Зуныг өнгөлөх 6 гол аксесуар

2022 оны 05 сарын 05

Загварын шинжээчид сүүлийн 12 сарын загварын цуглуулга, чиг хандлагыг шүүн дүгнэж, 2022 оны гол трендүүдийг нэрлэлээ.

Загварын салбарт ноёрхсон трендийн жагсаалтад 1990 ба 2000-аад оны стиль, сул хийцтэй цамц ба мини юбка гэх зэрэг “дэггүй” хэв маягтай хувцаснууд, oversize загварын пиджак, тансаг зэрэглэлийн брэндүүд ноёлох ажээ. Мини юбка нь эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээг орвонгоор нь өөрчилсөн 1960-аад оны бүтээл юм. Харин орчин үед уг юбка нь загвар, өнгө, хэлбэрийн өргөн сонголттойгоор эргэн ирлээ. Тухайлбал Miu Miu, Prada, Dior, The Attico брэндүүдийн мини юбка яагаад өмсөж болохгүй гэж. Сүүлийн үед стилистүүдийн сонирхлыг татаж буй төрөл бүрийн дүрстэй хээ нь дорно зүгээс гаралтай.

Мөн график хээнээс гадна зэрлэг амьтдын хээ ойрын хугацаанд моданаас  гарах төлөвгүй байна. Хувцасны өнгөнд энэ зуныг авакодо ногоон, нил ягаан, тод ягаан, улбар шар, үнсэн саарал, элсэн шаргал, гааны сэргэг өнгүүд тренд болох болох аж. Тэгвэл хувцаслалтыг утга төгөлдөр болгодог төрөл бүрийн аксесуарыг энэ удаа онцолж байна. Зуны эхэн сард хувцасны шүүгээгээ цэгцэлж, шинэ цуглуулгуудын хувцас болон аксесуараас сонголтоо хийхэд хамгийн тохиромжтой цаг. 2022 оны загварын цуглуулгаас хамгийн содон, анхаарал татсан өсгийт, гар цүнх, нарны шил, ээмэг зэргийг энэ удаагийн буландаа орууллаа. Эдгээр аксесуарууд нь энэ онд загварын хорхойтнуудын эрэл хайгуул болж, Instagram-ийг байлдан дагуулна гэдэгт загвар зохион бүтээгчид ч итгэлтэй байгаа аж.

 

LOEWE БРЭНДИЙН СЮРРЕАЛИСТ ЗАГВАРЫН  ӨСГИЙТҮҮД

Загварын ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн Loewe брэндийн сюрреалист гэмээр загвартай өсгийтийг онцолж байна. Брэндийн сүүлийн загварын шоун дээр моделиуд хагарсан өндөг, хумсны будагны сав, саван, лаа зэрэг этгээд хэлбэртэй өсгийтэй гутал өмсөн тайзнаа алхсан юм. Эдгээр өсгийт нь нэг хэсэгтээ л street style болон Instagram-ийн байлдан дагуулж буй юм.

ПЛАТФОРМ УЛТАЙ ӨСГИЙТ

Платформ ултай өсгийтэй гутлууд саяхан л анти-тренд байсан. Тэгвэл загвар зохион бүтээгч, дизайнерууд тус загварын гутлыг энэ жилээс идэвхтэй урлаж эхэлсэн нь мода эргэдэг гэдгийн ээлжит жишээ боллоо. Versace загварын ордон намар-өвөл 2021 цуглуулгаараа дамжуулан платформ ултай, нарийн оломтой, атласан өсгийтийг танилцуулсан бол бусад брэндүүд мөн адил платформ ултай өсгийтэй гутлыг зуны улиралд зориулж төрөл бүрийн хийц, материалаар урлаж эхэлжээ.

 

BALENCIAGA БРЭНДИЙН ТОМ ЛОГО БҮХИЙ ЭЭМЭГ

Маш том хэмжээний лого болон монограм хээтэй ээмэг нь ирэх улирлын гол чиг хандлагуудын нэгээр тодроод байна. Balenciaga брэндийн “B” үсгийн монограм хээтэй ээмэг нь “уйтгартай” хувцаслалтад ч өнгө нэмэх тул гэнэтийн арга хэмжээ, үйл явдлуудад бэлэн байх үүднээс тус загварын ээмгээс сонголтоо хийхийг зөвлөж байна.

 

CHANEL БРЭНДИЙН МОНОГРАМ ХЭЭТЭЙ ӨСГИЙТ

1990 болон 2000-аад онд алдаршиж байсан логогоор бүрхэгдсэн хувцас, аксесуарууд моданд эргэн ирлээ. Chanel загварын ордон хавар-зун цуглуулгаа 1990-ээд оны хэв маяг, тухайн үеийн загварын салбарын онцлогоос улбаалан гаргасан бөгөөд нарийн оломтой өсгийтэй гутлыг брэндийн монограм хээгээр чимсэн нь оновчтой шийдэл болсон билээ.

 

FENDI БРЭНДИЙН БУГУЙВЧ МЭТ ГАР ЦҮНХ

Fendi брэндийн авсаархан цүнх-бугуйвчийг танилцуулж байна. Ямар ч төрхийг илүү сонирхолтой харагдуулах уг цүнхийг том цүнхний хамт барьж ч болно. Бугуйвч мэт цүнхнүүд энэ жил маргаангүй тренд болно гэдгийг санаарай.

 

BALMAIN БРЭНДИЙН ФУТУРИСТ ХЭВ МАЯГИЙН НАРНЫ ШИЛ

Футурист хэв маяг ирээдүйд бүхий л салбарт зонхилох хандлагатай байна. Тэр тусмаа загварын салбарт энэхүү хэв маяг нь улам л эрчээ авч, томоохон брэндүүдийн шинэ цуглуулгад анзаарагдах нь олшров. Bottega Veneta, Balenciaga, Balmain болон бусад томоохон загварын ордонууд энэ оны хавар-зун улирлын цуглуулгууддаа футурист хэв маягийг шингээсэн бөгөөд этгээд загварын гутал, арьсан шаахай зэргийг толилуулсан билээ. Тэдгээрээс "The Matrix" киноны гол дүрүүдийг санагдуулам тэгш өнцөгт хэлбэрийн өргөн хүрээтэй, футуристик нарны шилнүүд зуны улиралд эрэлттэй байх болно

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top