Бөхийн өргөөний гадаа талбайд зассан өргөө цагаан гэрт уртын дуучид шуранхай хадааж байна. Эл арга хэмжээг маргааш бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнөө хийх гэж байгаа "Шуранхай" хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяа санаачилсан бөгөөд сүүлийн жилүүдэд тасраад байгаа уртын дууг бүтнээр нь дуулах уламжлалыг сэргээсэн нь энэ байв. Уртын дууны түрлэгийг нээн уртын дууч, соёлын тэргүүний ажилтан докторант Ц.Дэлгэр “Түмэн эх” дууг гурван түрлэг дуулжээ. Гавьяат жүжигчин Баттөмөр "Эр бор харцага" дууг дуулан түрлэг өргөсөн бөгөөд гавьяат жүжигчин Б.Базарбат зэрэг 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөв. Уртын дууны түрлэг тасрахгүй үргэлжилж буй энэхүү шуранхайд дуучин Д.Үүрийнтуяа "Уяхан Замбуутивийн наран" дуугаараа гурван түрлэг өргөжээ. Мөн баяр наадмын тоглолтод оролцохоор бэлтгэлээ хийж буй Ардын дуу бүжгийн чуулгын уртын дуучид ирж нар шингэтэл дуулсан аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )