Ц.Балжинням медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөхтэй хүч үзлээ

2022 оны 04 сарын 20

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах “Улаанбаатар-2022” тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2022.04.20/ эхэлсэн.

Тэмцээний сонгомол бөхийн 60 кг-ын Цэвээнравдангийн Балжинням 1/4 шигшээд Кыргызстаны “Нур-Султан-2019”, “Осло-2021” ДАШТ-ий мөнгөн медальт, Кыргызстаны Жоламан Шаршенбековт оноогоор цэвэр ялагдсан билээ. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Юрнер Фидахметовтой барилдаж 6:12-оор ялагдлаа.

Хэдийгээр Д.Балжинням медаль хүрээгүй ч тун зоримог шийдэмгий барилдаан үзүүлсэн. Ердөө нэг сарын өмнөөс сонгомол бөхийн бэлтгэл хийж Азийн аваргад зодоглосон түүний хувьд энэ төрлөөр амжилт гаргах боломж бүрэн дүүрэн байгаа гэдгийг Монголчууддаа харуулж чадсан.

Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд гурав дахь удаагаа зохион байгуулж буй. 1993, 2001 онд Монгол Улсад зохион байгуулснаас хойш 21 жилийн дараа болж байгаа тус тэмцээнд дэлхийн 22 орны 250 гаруй тамирчин, 60 гаруй дасгалжуулагч, 30 шүүгч оролцож байна. Харин манай улсаас бөхийн сонгомол барилдаан, чөлөөт барилдаан, эмэгтэй чөлөөт бөхийн барилдаанд 10 жин тус бүрд 30 тамирчин оролцож байгаа юм.

Дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд үргэлжлэх тус тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болох бөгөөд дөрөвдүгээр сарын 21-ний пүрэв гарагаас чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй тамирчдын тоглолт эхлэх юм. Харин дөрөвдүгээр сарын 23-ны бямба гарагаас эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.118) 2022 оны 04 сарын 20

Сайхан л шалны алчуур байна

0  |  0
Top