"Харанга" гэх нэрийг Монголд мэдэхгүй хүн үгүй. Энэ хамтлаг байгуулагдаад өдгөө 33 жил болж байна. Хамгийн сүүлд 30 жилийнхээ ойн тоглолтоор “бут” авснаас хойш үзэгч түмэндээ тоглолтоо толилуулаагүй тэд ирэх сарын 13, 14-ний өдрүүдэд “UB palace”-ын их танхимд “Greatest hits”-ээ хүргэхээр сургуулилтаа хийж байна. Тиймээс “Харанга”-ын Лхагваатай ярилцлага хийхээр тохирч, сургуулилтын зааланд нь очиход хамтлагийн ахлагч Ц.Энхманлай аль хэдийн ирчихсэн байлаа. Үнэхээр амьд домгуудын залуу насны зургийг харж, Манлайг гитараа тоглохыг нь хажуу дэргэдээс нь харж суух сайхан юм. Харин “Манай хүн” МУГЖ Б.Сарантуяагийн тоглолтын сургуулилтад оролцоод бага зэрэг хоцорч ирлээ. Түүнийг өрөөнд орж ирэнгүүт бүгд дуу шуу орж, инээд хөгжөөн болдог ажээ. Ингээд та бүхэндээ "Харанга" хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. "Харанга" хамтлаг удахгүй тоглолтоо хийхээр болсон. Энэ тоглолтынхоо талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Бид 30 жилийнхээ ойн тоглолтоос хойш гурван жил тоглосонгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гэж айхтар юм үүнд нөлөөллөө. Үүгээрээ нэгдүгээрт онцлогтой. Хоёрдугаарт манай Х.Булган /Хамтлагийн даралтад хөгжимчин/ бурхан болсноос хойш даралтат хөгжимтэй огт тоглоогүй юм билээ.
Ганц, хоёр дуу л тоглож байснаас биш бүрэн тоглолт хийгээгүй. Тийм болохоор энэ удаад Баянмонгол чуулгын хөгжимчдийг урьж, Х.Булганыхаа тоглож байсан дуунуудаас тоглохоор болсон. Манай Х.Булган чинь 1993-2000-аад он хүртэл хамт байсан. Энэ хооронд олон дуунд даралтат хөгжимтэй найруулга хийсэн байна. Ер нь бол намайг л жаахан зовоох маягтай тоглолт болох нь дээ /инээв/. Нийтдээ 25 дуу дуулахаар болсны 22-23-ыг нь би дуулна. Олон дуу хасагдсан. Манай дуунууд чинь доод тал нь л 5-6 минут юм билээ. Тэгэхээр олон дуу оруулчихаар үзэгчдээ залхаах, ядраах маягтай болчихоод байгаа юм.
-Даралтат хөгжимтэй дуу дуулахаар таныг зовооно гэдэг нь юу гэсэн үг билээ?
-Миний чадамж, чадварыг их ашигласан дуунууд гэсэн үг л дээ. Хүн чинь их дээшээ дуулах тусам хэцүү, ядардаг. Ийм дуунууд их байгаа.
-Одоо тоглолтоо хүртэл өдөр бүр сургуулилт хийх үү?
-Сургуулилт эхлээд 20-иод хонож байна. Тоглолт хүртэл өдөр бүр хийнэ.
-Харангынхныг ийм олон хоног сургуулилт хийдэг гэж бодохоор гайхаж байна шүү?
-Ер нь бүх урлаг тийм шүү дээ. Сургуулилт хийхгүйгээр явдаг зүйл биш. Бид чинь робот биш болохоор алдагдчихсан байдаг юм. Хоолойгоо цэвэрхэн дуугардаг болгоно. Хуруунууд дасах ёстой. Хуруу биш туруу болох ёстой гэж байгаа юм. Түүнээс биш сургуулилт хийлгүйгээр таван дуу бол явчихна. Насны туршлага байна даа. Тэрнээс цаашаагаа ядраад, цуцаад ирнэ. Тамирчин өдөр бүр бэлтгэл хийж байж амжилт гаргадаг бол урлагийнхан байнгын сургуулилттай байж л сайн, сайхан байна. Тиймээс бид нэг бүтэн тоглолтын сургуулилтыг сар гаруй хийдэг.
