Б.Жагар 423 иргэний хуурамч мэдээллийг ДЭЭД ШҮҮХЭД хүргүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр /2022.04.18/ болсон. 

Хуралдаанаар Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн намыг үүсгэн байгуулсан Б.Жагарын хүсэлтийг хэлэлцжээ. Улмаар тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. 

Тодруулбал, Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн нам (САИНН) үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр ирүүлсэн иргэн Б.Жагарын хүсэлтийг хэлэлцээд тус намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намыг үүсгэн байгуулсан гэх 927 гишүүний бүртгэлийн баримтаас 432 иргэний мэдээлэл нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй тохирохгүй байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон.

Түүнчлэн хүсэлт гаргагчаас  тус намын  гишүүн гэх  927 иргэний холбоо барих утасны дугаарыг Улсын дээд шүүхэд ирүүлээгүй, ирүүлэхээс татгалзсанаар тухайн иргэд нь Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намын гишүүн мөн эсэхийг шалгах боломжгүй болсон, энэ нь “бүртгэл үнэн зөв байх” хуулийн зарчимд нийцэхгүй байна.

Иймд Улс төрийн намын тухай хуулийн3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл”гэж заасныг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “гишүүдийн тоо нь энэ хуулийн 9.3.7-д заасан тоонд хүрээгүй буюу бүртгэлд орсон гишүүн нь өөр намын харьяалалтай, эсхүл өөр хүн төлөөлсөн” бол улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан хүсэлтийг хангахаас татгалзахаар заасны дагуу Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top