Монгол Улс 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

2022 оны 04 сарын 23

Итали улсад хоёр жил тутам зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биенналь[i] дахь Монгол Улсын павильон 2022.04.20-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Олон улсын биеннальд Монгол Улсыг төлөөлөн Соёлын сайд Ч.Номин, уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, куратор[ii] Б.Гантуяа нар оролцож байгаа бөгөөд Монгол Улс “A Journey Through Vulnerability” буюу “Гүнээс гүнд” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байна.

Монгол Улсын павильон нь уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн зөөлөн баримал, зүймэл, видео зэрэг сүүлийн 15 жилд туурвисан ажлуудаас бүрдсэн бөгөөд павильоны “Дутуу төрөлт”, “Зээрийн зүүд”, “Судасны чимээ” гэх гурван өрөөнд дэлгэгдсэн бүтээлүүд нь эмэгтэйчүүд, хүүхэд, амьтдын өөр өөр түүхийг хүүрнэх агуулгатай юм.

Үүний адил оролцогчид өөрийн улс, үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг таниулж, улсаа сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн талаарх хэлэлцүүлэгт нэгдэж, дэлхийн дүрслэх урлагийн чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулдаг юм.

Энэ жилийн биенналийг Нью-Йорк хотод амьдарч уран бүтээлээ туурвидаг, Итали куратор Чечилиа Алемани дэглэж байгаа бөгөөд үзэсгэлэнд 58 улсын 213 уран бүтээлч оролцож, 1400 гаруй бүтээл үзүүлж байна. Ази, Африкийн таван улс (Камерун, Намиби, Непал, Уганда, Оман) энэ жил анх удаагаа оролцож байгаа аж.

Хүн хийгээд сав шим ертөнцийн холбоо, байгаль дэлхийн өмнө хүлээх хүмүүний үүрэг хариуцлага гэсэн ерөнхий агуулгатай үзэсгэлэн энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Манай улс Венецийн олон улсын биеннальд 2015 онд “Оторын гэр”, 2017 онд “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд”, 2019 онд “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр оролцож байсан бөгөөд тухай бүртээ уран бүтээлчид хувийн хэвшил, хандиваар оролцож ирсэн. Харин энэ жилээс эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу Соёлын яамны дэмжлэгтэй оролцож байна.

 

Монгол Улсын “Гүнээс гүнд” үзэсгэлэнг нээж Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин:

Дэлхийн дүрслэх урлагийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, дэлхий ертөнцийн өөрчлөлт, хүмүүний сэтгэлгээ, бидний оршихуйг урлагаар дамжуулан илэрхийлж буй дэлхийн өнцөг булан бүрээс цугласан уран бүтээлчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Монголчууд бид өнөөдөр орчин цагийн дүрслэх урлагийн тавцан дээр бусад улс үндэстний шилдгүүдтэй мөр зэрэгцэн зогсож байна. Энэ болбоос Монгол Улсыг сурталчлах, улсынхаа уран бүтээлчдийн сэтгэлгээ, Монгол гэсэн онцлогоо дэлхий дахинаа харуулах, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулах хором мөч, бидний хамтын үүрэг билээ.

Монгол Улсын соёл урлагийн салбар, тэр дундаа дүрслэх урлагийн салбар дэлхийд маш том хувь нэмэр оруулах бүрэн боломжтой гэдгийн жишээ нь энэ юм.

Та бүхнээр маш их бахархаж байна. Амжилт хүсье.

Монголын уран бүтээлчид 2015, 2017, 2019 онуудад Венецийн биеннальд оролцох эрхээ өөрсдөө авч, санхүүгийн асуудлаа ч бие даан шийдвэрлэж ирсэн. Мэдээж энэ нь уран бүтээлчдийн хувьд бэрхшээлтэй байсан нь гарцаагүй ч шантралгүй улс орноо төлөөлж, дэлхийн дүрслэх урлагийн хөгжилд зохих хэмжээний хувь нэмрээ оруулж ирсэн.

Энэ өдөр тэдгээр эрхэм уран бүтээлчид, тэдэнд тусалж, дэмжиж байсан хүн бүрд талархал илэрхийлж, дараагийн уран бүтээлчдэдээ энэ оргилд хүрэх итгэл, цагаан зам татаж өгсөнд талархал илэрхийлье.