-Таны аав хамтлагийн гишүүдтэй тань хамт Соёмбо хамтлагт цуг байсан гэдэг. Энэ талаар яриач?
-Хөөрхий аав маань уржнан жил бурхан болсон. Соёмбо хамтлагтай энэ хэд чинь 1970-аад оноос хойш биднийг байгуулагдах хүртэл 20-иод жил хамт байсан. Монгол орныг хэд, хэдэн удаа тойрч тоглолт хийсэн. Манай аав нарийн бүрээчин байсан юм.
-Та бас бүрээчин байсан байх аа?
-Тийм. Армид нарийн бүрээчин 1983-1989 он хүртэл зургаан жил хийсэн.
-Таны аав тэгэхээр хэдийгээр Соёмбо хамтлагийн гишүүн байсан ч бурхан болтлоо Харангийн гишүүн шиг л байсан байх даа?
-Тэгэлгүй яахав. Манай дөрөвтэй яг цуг байсан. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим гэдэг чинь их олуулаа байдаг. Дандаа үлээвэр хөгжимчид хэрнээ Соёмбо гээд тусдаа жазз, цахилгаан хамтлагт дуулдаг байсан юм.
-Харангад орохоосоо өмнө та Эрдэнэтэд хамтлагтай болчихсон байсан гэдэг бил үү?
-Хавар нь армиас халагдаад явж байтал Эрдэнэтийн хэдэн найзууд тааралдаж, Мөнгөн чавхдас гэдэг нэртэй хамтлаг байгуулсан. Говийн хэдэн аймгаар хүртэл тойрч тоглолт хийж байлаа. Харин намар нь Чука /Харанга хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат/ яриад Харангад хүрээд ир гэсэн юм.
-Мөнгөн чавхдас хамтлагтаа дуулдаг байсан уу?
-Дуулдаг байсан.
-Та тэгэхээр хүүхэд байхдаа хөгжим тоглодог байсан ч дуулдаг байсан юм уу?
-Би хоёрдугаар ангид байхаасаа л дуулдаг байсан. Тэгээд тавдугаар ангиасаа сургуулийнхаа Жавхаа гэж хамтлагийн бөмбөрчин болсон. Харин наймдугаар анги төгсөөд цэрэгт яваад зургаан жил бүрээ үлээсэн. Гэхдээ хажуугаар нь дуулдаг л байсан. Соёмбынхон цөөрөөд хамгийн сүүлд Чука ах үлдсэн 1989 оны өвөл бид хоёр буцаагаад босгочих гээд хэсэг үзсэн юм. Даанч буцаад армид орох болчихоод байхаар нь больчихсон. Тэгээд Эрдэнэтэд бужигнуулж явтал Харанга дуудсан. Би чинь тэр үед яаж ч бодсон Манлайтай /Харанга хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманлай/ л хамт тогломоор байгаа шүү дээ. Нөгөө хэддээ хэлсэн чинь тэд маань ч тэр сайхан ах нар чамайг тоож байгаа юм чинь оч гээд дэмжсэн. Тэр үед Монгол Улс сайхан хамтлагтай болох нь тэдэнд чухал байсан л даа. Тэгээд есдүгээр сард ирээд аравдугаар сарын 26-нд “Амьдрал” нэртэй анхны концертоо тоглосон. Яг л өнөөдрийнх шиг сар гаруй хугацаанд сургуулилт хийгээд л тоглож байлаа. Түүнээс хойш салаагүй, одоо 33 жил болж байна.
