“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын 300 тэрбумын өрийг татвар төлөгчид төлж таарна

2022 оны 04 сарын 29

Хэн нэгэн луйварчин хэдэн зуун тэрбумаар нь зээл нэрээр авч үрэн таран хийчихээд төлөхгүй, түүнийг нь ард түмний татварын мөнгөөр нөхдөг жишиг тогтчихлоо. Ингэхдээ ямар ч барьцаа хөрөнгөгүй, танил тал, авлигын хүрээнд тохиролцож мөнгө авдаг сүлжээ ч бий. Үүний сонгодог жишээ бол “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат юм. Түүний хувьд залилан, мөнгө угаасан хэргээр өдгөө ял эдэлж байгаа ч тэр нэг л өдөр хугацаанаасаа өмнө суллагдана.

Харин барьцаагүй авсан олон зуун тэрбум төгрөгөө төлөхгүй, маргааш нь “би биеэрээ ял эдэлсэн” гээд зогсож байх ийм л дүр зураг харагдана. Б.Эрдэнэбат улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой Хөгжлийн банкнаас эхлээд Хаан, Хас гээд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг залилан хэлбэрээр авч угаасан нөхөр. Үүний дийлэнхийг Хөгжлийн банкнаас авсан

Зээл авахдаа ямар барьцаа тавьсан гээч. Төслийн үр дүнд бий болох хөрөнгө, дансны авлага, борлуулалтын орлого, “Эрэл” компанийн Төрийн банкин дахь төгрөгийн 106000026462,  106000026470 тоот мөнгөгүй дансыг барьцаалжээ.

Үүнээс харахад одоо долоон жилийн ялаар шийтгүүлэн, хоригдож байгаа Б.Эрдэнэбатын барьцаагүй авсан 300 гаруй тэрбум төгрөгийг түүний ирээдүйд босгож бүтээх өв хөрөнгө, түүнээс олох орлого, эсвэл Төрийн банкин дахь хоосон данснаас авч болох нь. Ёстой л “Харганы ноос түүж эсгий хийнэ” гэдэгтэй адил зүйл. Энэ бол зүгээр л “үрэн таран хий” гээд мөнгө өгсөнтэй адил зүйл учраас яах аргагүй татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулна, өөр арга байхгүй.

Албан баримтаас харахад 2013 оны наймдугаар сарын 16-ны өдөр “3-БҮК-ХО 2013-143” дугаартай зээлийн гэрээгээр 14.0 сая ам.доллар, 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “3-БҮК-ХО 2014-49” дугаартай Аккредитивийн зээлийн эрх нээх гэрээгээр 13.1 сая евро, 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр “3-БҮК-ХО 2015-82” дугаартай зээлийн гэрээгээр 9.0 сая ам.долларыг тус тус Хөгжлийн банкнаас авчихсан.

Одоогийн байдлаар нийтдээ 300 гаруй тэрбум төгрөг төлөх ёстой ч татвар төлөгчдийн халаас ухахаас өөр аргагүй, найдваргүй зээлдэгч болчихсон. Зээл авсан цагаас хойш есөн жил өнгөрөхөд тэрбээр нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй нь шуудхан л залилан луйвар хийсэн гэдгийг илэрхийлж байна.

Тэгээд ч Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд таван их наяд 561.6 сая төгрөгийн зээл олгосон байдаг. Үүний 2.1 их наяд төгрөгийг нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон гэхээр бидний мөнгө. Төсвийг татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, ард иргэд л бүрдүүлдэг. Үүнийг л “бидний мөнгө” гэж хэлээд байгаа юм. Түүнийг 2013, 2014 онд Хөгжлийн банкнаас барьцаагүй зээл авч, ихэс дээдэст авлига өгч явахад Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр гээд угшил нэгтнүүд нь ажиллаж байсан. Харин 2015 онд зээл авахад нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар, Б.Болор Сангийн сайдаар ажиллаж байв. Нэгэн цагт буюу 2004 онд АН, ИЗН-тай нэгдэн, УИХ-д орж ирсэн Б.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ц.Элбэгдоржийг огцруулахаар кнопоо худалдаж, шанд нь сайдын суудалд хүртэл заларч явсан. Эндээс харахад зээл гаргахад нөлөөлсөн байж болох дээрх нөхөдтэй кнопоо өгч авч явсан нөхөр.

