өнөөдөр хараа хяналтгүй, гэр орон, эцэг эхээсээ дайжсан "тэнэмэл" гэх хүүхдүүдийн төлөө үүдээ нээсэн 50-иад төрийн болон төрийн бус байгууллага байгаа нь сайн мэт боловч үүний цаана мянга, мянган асуулт эзнээ хүлээсээр байна. Хариултгүй асуулт дунд ирээдүйн бяцхан үрс минь торниж байна. "Хар бэх дусаагүй цагаан цаас"-аар гудамж, трайншейн дүүрч, итгэл, хүсэл мөрөөдөл горилсон нүднүүдтэй алхам тутам харц тулж байгаагаа та лав анзаардаг биз.

Хүүхдээ төрүүлээд л халамж, асрамжийн газар бараадуулдаг эцэг эхтэй хариуцлага тооцъё. Дотор нь үүсэж, доороос нь унасан нялх үрсээ тэвэрсэн эхчүүд ихэвчлэн зовлон тоочсоор дээрх хүүхэд асрах газруудыг зорьдог байна. Түүгээр ч үл барам хүүхдийн гэх тодотголтой төрийн халамж, хувь хишгийг хүртчихээд суудаг тохиолдол ч байдаг гэнэ. Хамгийн хөгийн нь гэвэл, өөрийн үрээс ялгалгүй хооллож ундлаад боловсролтой сайн охин, хүү болгосны дараа эцэг, эхчүүдийн зан хувирч хүүгээ, охиноо гэсээр ирдэг тухай халамжийн төвийн ажилчид халаглан ярьж байхтай ч таарч байлаа.

Эцэг эхчүүдийн хүүхдээ санадаг ганц шалтгааныг тэд төрөөс хүүхэд бүрт олгодог хувь хишгийн мөнгө ч гэж тайлбарлаж байсныг санах хэрэгтэй. Сарын сүүлчээр хүүхдээ санадаг эцэг эхчүүдийн цуваа тасардаггүйг ч тэд мөн хэлсэн. “Миний хүүхдийн цээж зураг, бичиг баримт нь хэрэг болчихлоо. 30-хан минутын чөлөө өгөөч. Зургийг нь авахуулах гэсэн юм” гэх нэгэн ижил хэрэгцээтэй аав, ээжүүд их болдгийг халамжийн төвийн ажилчид онцолж байсныг санаж байна. Эндээс үзэхэд, үр хүүхдээ мөнгөнөөс ч солиход бэлэн сэтгэлгээтэй хүмүүс олширсныг бодох л хэрэгтэй. Ийм л хүмүүсээс өлгийтэй үрээ хог шиг хаях хамгийн дорд сэтгэхүй төрж байгаа нь лав. Нөгөөтэйгүүр сүүлийн үед “Хүүхдээ тэгж хаяжээ, ингэж орхижээ” гэсэн  мэдээлэл гарах үед олон нийтийн хандлага “Ийм зүйл байдаг л хэрэг шүү дээ” мэтээр ажиглагдаж байгаа нь туйлын харамсалтай.

Түүгээр ч үл барам хаясан эцэг, эхийг нь өмөөрөх жишээ ч цөөнгүй гарч байгаа нь нууц биш. “Эвий минь, ямар олигтойдоо л ингэж хаях билээ”, “Зайлуулдаа жаахан охин л байх даа” гэх мэтээр өрөвдөн өмөөрөх сэтгэхүй ч цухалзах болсон нь нууц биш. Энэ байдал газар авсаар байвал ирээдүйд “Хэвлийдээ бойжуулсан” үр хүүхдээ хэн ч бишээр үзэх хандлага ч даамжрахыг үгүйсгэхгүй. Учир нь ийм сэтгэхүй нийгэмд бэлтгэгдэж, тийм ахархан бодолтой нөхөд хаа сайгүй олшрох болсныг онцлох хэрэгтэй. Тиймээс ч энэ төрлийн гэмт үйлдлийг үл зөвшөөрч, хуулиар шийтгэх ял шийтгэлийг нь чангатгах хэрэгтэй.

Хуульд зааснаар хүүхдээ орхисон, төөрүүлж хаясан эцэг эх, асран хамгаалагчийг хүүхдийн эсрэг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй аж. Улмаар эх нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрөх явцад буюу төрмөгц хөнөөсөн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Өнөөдрийн байдлаар хуулийн дээрх заалтаар ял эдэлж буй ээжүүдийн  тоо хуруу дарам цөөхөн.

Тэдний ихэнх нь 1-2 жилийн ял авдаг гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн гаргасан үйлдэл дэндүү харгис ч, оногдуулсан ял шийтгэл нь хөнгөхөн байгаа юм. ийм байхад хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчид яаж цөөрөх билээ. Хууль эрх зүйн эл сул байдал магадгүй гэмт үйлдэгчдийг өөгшүүлэх, өмгөөлөн хамгаалах тал болж байгааг ч бодох цаг нэгэнт болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.66.47) 2022 оны 04 сарын 20

Хүүхдээ хаяж байгаа хүмүүс сэтгэцийн гажигтай байж таарна Тэгтэл тэр хүүхэд нь сэтгэцийн хувьд ямар байх бол асуудал шүү Хар тамхи,архи хэрэглэсэн үедээ олсон хүүхэд байгаа Архидалт хэтэрлээ гэж яригдаад олон жил боллоо.Баривчлан саатуулдаг бугуйвч зүүдэг,айлгаж эмчилдэг олон арга бий.Баривчлан саатуулаад ногоо тариул,газар ухуул,өөрийг нь өөрөөр нь тэжээлгэ

0  |  0
аэа(122.201.22.205) 2022 оны 04 сарын 20

ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, нийгмийн сэтгэлзүйг эмчлэхийг оронд шоронд хатаах тухай л сурталчлах юм! Ажилгүйдэл, ядуурал, оюуны хоосрол байсаар байсан цагт хууль 1000 хатуу байгаад нэмэргүй ш дээ, малнуудаа

0  |  1
gyy(122.201.22.205) 2022 оны 04 сарын 20

хүн гүтгүүлэх магадлал өндөр шүү! Эх нь гээд нэг хогийн шулам охиндоо үг зааж өгөөд таксины жолоочийг гүтгүүлсэн тохиолдол гарсан шүү!!!!

0  |  0
Top