-Харангад ороход тань жаахан хулигаан байсан болохоор тангараг тавиулсан гэдэг. Яг ямар тангараг тавиулсан юм бэ?
-Би чинь Манлайгаас 10 дүү, Оогий /Харанга хамтлагийн хэмнэлт гитарчин Я.Одсүрэн/, Чука хоёроос ес дүү, Пүүжээгээс /Харанга хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш/ найм дүү юм. Тэгээд хамгийн залуу нь учраас 2-3-хан жил болоод гарчих вий гээд асуусан. Тэр утгаараа л хэлсэндээ эзэн байна шүү, дуусталаа хамт байна л гэж байсан юм. Түүнээс биш цэрэгт зургаан жил болсон хүн чинь хулигаандаад юу шалих вэ дээ. Захиргаадалтын ч үе байсан учраас угаасаа гайгүй байсан.
-Харангад орохын тулд шалгуулсан дуу тань Шүүдэр цэцэг гэсэн. Тэр талаараа яриач?
-Орцонд найзуудтайгаа дуулдаг байсан дуу л даа. Дээрээс нь Чука мэддэг байсан болохоор “нөгөөхөө дуул” гээд дуулж байлаа. Тэгсэн чинь ямар гоё дуу юм бэ гээд л, хоёрхон бадаг дуу байсныг Манлай хоёр бадаг нэмээд бүтэн дуу болгосон.
-Тэгэхээр шалгалт өгөхдөө дуулсан дуунаас гадна Харангад ирээд хийсэн анхны уран бүтээл болж таарах нь ээ?
-Ёстой тэгсэн шүү. Харангын анхны дуунуудын нэг болсон. Тэгэхээр би Харангад ганцаараа ирээгүй нэг дуутай ирсэн байх нь ээ. /инээв/.
-“Хүлээлт” дууг дуулахдаа төгсгөл дээр “Аа болно шүү дээ” гээд хэлдэг. Та тэр үед үнэхээр тэгж хэлсэн юм уу, эсвэл клипийн нэг хэсэг байсан уу?
-Дараа нь би нэг тоглолтод явах байсан юм. Дээрээс нь өмнө нь Өөжгий /Гитарчин Д.Өлзий-Орших/ бид хоёр энд, тэнд дуулдаг байсан болохоор гайгүй байсан. Түүнээс биш ганц, нэг өнгө алдах зэргийг техникч нь засчихна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө болчихсон гэж бодож байгаа учраас л тэгж хэлсэн юм.
-Та хоолойны бичлэгт орохдоо ер нь хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Ер нь гайгүй ээ. Сургуулилт гэдэг чинь тийм чухал. Байнгын сургуулилт хийсэн хүн чинь ядаад студид мөнгөө хэмнэх хэрэгтэй биз дээ. Наана нь сайн бэлдэж байгаад студид очоод бага цагт хурдан амжуулахыг боддог. Харин Германд 2-3 CD бичүүлж байхдаа зургаан сар болж байсан. Яагаад гэхээр олон хоолойнуудыг би өөрөө хийсэн юм. Тэгэхээр их уддаг юм байна лээ.
-Түвд рүү мөргөлөөр явах болсон шалтгаан тань юу юм бэ?
-Эртнээсээ л бид тэр газрыг бурхны орон, дэлхийн дээвэр гэж ярьж ирсэн. Тийм болохоор их сонирхдог байсан. Тэгээд л сонирхолдоо хөтлөгдөөд анх гарсан. Өвөө, эмээ минь явж чадаагүй учраас би өмнөөс нь яваад тэр Лхас гэдэг газар очоод Будаалин хийдэд мөргөөд ирье гэж бодсон. Тэгэхдээ хамгийн хямдхан зардлаар л очиж байлаа. Юу ч мэдэхгүй учраас 20-иод хоног явсан. Хоёр дүүгээ дагуулчихсан, өвөрмонгол дүүгээрээ орчуулагч хийлгэчихсэн нөхөр эрхээ эргүүлээд л явж өгсөн. Тэр үед хотын төв нь их жижигхэн байсан. Гороо хийж, хийдээс хийдийн хооронд их алхсан. Нэгэнт очсоных ээж аав, эмээ өвөөгөөс гадна Монголоо их бодно. Тэр үед муу муухай гэмт хэргүүд их гардаг байсан учраас Монголыг минь хөгжүүлж хайрла, хүн төрөлхтнийг сэтгэл сайтай болгож хайрла гээд их залбирсан. Ийм юмыг бурхнаас өөр юунаас гуйхав дээ.