 

АРИГ БАНКНЫ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙГ ЗАЛИЛАХ ГЭЭД МУХАРДАВ

 

Б.Эрдэнэбатын луйвар үүгээр дуусахгүй, Ариг банк, зарим аж ахуйн нэгжүүд гээд хөвөрнө. Тухайлбал, түүний хувь эзэмшил бүхий Ариг банк гэж бий. Улсаас залилан авсан мөнгөө угаах санаархал байсан ч мухардалд орсон. Учир нь Монголбанкны ерөнхийлөгчөөс 2017 онд харилцагчдын эрх ашгийг хамгаалах, мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангах зорилгоор банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөгт хүргэх тушаал гаргасан. Тус банк нь уг тушаалыг хэрэгжүүлж чадаагүй учраас Монголбанкнаас хянагч томилж, эцэст нь бүрэн эрхт төлөөлөгч хүртэл томилсон байдаг.

Нөгөө талаас “Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн холбоо” өөрсдийнхөө эрхийг хамгаалж эхэлсэн. Өөр ч арга байгаагүй. Учир нь Б.Эрдэнэбат Хөгжлийн банкинд төлөх ёстой олон зуун тэрбум төгрөгийнхөө өрийг Ариг банкинд хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр төлж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас тэд мэдэгдэл гаргаж, арга хэмжээ авсан.

Тэд мэдэгдэлдээ “Б.Эрдэнэбат та Ариг банкны дүрмийн сан 50 тэрбум төгрөгөөс 16.3 тэрбум төгрөг оруулсан атал 42.32 хувийг эзэмшиж байгаа. Гэтэл Улаанбаатар импекс нь 33.7 тэрбум төгрөг оруулсан хэрнээ 57.68 хувийг эзэмшиж байна. Гэтэл та хэвлэл мэдээллээр банкыг дээрэмдүүлсэн гэх худал ташаа мэдээлэл нийгэмд өгч, төлбөртэй кино, нэвтрүүлэг хийлгэж тараасан учраас нэр бүхий өндөр албан тушаалтнуудыг итгүүлж, Ариг банкны эсрэг үйл ажиллагаа явуулсан учраас хадгаламж эзэмшигчид эрсдэлд ороод байна. Та Хөгжлийн банк, Хаан, Хас банкинд төлөх ёстой 300 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрөө төлөх төлбөрийн чадваргүй учраас Ариг банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр төлбөрөө төлж, уг банкыг дампуурлуулах ажиллагаагаа зогсоо” хэмээн шаардсан.

Үүнээс харахад Б.Эрдэнэбат хувь эзэмшигч нэрээр далимдуулж, Ариг банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг дээрэмдэж, улсаас залилан авсан 300 гаруй тэрбум төгрөгийн зээлээ төлөх гэж байсныг ийнхүү таслан зогсоосон байна. Эцэст нь дампуурлын хуулийн дагуу банк дампуурлаа зарлах дараа дараагийн төлөвлөгөө зохиогдсон бололтой. Хэрвээ түүний энэ төлөвлөгөө бүтсэн бол Ариг банкны 40 гаруй мянган хадгаламж эзэмшигч харилцагчид хохирч үлдэх байж. Мөн Ариг банкинд 33.7 тэрбум төгрөг оруулж, 57.68 хувийг эзэмшдэг иргэн Ш.Баярсайханаас залилсан 20 тэрбум зургаан сая төгрөгийг Б.Эрдэнэбатаас гаргуулж төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан ч тэр төлөөгүй байна.

 

ӨРӨӨ ТӨЛҮҮЛЭХЭЭР СОНГУУЛЬД ДЭНЧИН ТАВЬЖЭЭ

 

Дээрэмдэх ажиллагаа нь бүтэлгүйтэхээр 2020 оны сонгуулийн өмнө МАН, АН-ын эрх мэдэлтнүүдэд нь эцсийн сумаа шавхан санхүүжилт амлан явсан төдийгүй Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын үүдийг ч сахиж үзсэн гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Энэ үед буюу 2020 оны гурав, дөрөвдүгээр сард түүний асуудлыг шүүхийн шатанд хэлэлцэж байв. Ингээд МАН мэдээж, өрөнд баригдаж, луйвар нь бүтэлгүйтсэн нөхрийг тоохгүй учраас угшил нэгт, луйврын халаас нэгтэй АН-д итгэхээс өөр аргагүйд хүрч, дэнчин тавьсан. Харамсалтай нь С.Эрдэнийн тэргүүлж сонгуульд орсон АН ялагдал хүлээсэн учраас түүнд найдах зүйл нь татвар төлөгчдийн мөнгөөр өрөө төлөх л үлдсэн бололтой.