Та бүхэнд баярлалаа.

Монгол Улсын Засгийн газар Соёлын яамыг эмхлэн байгуулснаар, мөн өнгөрсөн хугацаанд дүрслэх урлагийн салбараа өндөр хэмжээнд авч явсан уран бүтээлчдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнгээр бид энэ удаагийн биеннальд Засгийн газрын дэмжлэгтэй оролцож байна.

Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын хувиар цаашид ч дүрслэх урлагийн болоод бусад салбарынхныг олон улсын зэрэглэл бүхий тэмцээн уралдаан, үзэсгэлэнд Төрийн бодлогоор дэмжих байр сууриа бататган хэлж байгаадаа туйлын баяртай байгаа бөгөөд соёлыг төрөөс дэмжих шийдвэр цаашид үл тасрах шинжтэй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ингээд энэ удаагийн биеннальд оролцож байгаа уран бүтээлч, куратор, санхүүгийн болон бусад талаар дэмжсэн төр, хувийн хэвшил, урлагт хайртай хэн бүхэнд талархал илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Та бүхнийг Монгол Улсын павильонд тухлан саатахыг хүсье. 

Уран бүтээлч Та бүхний бүтээлээс ухаарал олох болтугай! 

Баярлалаа” гэлээ.

1895 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн урлагийн олимп” гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд дэлхий нөлөө бүхий уран бүтээлчид үзэсгэлэнгээ гаргадаг бөгөөд дэлхийд нэртэй урлаг судлаачид, кураторууд, урлагийн байгууллагууд, 8000 гаруй олон улсын томоохон хэвлэл мэдээлэл, дэлхийн нөлөө бүхий улс төр, бизнесийнхэн цугладаг юм.

Тус наадамд оролцогч аливаа улс орон өөрсдийн уран бүтээлчдээр дамжуулан өөрийн орны орчин цагийн соёлын онцлог, хүмүүсийн сэтгэлгээний цар хүрээ, үзэл бодол, хандлагыг олон улсад тунхаглаж, дэлхийн тавцанд уран бүтээлчдээ гаргах боломжийг нээж улс төр, нийгэм, хүн байгаль орчны сэдвийг хөндсөн шинэлэг бүтээлээр оролцдог юм.

Монголын “Гүнээс гүнд” үзэсгэлэнгийн тухай:

Тайлбарыг үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяагийн хүүрнэсээр хүргэж байна.

Жалхаажавын Мөнхцэцэг нь баримал, зураг, өрөг, видео, үйлдлийн урлагаар дамжуулан шаналал зовуурь, айдас түгшүүр, илаарьшихуй, дахин төрөхүйн талаарх бодол төсөөллөө ихэвчлэн хуваалцдаг.

Өөрийн амьдрал болоод үзэж харж, мэдэрсэн бүхнээс, эмэгтэй хүний бие махбод, оюун бодол, сүнслэг оршихуйн нарийн нандин, хүн хийгээд сав шим ертөнцийн холбоог ажин судлах бөгөөд тэр олон өнгийн огтлолцол эсрэгцлийг торгон мэдрэмжтэй илэрхийлдэг билээ. Хийсвэр мэт боловч бодит мэдрэмжийг төрүүлэх, ер бусын бүтээлүүд нь лус савдаг, домгийн ертөнцийн далдын хүчийг шингээсэн, бүсгүй хүн, хүн болох хувьгүй хүүхдүүд, амьтдын гунигт хувь төөргийн тухай өгүүлдэг юм.

Монголын уламжлалт анагаах ухааны дом, бариа заслын талаар шимтэн судалдаг түүний бүтээлээ турвих явц шашны зан үйлийг санагдуулам ба зөн билгийн шинжтэй. Анагаахуй, асран хамгаалахуйн билгэ тэмдэг болсон элементүүдийн эсрэгцэл тэдгээрт агуулагдсан мөн чанаруудаар үзэл санаагаа илэрхийлэн гаргахдаа өөрийн сэтгэл түгшил, илаарьших үйл явцаа бясалган аждаг.