-Та тэгвэл бурхны оронд очоод эх орон, хүн төрөлхтний төлөө залбирч байж. Тэгвэл өөрийнхөө төлөө юу гэж гуйж залбирсан бэ?
-Яг тэнд очоод, цагаа тулахаар хүн чинь өөрийгөө бодож чаддаггүй юм байна лээ. Монгол хүн юм болохоороо хамгийн түрүүнд ээжийгээ гуйсан. Тэгээд эх орон, эх дэлхий болоод л явчихсан.
-Түвдээс ирэхдээ Нарыг хайрла дуугаа олсон гэдэг байх аа?
-Үнэхээр Нарыг хайрла дуутайгаа ирсэн. Тэндээс миний ойлгосон юм ердөө энэ. Тэнд байхдаа Түвдэд 55 жил болсон нэг хорчин ламтай уулзсан юм. Тэр хүн надад их зүйлийг ярьж өгсөн. Аливаа зүйл хайраар л дэвжиж дээшилдэг болохоос харааж загнаад, дайн хийгээд хөгжихгүй юм билээ. Банзан гитартайгаа явж байсан болохоор их товчхон, хүн сурахад амархан ая л орж ирээд байсан. Түүнийгээ замын туршид давтаж тоглоно. Харин нутагтаа ирээд 4-5 жил болж байж үгийг нь бичиж дуусгасан. Ирснээсээ хойш “Харангыг хайрла” гээд л нөгөө аяа тоглоод дуулаад байдаг байсан юм. Үгээ яаж эхлэхээ мэдэхгүй байсан. Монгол хүн болоод ч тэр үү, ээж, эх нутаг гэж эхэлчих гээд байдаг юм билээ. Харин сүүлдээ бодож байгаад эхлээд хүүхдийг хайрлах ёстой гэж ойлгосон. Хүүхэд бол үүсгэл, дөнгөж ирсэн, гэнэн цагаан, цайлган зүйл. Гэтэл яг дуугаа дуусгасны дараа ТВ9 телевизийн Гэгээн алсын одод наадам эхэлсэн. Зохион байгуулагчид нь цомоо хийчихээд над дээр ирж энэ дуугаа сүлд дуу болгож өгөөч гэж гуйсан. Цом нь нар барьчихсан хүүхэд байсан. Тийм л хувь ерөөлтэй байсан гэж боддог.
-Та нийтдээ хэчнээн дууны шүлэг бичсэн бэ?
-Харангад бол нэлээд хэд байгаа. Тоолж үзэж байсангүй. Харин ая гэвэл Бодлын тэнгис, Бүсгүйн заяа, Хайтан цэцэг гээд 10-аад юм бий. Харангаас гадна уран бүтээлүүд бас хэд байгаа.
-Аугаа Д.Лувсаншарав гуай та хоёр хөгшин, залуу найзууд байсан. Нөхөрлөлийнхөө түүхээс хуваалцаач?