Түүний төлөвлөж байснаар бол АН-д сонгуулийн хандив өргөж, ялалт байгуулсных нь дараа өр зээлээ ямар нэгэн аргаар цайруулах, эвтэйхэн татвар төлөгчдийн мөнгөөр төлчих санаа байсан ч ийнхүү хад мөргөжээ. Залилан луйврын ажиллагаа бүтэлгүйтсэн учраас тэрбээр нэгэнт шийдэж, өр зээлээ хаяхаар шийдсэнийг зээлээ огт төлөөлгүй явж, ял авах хүртэл хугацаа төвөггүйхэн илтгэж байна.

Түүнээс бус анхнаасаа зээл төлнө, эцэст нь ял зэм хүртэхгүй гэж шийдсэн бол эрх биш насаараа бизнес хийсэн хүнд арга чарга байсан байж таарна. Одоо долоон жилийн ялаас нэг жилийн хугацааг гэтлээд байгаа Б.Эрдэнэбат долоон жилийн ял эдэлнэ гэж үгүй. Эрүүл мэндийн шалтгаан, сахилга бат, магадлан гээд ямар нэг аргаар 2-3 жил хоригдвол их юм. Нэгэнт хорих ял эдэлсэн Б.Эрдэнэбат 300 гаруй тэрбум төгрөг төлнө гэсэн итгэл хэн нэгэнд байж болох ч яагаад ч төлөхгүй. Татвар төлөгчид төлнө гэдгийг дахин хэлье.

С.ДАНЗАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(64.119.26.172) 2022 оны 05 сарын 01

залилан хийж баяжсан юмнуудын өрийг ард түмнээр төлүүлж тансаглуулах арай хэтэрч байгаа төр засаг уу

0  |  0
Үхэх ч багадна(99.230.64.174) 2022 оны 04 сарын 30

Хувийн банк, байшин үйлдвэрлэх комбинат, хувийн газар орон сууц гэх мэт бүх зүйлийг дуудлага худалдаанд оруулж хөгжлийн банк мөнгөө олж авах хэрэгтэй шдээ,,, луйварчинд хөнгөн ял оноосон байнаа,,,

0  |  0
Буриад(66.181.161.1) 2022 оны 04 сарын 30

Бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болго Эхнэр Сэргэлэнгийн нь Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан цоыг нь төр хурааж авах нь шударга болно оо

1  |  0
Уншигч(139.5.218.109) 2022 оны 04 сарын 30

Эрэл гээд нэг өндөр төлбөртэй сургууль байдаг шүү лээ, хотын төвд оросын соёлын төвийн хажууд, түүгээр нь төлбөрийг гаргуулмаар юм.

2  |  0
иргэн(202.126.90.50) 2022 оны 04 сарын 29

амьдаарах өтөж үхүүл таарна

1  |  0
МонголЭХ ОРОН (66.181.161.94) 2022 оны 04 сарын 30

Энэ новшийн бүх обёкть үл хөдлөх хөрөнгөыг хураах хэрэгтэй СОТ 1.2 БАЙШИН ҮЙЛДВЭРЛЭХ КОМБИНАТ хөрөнгөыг төрд буцааж авах хэрэгтэй шүү муу АЛИАЛАГЧ

2  |  0
ха(66.181.169.6) 2022 оны 04 сарын 30

Залилан хийж мөнгө завшсан хулгайч нар баригдаад шоронд сууж аграад мөнгө хохирлоо төлөхгүй орхидог байдлыг болиулж мөнгөө заавал төлдөг хуулийн зохицуулалттай болгох хэрэгтэй. Хэрвээ төлөхгүй удвал дахин барьж шоронд суулгах байдлаар шийтгэж байх. Ингэснээр нийгэмд залилан хийвэл насаараа өр, шоронгоос салахгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй.\n

2  |  0
УБ иргэд (202.126.90.30) 2022 оны 04 сарын 29

Гэр бүлийн нь хорьж хөрөнгийг нь хураа

1  |  0
зззз(66.181.177.221) 2022 оны 04 сарын 30

үйлвэрийг нь зарж хохиролгүй болго

2  |  0
Top