Цагдаагийн байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Төрийн бус байгууллагууд, хохирогчийн төлөөлөлтэй хамтран залилах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор “Залилагчдад боломж бүү олго” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “ ... Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирус халдварт (Ковид-19) цар тахлын улмаас иргэд, олон нийтийн цахим, интернэт орчин дахь хэрэглээ нэмэгдсэн энэ үед цахим орчин дахь Залилах гэмт хэрэг огцом нэмэгдэж, өсөх хандлагатай болсон.
Сүүлийн жилүүдэд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны болон бусад төрлийн залилах гэмт хэрэгт иргэд санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэргийн хохирогч болж, түүнийг даган их хэмжээний мөнгийг гадаад улс руу гаргаж байгаа нь улс, эх орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, арга хэлбэр нь илүү боловсронгуй болсоор байна. Иймээс цахим луйвар гэж юу болох, түүний онцлог шинж чанар, урьдчилан сэргийлэх арга, гэмт этгээдүүдийн үйл ажиллагааны талаар ойлголт, мэдээлэлтэй болсноор хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой.
Иймд энэхүү хэлэлцүүлгийг хууль сахиулах байгууллага, хохирогч, төрийн болон төрийн бус байгууллагын хүрээнд зохион байгуулснаар дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хамтран зохион байгуулж, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх ажлын үндэс суурь нь болно гэдэгт итгэлтэй байна ... ” хэмээн онцлон хэлсэн юм.
Энэхүү хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт, оролцогч байгууллагууд, хохирогч иргэдээс Залилах гэмт хэргийн ерөнхий нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, Прокурорын байгууллагаас залилах гэмт хэрэгт тавьж буй хяналт, түүний үр дүн, цаашид анхаарах асуудал, Шүүхийн байгууллагаас Залилах гэмт хэргийг шүүн таслах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Залилах гэмт хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн бол;
Хоёрдугаар хэсэгт, Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын бодлого түүний үр нөлөө, Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд банк, санхүүгийн байгууллагын оролцоо, Цахим орчин дахь арга хэмжээ болон фейсбүүк, платформоор үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, Залилагч, хохирогчийн сэтгэлзүйн онцлог, түүний шинж байдал, Хөрөнгө оруулалт уу? Залилах гэмт хэрэг үү?, Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн.
Хэлэлцүүлгийн явцад илтгэгч болон бусад оролцогчдоос гаргасан залилах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал нэгтгэн, зөвлөмж боловсруулан оролцогч байгууллагуудад хүргүүлж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэлтийг ахиулахад зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )