Хоёр бөхөөс ДОПИНГ илэрч, тэдгээр бөхчүүд гэм буруугаа хүлээжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас 2022 оны гуравдугаар сарын 17, 19-ний өдөр МҮБХ-ноос зохион байгуулсан заал, танхимын барилдаанд  шөвгөрсөн 14 бөхөөс допингийн явцын шинжилгээг авч, түүний хариу иржээ.

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны мэдэгдсэнээр дээрх шинжилгээний явцад хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн байна. 

МҮБХ-ноос энэ өдрүүдэд буюу гуравдугаар сарын 17-нд Зэвсэгт хүчний 111 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, гуравдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Сант сумын "Илдэн бэйлийн хүчтэн" бөхийн холбооны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн (256) барилдааныг тус тус зохион байгуулсан билээ. 

Энэ талаар МҮБХ "Дээрх бөхчүүдийн шинжилгээний хариу Олон улсын допингийн эсрэг байгууллагын итгэмжлэгдсэн БНСУ-ын лабораториос 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагап ирсэн. Тус байгууллага мөн өдөр МҮБХ-нд дээрх хариуг хүлээлгэн өгсөн бөгөөд нийт 14 шинжилгээнээс 12 нь сөрөг буюу зөрчилгүй гарсан бол 2 шинжилгээнээс хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтсан нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн. Олон улсын допингийн эсрэг байгууллагаас гаргасан журмын дагуу хоёр бөхөд хариуг мэдэгдэхэд тухайн үед хоёр бөх орон нутагт явсан байсан тул дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өөрийн биеэр ирж, шинжилгээний хариуг хүлээн авсан.

Дээрх хоёр бөх нь хориотой эм бэлдмэл хэрэглэсэн шалтгаанаа дурдан, гэм буруугаа хүлээн, уучлал хүсэж, ямарваа нэгэн шийтгэл, хариуцлагыг хүлээн авахаа мэдэгдсэн өргөдөл, хүсэлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр МҮБХ-нд ирүүлснийг 2022 оны тавдугаар сарын 02-ны өдрийн Тэргүүлэгчдийн ээлжит хуралд танилцуулан, хэлэлцүүлжээ. Жич: Допингийн шинжилгээний хариуг бөхөд мэдэгдэх, мэдээлэх, хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг журмын дагуу шийдвэрлэж байгаа болно" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.43) 2022 оны 05 сарын 04

Нэрийг нь зарлаач

0  |  0
Russel(154.66.132.133) 2022 оны 05 сарын 04

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85

0  |  0
Зочин(150.129.141.253) 2022 оны 05 сарын 03

Допинг хэрэглэснээ хулээсэн л юм бол тэгээд зохих шийтгэлийг нь оноогооч, худлаа бултрээд л энэ бехийн холбоо гэж енге, менге харсан дуурчихсэн газар нэг байна аа

0  |  0
Top