МЭНДЧИЛГЭЭ

Админ | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын Улсын оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан үндэсний баялаг бүтээгчид болон оюуны үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахих үйлсэд мэдлэг, чадвар, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа шилдэг зохион бүтээгчид, салбарын оролцогчид, оюуны өмчийн байгууллагын нийт албан хаагчид, тэдний гэр бүл, ахмад ажилтан Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Оюуны өмчийн талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчдийнулс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж байх зорилгоор Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас бий болгосон энэхүү өдрийг дэлхий нийтээр 22 дахь удаагаа тэмдэглэж байна.

Өнөөгийн залуусын ирээдүйн сайн сайхны төлөө өөрсдийн оюун ухаан, эрч хүч, сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж байгааг Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас цохон тэмдэглэж, 2022 оны энэхүү өдрийг “Оюуны өмч ба залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан цохон тэмдэглэхэд Монгол Улсын хүн амын 64 орчим хувийг эзэлж байгаа 35 хүртэлх насны залуусын авьяас чадвар, бүтээлч байдлыг дэмжин урамшуулж, тэдний бүтээсэн урлаг, шинжлэх ухаан, технологийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь тус салбарын төдийгүй төрийн бодлого байх учиртай.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчныг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх, салбарын шинэ оролцогч буюу оюуны өмчийн зуучлагчийг бий болгох зэргээр оюуны өмчийг гадаад, дотоод зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах, үр шимийг нь аливаа эрх эзэмшигч хүртдэг тогтолцоог бий болгох зорилгоор оюуны өмчийн багц хуулийг шинэчилэн баталсан. Цаашид залуу зохион бүтээгч, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, ирээдүйн сайн сайхны төлөө шинийг санаачлах, бүтээх хүчин чармайлтыг төрийн бодлого, хөтөлбөр боловсруулахад анхаарч ажиллах болно.

Оюуны өмчийн салбарт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагаа өргөжин дэвжих болтугай.

 

Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн,

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top