ХУУЛЬ ТӨРСНИЙ ДАРАА: Хувь хүний мэдээллийг хуулиар хамгаалдаг боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу УИХ-аас 1995 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж байлаа.

Тэгвэл Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж 2021 оны тавдугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан юм. Тус хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр батлуулсан билээ.

Ингэснээр уг хуулийг тавдугаар сарын 01-нээс /2022.05.01/ эхлэн дагаж мөрдөөд байна.

Хувь хүний нууц нь:

1. Захидал харилцааны нууц

2. Эрүүл мэндийн нууц

3. Хөрөнгийн нууц

4. Гэр бүлийн нууц

5. Хуулиар тогтоосон бусад нууц багтана.

Харин УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр /2022.05.02/ өөрийн цахим хуудаснаа "Санаачлан батлуулж хэрэгжиж эхэлж байгаа чухал хуулиудын нэг бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Энэ хуулиар хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж байна.

Төрийн байгууллага болон аль нэг хуулийн этгээд мэдээлэл цуглуулж боловсруулж ашиглахдаа тухайн мэдээллийг хэрхэн ашиглах гэж буй зорилгоо мэдээллийн эзэнд мэдэгдэж, заавал зөвшөөрөл авдаг болсон. Мөн иргэн таны хурууны хээг ашиглан цаг бүртгэх, банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, худалдаа үйлчилгээ хэрэглэх зэрэг нь хориотой болсон.

Үүгээр ч зогсохгүй дууны, дүрсний, дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байрлуулж болох болохгүйг хүртэл уг хуулиар зохицуулсан. Тухайлбал ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй чөлөөт байх эрхэнд илтэд халдахаар байршилд дүрсний бичлэг байрлуулахыг хориглож байна" гэжээ. 

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭНД ДАРЖ БҮРЭН ЭХЭЭР НЬ УНШИНА УУ! 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top