"Сахал" Д.Эрдэнэбилэгийг хорих эсэхийг шийдэхээр хуралдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн.

Тус газраас түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад  гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн. 

Энэ хүрээнд өнөөдөр /2022.04.21/ яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шүүх хурлыг 09:00 цагт товлоод байсан ч дөнгөж сая /11:00 цаг/ эхэллээ. 

Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Шүүх хурлын шийдвэрийг эргэн мэдээлэх болно. 


Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж, цагдан хорих таслан сэргийлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн талаар өчигдөр /2022.04.20/ АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм. 

-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

-Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэсэгт шалгаж байгаа. Түүнд эрүүгийн хэрэгт үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг хийж байна. Түүний хамааралтай тодорхой обьектуудад нэгжлэг хийх мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсан. Ингээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл илэрсэн учраас түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг Авлигатай тэмцэх газраас прокурорын байгууллагад хүргүүлсэн. 

-Д.Эрдэнэбилэгийг хэдий хугацаанд цагдан хорих вэ?

-Хэрэгт холбогдсон тухайн иргэнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлнэ.

Прокурорын байгууллага саналыг боломжит хурдан хугацаанд хүлээж авч, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хүргүүлдэг. Ингээд хэргийн холбогдогчийн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг шүүхийн байгууллага шийднэ гэсэн үг. 

-Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Худалдаа хөгжлийн банкны байр болон гэрт нь нэгжлэг, шалгалтыг хийсэн. Үүнтэй холбогдуулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой баримтыг устгахыг завдсан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?

-Шалгаж байгаа үндэслэлийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Мөрдөгч хуульд заасны дагуу хэрэгт хамаарал, ач холбогдолтой баримт байгаа гэж үзсэн тохиолдолд прокурорын зөвшөөрлийн хүрээнд нэгжлэг хийх, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top