Тасдсан, тайрсан, эвлүүлсэн, оёсон бүхэн нь шаналал, айдас, түгшил, итгэл, тэвчлийг бэлгэдэж, дотоод мэдрэмж үзэл санаагаа илэрхийлэн илчлэн гаргах онцгой хэлийг нь бүтээж өгчээ. Бүтээлүүд дэх шувууд нь зүрхний лугшилт, ураг бүрэлдэхүй, илаарьшил, авран хамгаалахыг бэлгэдэх бол дотоод эрчмээ олж авах гэсэн мөнхийн эрэл хайгуул “нэгдмэл нэгэн цул” болох хүслээ эмэгтэй хүний бие махбодоор илэрхийлдэг байна. Дахин төрөхүй бол уран бүтээлчийн эрлийнх нь цөм билээ.

Венецийн дүрслэх урлагийн 59 дэх удаагийн олон улсын биеннальд Монгол Улс “Гүнээс гүнд” үзэсгэлэнгээр 4 дэх удаагаа оролцож буй. Павильоны гурван өрөөнд таран байрших зөөлөн баримлууд, зүймэл зураг, видео сэлт нь эмэгтэй хүн болон амьтдын өөр, өөр түүхийг хүүрнэж, Ж.Мөнхцэцэгийн эмзэг нандин хэр нь хүчирхэг ертөнцийн гүнд аялах боломжийг олгох юм.

1.    Үзэсгэлэнгийн эхний танхим болох Зээрийн зүүд нэртэй сарайг санагдуулам орон зайд мультимедиа өрөг ажлыг байршуулсан ба төмөр орон зээр хэвтэж буй тал биетэй зээрийн баримал, төөрсөн зээрийн янзаганы дүрс бичлэгтэй сүлэлдэн нэгэн цогц бие болон хувирахыг харуулна.

2.    Ж.Мөнхцэцэгийн хорвоогийн бүхий л эд эс, амьд бүхэн нийлээд нэг сансар буюу бүхэл ертөнцийг бүтээсэн гэх утга бүхий “самсара”-аас улбаатай санаагаа сансрын бие хэмээн нэрлэсэн Судасны чимээ нэртэй удаах танхимд тусгалаа олсон буй. Иймээс ч нэгэн цул гэдгийг илэрхийлэхийн тулд амьтны биеийг хүний биетэй нийлүүлсэн хайбрид баримлуудаа “сансрын биес бус” “сансрын бие” гэжээ. Танхим дах баримлууд оршин тогтнохын төлөөх хувьсгалын санааг агуулах ба зарим амьтныг хүн шиг гар хөлтэй, зармыг нь эрхтэн дутуу дүрсэлсэн аж.

3.    Сүүлчийн Дутуу төрөлт хэмээх хавчуухан өрөөнд үр зулбахаас хамгаалан тэтгэх дом, зан үйлийг бэлгэдсэн “умайг хамгаалагч шувуу” нэртэй бүтээлийг байршуулсан юм. Ж.Мөнхцэцэгийн үзэсгэлэн бүхэлдээ хорвоо ертөнцийн жам ёс, нигүүлсэн сэтгэл, илаарьшлын тухай өгүүлнэ.

Үзэсгэлэнтэй хоршин тоглогдох дуу авиан бүтээлийн минимал, абстракт шинж чанар нь үзэгчдийн орон зайн болоод сүнслэг мэдрэмжийг эрчлэх болно. Үзэсгэлэнгийн кураторын эл бүтээл дэх шаагих борооны нургилах дуун, хэл хуурын цуурайлах нь зуурдын сүнстэй холбоо тогтоох зан үйлийг санагдуулах юм.

[i]  Хоёр жилд нэг удаа болдог дүрслэх урлагийн үзэсгэлэн, наадам. Дэлхийн хамгийн нэр хүндтэй биенналь бол 1895 оноос эхлэлтэй Венецийн биенналь юм. https://en.wikipedia.org/wiki/Biennale 

[ii] Латин хэлний “curate” гэдэг үгнээс гаралтай “харж хандан, хадгалан хамгаалах” гэх утгатай. Куратор нь контемпорари, орчин үеийн уран бүтээлчидтэй хамтран тэдний бүтээл, үзэсгэлэнг олон нийтэд хийгээд нийгэмд хүргэх гол чиглүүлэгч, гүүр нь болж ажилладаг мэргэжилтэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top