Хүүхэд хүчиндсэн болон бэлгийн мөлжлөгийн хэрэгт УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2022.04.27) болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгажээ.

Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор  хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, аввлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөлд тусгагдсан эдгээр заалтуудаас онцлон танилцуулахдаа "Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн бодлогыг чангатгах асуудал байлаа. Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицуулна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулсан журмаар шийдэхийг хасаж байгаа. Халдашгүй эрхтэй албан тушаалтан гэж бий, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг уртасгана. Хурдан шийдэх шаардлагатай тул авлига, албан тушаалын гэмт хэргийг аймаг, нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн журмаар шийдэхээр тусгасан. Үндсэндээ хоёр шатаар шийдэж дуусгадаг болно.

Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн явцад зарим гэмт хэрэгт оноох ял хөнгөдөж байна гэж үзсэн. Иймд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг торгохгүйгээр шууд хорих шийтгэл оноодог байхаар тусгасан. Энэ хуулиар өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулсан. 

Хулгайн гэмт хэргийг хохирлын хэмжээнээс хамаарч Зөрчлийн эсвэл Эрүүгийн хуулиар шийтгэдэг байсан бол цаашид жижиг, том гэж ялгалгүй Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bidon(66.181.161.46) 2022 оны 04 сарын 27

Tohiroltson bol yahiin be bolhiimuu

0  |  0
Top