-Манай хамтлаг чинь УДЭТ-ын дэргэд байгуулагдсан. Тэгэхэд аугаа их Лу /Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав/ чинь тэнд Уран сайхны удирдаач хийж байсан. Түүнээс хойш арваад жилийн дараа нийгэм их сонин болсон шүү дээ. Тийм аугаа хүмүүсээ нэг их тоохоо болиод, хайрлах нь багассан. Тэр үед би ингэж болохгүй гээд л найзалж эхэлсэн. Надаас 40 ах хүн. Би бор дарсыг ер нь нэг их муулаад байдаггүй. Элдэв баяр ёслолын дараа хүлээн авалт болоод өвгөнтэйгөө хундага тулгаад, сэтгэл нээгдээд 75 наснаас нь хойш 88 нас хүртэл нь салалгүй 13 жил нөхөрлөсөн. Нэг удаа таарсан чинь “Манай Баянхутагийн ой болоод намайг Тээврийн товчоон дээрээс суугаад ир гэсэн байна” гэж хэлдэг юм байна.
-Арай ч үгүй байлгүй дээ?
-Бүр ирэхээр нь 10 цаасыг нь өгье гэж хэлсэн юм гэсэн. Тэгэхээр нь би уурлаад хүргэж өгнө гээд Б.Дашдондог /МУГЖ, дуучин/ бид хоёр аваад явсан. Бид хоёрын хамгийн анхны аялал тэр. Ингэж явахдаа Хэрлэнгийн наана боодог хийж идээд, төрсөн буурин дээр нь хөрвөөлгөсөн. Түүнээс хойш хоёулаа салахаа байсан. Сүүлдээ өвгөн “Лхагваа минь чи бурхан тахил шүтдэг хүн. Хоёулаа хүж барьсан андууд болъё” гэсэн юм. Тэгээд хундага зөрүүлж хүртэл уусан. Тэгэхээр хойд насандаа төрсөн ах дүү болдог юм гэсэн. Тэгж ерөөгөөд л явуулсан даа, хөөрхий.
Өвгөн эвтэй дөрвөн амьтны сармагчингийн оронд намайг гитар барьчихсан, цээж нүцгэн байдлаар нэг зурсан юм. Харин өөрөө туулай жилтэй учраас туулай нь гэсэн. Тэгээд “Би бол дандаа чиний дээр байх ёстой хүн” гэж байж билээ. Би өвгөнд “Болор” зөөгөөд байдаг болохоор тагтаа нь усан болрын өнгөтэй гэдэг ноот зуучихсан гэж байгаа. Тэгэхээр нь би “Хэн чамайг өөрөө Уусан болрын өнгөтэй...” гэж дуу зохио гэсэн юм гээд инээлдэж байлаа. Сүүлд тэр зургийг нь би Нарыг хайрла CD-ныхээ нүүр болгосон.
-Үнэхээр бас дууны үгний утгыг алдагдуулах байдлаар дуулаад байдаг тохиолдол байдаг. Энэ юунаас болдог юм бэ?
-Монгол хүн чинь уртын дуугаараа эхлээд сүүлд богинын дуутай болсон. Дээрээс нь монголчууд тайван, амгалан болохоор тэртээ 1950-иад онд бол тоохгүй. Харин бидний үед хүрээд ирэхээрээ “Хүүгээ гээсэн...” гээд дуулахаар эвгүй санагдаад байгаа юм. Тиймээс ч бид болж өгвөл ноотоор нь үгээ тааруулах сонирхолтой. Би ч гэсэн дууны үг бичихдээ тэгэхийг хичээдэг.
-Бор дарсыг муулдаггүй гэснээс Чука ахыг хэр зэрэг уурлуулж байгаа вэ?
-Чука ахыг чинь бид бүгдээрээ л уурлуулсан даа. Нэг удаа биднийг архи уулаа гэж уурлаад тоглолтоо орхиод явж байсан хүн. Очоод зурагтаа асаасан чинь бид хэд дуулж л байна гэсэн. Тэгсэн чинь дараа нь “Ичдэггүй хогнууд” гээд загнаж байлаа. Чука ах архи уухгүй, тамхи татахгүй өдий хүрч байна даа. Тийм ч болохоор Харангын эхнэрийн үүргийг гүйцэтгэж ирсэн /инээв/. Одоо харин хамгийн залуу нь 56 хүрч байгаа учраас уурлуулах асуудал бараг байхгүй болсон. Би л гэхэд тамхинаас гараад гурван жил болж байна.
-“Түрүүлж үхсэн нь амиа бодсонд тооцно шүү” гэсэн хамтлагийнхаа тангаргийг та зохиосон юм уу?
-Би нэг удаа тэгээд хэлчихсэн юм. Хааяа зүүдэндээ Х.Булгандаа амиа бодсоныг нь хэлдэг юм. Харин үлдсэн хэд нь архи, тамхинаас татгалзах зэргээр амиа бодохгүйг хичээж л байна. Ядаад 40 жилийн ойгоо хиймээр байна шүү дээ. Хүн бүр нэгэн цагт явдаг ч гэсэн яарах юу байхав.
-Харанга, Хурд зэрэг хамтлагууд өдий хүртлээ нэг хамтлаг байгаад байдаг. Гэтэл та бүхнээс хойно байгуулагдсан хамтлагууд нэг хэсэг шуугиулж байснаа төдөлгүй тарчих юм. Юундаа байдаг юм бол оо?
-Бидний өсөж, өндийсөн нийгмийн хүмүүжил байдаг байх. Ёс зүй, хүмүүжилтэй, хүний үг сонсож чаддаг, мөнгөний шунал нь арай гайгүй юм болов уу. Одоо болохоор чинь од ч болох хэрэгтэй, зоос ч олох хэрэгтэй болчихоод байна. Тэр тал нь ч хэцүү байдаг биз. Харин Харанга бол тийм юм байхгүй. Тавуулаа эхэлсэн учраас олсон хэдээ тав хуваагаад л авчихна. Энэ л зарчмаараа 33 жил болж байна. Ер нь хамгийн гол нь зоос биш, хүсэл мөрөөдөл юм шүү дээ. Тус, тусдаа уран бүтээл хийж болно. Гэхдээ үүнийг заавал салж, тарж байж хийх албагүй.
-Харангыг та юу гэж тодорхойлох вэ?
-Харанга бол хөгжим юм. Манай сургуулилтын танхимд байгаа харангыг 30 жилийн ойгоор Зава Дамдин Ринбүчигийн гурав дахь дүр бэлэглэсэн юм. Богд хаан жилдээ нэг удаа 10 мянган лам цуглуулж, том хурал хурдаг байж. Яг үүн шиг дөрвөн харанга байсан гэсэн. Хүрээний дөрвөн зүгт гарган цохихоор түүнийг сонссон лам нар зүг бүрээс цуглана. Газар дор булаатай байж байгаад саяхан гаргаж ирсэн харангыг Харангад нь өгье гээд Ринбүчи авч ирж өгсөн юм. Тэгэхээр харанга бол хөгжмөөс гадна цуглуулагч юм.
Дээрээс нь хөгжмийн зохиолч Б.Соронзонболд надад харангын тухай нэг домог ярьж өгсөн юм. Торгоны замаар явж байсан жингийн цувааг бар дагаад, тэмээ, хүнийг нь барьж идээд байж гэнэ. Тэгээд замдаа явсаар нэг хийдэд ирээд ламд учраа хэлээд аврал хүсчээ. Нөгөө лам яахаа сайн мэдэхгүй бодоод байж байтал нэг хүү лам цам барьчихсан явж байгаад унагачихсан чинь буланд хэвтэж байсан муур огло харайгаад зугтсан байна. Үүнээс санаа авч нөгөө лам үүнийг томоор хий гэсэн юм гэнэ лээ. Нэг ёсондоо харанга бол хөгжмийн зэмсэг, цуглуулагч, муу муухайг дарагч учраас бид нэг гэр бүл болтлоо явсан байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )