Н.Сүндэръяа: Иогоор хичээллэснээр сэтгэл зүйн болон биеийн хувьд тэнцвэртэй болдог

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Урин дулаан цаг ирсэн энэ үед иргэдийн дасгал хөдөлгөөн хийх эрч нэмэгддэг билээ. Тиймээс төрөл бүрийн спортоор хичээллэхдээ өөрт тохирсон спортыг олохгүй, эргэлзэж тээнэгэлзэх нь бий. Сүүлийн үед хүмүүс иогоор хичээллэх нь түгээмэл болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын анхны Иогийн мастер, рок дуучин Н.Сүндэръяатай ярилцлаа.


-Иогийг хүмүүс спортын нэг төрөл үү эсвэл дасгал хөдөлгөөн үү гэх мэтээр эргэлздэг. Гэтэл дахиад Иогийн мастер гэдэг нэршил гараад ирэхээр гайхаж магадгүй. Та ямар чиглэлээр Иогийн мастер зэргийг хамгаалав. Зэргийнхээ талаар тайлбарлаж өгөөч?

-Иог бол миний хобби. Би 16 настайгаасаа хойш хичээллэж эхэлсэн. Олон ч бясалгалаар явж байлаа. Философи сонирхдог болохоор бясалгал нэг талаасаа ихээхэн сонирхол татаж байсан гэх үү дээ. Миний мастерын чиглэл бол академик сэтгэл судлалтай холбоотой бясалгал юм. Би академик оюун санаалаг тал руугаа мастер хамгаалсан хүн. Бусад хүн хатха иогийн чиглэлээр буюу биеийн уян хатан, хэцүү асана руу чиглэдэг мэт санагддаг. Одоо сэтгэл судлаач мэргэжлээр мастерт суралцаж байгаа. Бакалаврын зэргээ сэтгүүл зүйн ангид суралцаж, төгссөн.

-Та мастерын хичээлийнхээ талаар ярьж өгөхгүй юү?

-БНЭУ-д олон их сургуульд иогийн чиглэлээр академик үйл ажиллагаа явуулдаг. Иогийн шинжлэх ухаан гэж бий. Байгалийн эмгүй эмчилгээ ч үүний нэг хэсэг. Уламжлалт эмчилгээнээс ялгаатай. Байгалийн эмгүй эмчилгээ гэхээр эм, тан хэрэглэхгүйгээр байгалиас энерги нөхнө гэсэн үг. Жишээлбэл, наранд биеэ шарах, агаарт алхах, амьсгалын дасгалууд, мацаг барих гэх мэт. Миний мастерийн хичээл нь байгалийн эмчилгээний чиглэлийг иогтой хослуулсан юм. Энэ шинжлэх ухаанд иогийн сэтгэл судлал гэж бий. Баясалгал хамаарна гэх үү дээ. Сэтгэл судлал руу бясалгалын зарим судалгаануудыг оруулсан байдаг.

-Хүмүүс бясалгал, иог хоёрыг өөр ойлголт хэмээн андуурдаг. Энэ хоёр нь өөр үү эсвэл ижилхэн юм уу?

-Хүмүүс бясалгал, иог хоёрын тусдаа зүйл хэмээн ойлгодог. Иог гэдэг нь санскрит хэлнээс гаралтай нэгдэл гэсэн утга бүхий үг. Тэгэхээр иог дотор бясалгал ордог гэж ойлгох хэрэгтэй. Эхлээд биеийн иог хийж, булчингаа чангалж, эрүүл байх үндсээ тавьдаг. Дараа нь оюун санаа буюу амьсгал, бясалгал дээр төвлөрдөг юм.

-Энэтхэг иог, баруунжсан иог гэх мэт ойлголтууд байна л даа. Манайд бол барууны иог нь түгээмэл гэдэг. Энэхүү хоёр чиглэлийн иог нь юугаараа ялгаатай вэ?

-Хатха, аштанга, хүчний буюу повер иог нь америк гаралтай, арилжааны зориулттай иог. Иог бол хүчлэхгүй хийх ёстой гэсэн суурь философитой. Арилжааны иог гэдэг нь баруунжсан гэсэн үг. Америкчууд таргалалт, буруу хооллолт ихтэй учраас үүнд суурилж иог нь, арилжааны болж хувьссан. Үүнээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл манайд улсад барууны төрлийн иог түгээмэл болсон юм. Энэтхэгчүүд өөрсдөө гүрү буюу нэг хүнийг шүтэх философитой байдаг. Гэхдээ хүний зүрхний хэм, биеийн хүчний ачаалалд нь суурилж, хүчлэхгүйгээр иогийг хийх ёстой гэсэн үзэлтэй. Хоорондоо ийм ялгаатай.

-Сүүлийн үед агаарын иог болон халуун /викрам/ иог нэмэгдлээ. Эдгээр иогийн талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Агаарын иогийг зарим хүн буруутгадаг. Миний хувьд эерэгээр хүлээж авдаг. Учир нь, агаарын иог нь нурууны булчинг сунгах, уян хатан чанарыг нэмнэ. Газрын иогоос ялгаатай нь уян хатан байдлыг илүүтэй бий болгодог. Хичээллэх газар, багшаа сайтар судалсны үндсэн дээр л иогоор хичээллэвэл бэртэл, гэмтэл нь бага. Халуун иог ч гэсэн буруу төрөл биш. Өөрийн биеэ мэдэрч, зохих иогоороо хичээллэх хэрэгтэй. Халуун иогоор зүрх судасны өвчин, даралт, насны доройтол бүхий хүмүүс хичээллэх нь аюултай.

-Ямар ч спортод бэртэл, гэмтэл бий. Иогоор хичээллэх үед түгээмэл гарах бэртэл, гэмтлүүд нь юу байдаг бол?

-Иогоор хичээллэх нь нуруу нугас, араг яс, зүрх судас гэх мэт хүний бүхий л биеийг хамардаг. Манай улсад иогийн багш нарын холбоо бий. Тэдгээр багш нарт сургалт явуулахад олонх нь нуруу нь баруун тал руугаа муруй байсан. Багш нар дасгалаа заахдаа хоёр талдаа хийх дасгалыг нэг талдаа хийгээд орхичихдог, эсвэл өөрөө буруу хийх гэх мэтээр ямар нэгэн байдлаар нуруу нь муруйсан тохиолдол байдаг. Тэгэхээр багш нар өөрийн эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, өөрөө эрүүл байж бусдад заана шүү дээ. Америк төвтэй иогийн сургалтууд нь гар, толгойн дээрээ тогтох байдлаар маркетингаа явуулдаг. Бүх хүний биед эдгээр байрлал  нь тохирдоггүй. Үүнд жишээ дурдахад Америкт эдгээр байрлалаас үүдэж хөл, гараа гэмтээх, шөрмөс сунах, зөөлөн эдийн бэртэл гэх мэтээр төрөл бүрээр гэмтэх эрсдэл нэмэгдсэн. Хэрэв шөрмөс сунасан тохиолдолд манай улсад үүнийг эмчлэх эмчилгээ байхгүй шүү дээ. Тэгэхээр эрүүл мэндээ бодож дасгал хөдөлгөөн хийхгүй бол зурган дээр гоё гарах, харагдах байдал зэргээс шалтгаалан хийх нь өрөөсгөл юм. Энэ мэт гэмтлүүд багш нар гэлтгүй иогоор хичээллэж буй хүмүүст түгээмэл байдаг.

-Иогоор хичээллэснээс үүдсэн гэмт хэрэг, эсвэл хэт туйлширснаас улбаалж ямар нэгэн асуудалд орох зэрэг зүйл байгаа юу?

-Викрам иог нь америкт нэг хэсэг түгээмэл болсон иогийн төрөл. Холливүүдийн алдартай хүмүүсээр хүртэл маркетинг хийлгэдэг, олон улсын франчайз бүхий иогийн төрөл болсон байдаг. Гэтэл шавь нартайгаа ёс бус байдлаар бэлгийн харьцаанд орсон хэрэг бүртгэгдсэн. Улмаар энэхүү иогийн төрлийг заадаг багш хүчингийн хэргээр ял авч байсан. Тус төв нь одоо ч Америкт үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Бодууштай байгаа биз дээ. Мөн иогоор хичээллэсний эцэст юун дээр очиж дуусдаг вэ гэвэл хиндүизм дээр очдог. Хиндүизм гэдэг бол буддизм гэдгийн адил шашны төрөл. Иогийг хийсний эцэст хэт туйлширвал өмнө дурдсан гүрү буюу нэг хүнийг шүтэж, хиндүизм рүү орох хандлагатай байдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Дасгал байдлаар хийвэл иог бол сайн үр дүн өгнө. Харин хэт орох, туйлшрах аваас сөрөг нөлөө ч гэсэн бий.

-Тэгвэл иогоор хичээллэсний гол давуу чанар юу байдаг вэ?

-Иогийг шинжлэх ухаанаар судалж байна. Иог хийдэг хүмүүсийн стрессийг даах чадвар, биеийн ерөнхий эрүүл мэнд сайжрах, бие суларч, хөгшрөхөөс сэргийлэх, цусны эргэлт сайжрах, шөрмөсний суналт, гэмтлээс сэргийлэх зэрэг үр дүнтэй. Сэтгэл зүйн болон биеийн хувьд ихээхэн тэнцвэртэй болгодог. Техникийн хөгжил маш хурдацтай байна. Үүнээс болж хүмүүсийн стрессийн түвшин нэмэгдсэн. Үүнийг дагаад хүн өөрөө өрөөсөө маш их зүйлийг шаардаж эхэлдэг. Нийгэм дэх байр суурьтаа хэт санаа зовох хандлага ихэссэн. Энэ мэт зүйлстэй нүүр тулж буй хүнд иог нь тайвшрал, өөрийгөө мэдрэх, сэтгэл санаагаа тайван байлгах гэх мэт сайн үр дүнг өгдөг. Масловын онолыг дурдаж болно. Орон гэртэй, аюулгүй амьдрах, бие махбодын гэх мэт суурь хэрэгцээнүүдийг хангасны дараа хүн оюун санааны хэрэгцээгээ хангаж эхэлдэг талаарх онол юм. Тухайлбал, дэлгэцийн тоглоомонд донтсон хүүхэд ангидаа өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж нь муу, нийгмийн харилцаанд ороход хэцүү байсан ч иогоор хичээллэж эхэлснээр тоглоомонд донтох байдлаасаа ангижрах, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж, өөртөө итгэлтэй болох зэрэг ахиц гарсан. Бодит жишээ учраас, тухайн хүүхдийн нэрийг дурдаад яахав. Улмаар анхаарал төвлөрөх, бусад дасгал хөдөлгөөнийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Иогоор хичээллэх гээд хаанаас эхлэх, ямар төрлөөр нь хичээллэхээ мэдэхгүй хүмүүст хандаж зөвлөгөө өгөхгүй юү?

-Нэгдүгээрт, өөрөө сайн уншиж, судлах хэрэгтэй. Хоёрдугаарт, багшаа сонгохдоо сертификат болон ёс зүйг нь харах шаардлагатай. Анхлан суралцаж буй хүмүүст хатха иог илүү тохиромжтой. Энгийн, анхан шатны суурь техникүүдийг хатха иог өгдөг. Хурдан үр дүн хүссэнээс үүдэж хүмүүс суурь техникийг сурахгүйгээр, хүчний дасгал руу нь ордог. Ямар ч зүйлийн суурийг сайн тавих хэрэгтэй. Өмнө дурдсан энэтхэг болон америк чиглэлийн иогийн төрлөө л тэнцвэржүүлэх шаардлагатай.

-Та өмнө нь дурдсан. Иогийн нэг төрөл нь бясалгал гэж. Та өөрөө ч олон бясалгалын төвөөр явж байсан гэлээ. Манайд үйл ажиллагаа явуулдаг бясалгалын төвүүдийг юу гэж хардаг бэ?

-Би Монголд байгаа ихэнх бясалгалын төвд явж байсан. Өөрөө туршиж байсан болохоор зарим ажиглалтыг хийсэн юм. Тухайлбал, Шри шри бясалгалын төв нь хэт нэг хүнийг тахин шүтсэн байдаг. Мөн буддизм, хиндүизм шашны бясалгалууд ч бий. Ийм төрлийн бясалгалд хэт орох нь дэмий. Учир нь бусад бясалгалын төвүүд нь хүнийг шүтүүлдэг, шашин руу оруулдаг, шашны жижиг бүлэг болгож байгаа юм. Манай улсад сэтгэл зүйн болон оюуны дархлаа байхгүй. Одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ихэнх бясалгалын төвүүд аюултай юм байна гэж өөрийн туршлагаасаа харсан.

-Хоёулаа иог болон бясалгалын талаар багагүй ярилцлаа. Одоо таны урлагийн амьдралын талаар ярилцъя. Рок дуучны хувьд уран бүтээлээ туурвиж байгаа юу?

-Уран бүтээл гаргах хүсэл байна. Монгол индивидуал /хувь хүний бусдаас ялгарах онцлог шинж нь таныг илэрхийлнэ/ нийгэм байсан. Нийгмийн хандлага үзүүлж буй кино, орчноос ихээхэн шалтгаалдаг юм билээ. Тэгэхээр өмнө нь дуулдаг байсан үед маань хэрэгцээ, шаардлагаас гадна нийгэм илүү чөлөөтэй байсан санагддаг. Урлагаас хөндийрөхөд, хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, миний талаарх буруу мэдээлэл нийгэмд тархсан. Хоёрдугаарт, академик мэдлэгийг үнэлдэг учраас өөрийгөө боловсруулж, хөгжүүлэхээр завсарлага авсан.

-Хар тамхитай холбоотой шуугианыг ярьж байна уу?

-Намайг хар тамхитай холбосон нийтлэл нэг сайтад гарсан. Тэр нийтлэл бүх сонин, сэтгүүлээр тарсан. Миний дүр төрх хар тамхитай холбогдож, хар бараан болсон юм. Энэ нь надад маш том цочрол болсон. Түүнээс хойш олон нийтийн, урлагийн үйл ажиллагаанд оролцох дэмий юм байна гэж бодсон доо. Энэ асуудалд хэвлэлийн бага хурал хийж, тайлбар тавих хэрэгтэй гэж бодсон ч дэмий санагдсан. Тэгээд л бүхнийг орхимоор санагдсан даа.

-Таныг цомгоо гаргасны дараа хар тамхинаас гарахын тулд иогоор хичээллэхээр Энэтхэг явлаа гэсэн нийтлэл гарч байсан байх аа?

-Тийм ээ. Эхлээд хар тамхитай холбоотой байдлаар эрэн сурвалжилж байна хэмээн нийтлэл гарсан. Тэр үед би иогийн сургалтаар Энэтхэг явдаг л байлаа. Энэтхэг явлаа хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлсэн юм. Гэтэл үүнийг холбоод л нийтэлсэн байсан.

-Гаргаагүй цомог хэр их байгаа вэ?

-Олон байгаа. Надад гаргаагүй олон дуу, видео бий. Цаг үе, хүмүүсийн уур амьсгалыг харсныхаа дараа цомгоо гаргах эсэхээ шийднэ. Мөн контемпорари урлагийг сүүлийн үед их судалж байгаа.

-Тэгэхээр контемпорари буюу орчин үеийн урлагийг карьерын тань дараагийн үетэй холбоотой гэж ойлгож болох уу?

-Миний өөрийгөө илэрхийлэх урлаг поп арт биш. Массыг хамарсан, бүх хүнд хүрдэг уран бүтээл туурвихыг хүсдэггүй. Хүн чамайг худалдаж авч чадахгүй, үнэнийг, мэдрэмжийг, жинхэнэ үнэ цэнтэй урлагийг хүмүүст хүргэхийг гол чиглэлээ болгодог. Тиймээс контемпорари буюу орчин үеийн урлаг руу нэлээд судалсан. Улмаар миний урлаг контемпорари урлагтай холбоотой юм байна гэж бодсон. Венец хотод орчин үеийн урлагийн фестивалиуд болдог. Би үүнд сайн дурын ажилтнаар ажилласан. Монголын контемпорари урлагийг дэмжих сан гэж бий. Тэдэнтэй хамтарч уг фестивальд Монголын жижиг асарт ажилласан юм. Түүнээс гадна Хөх нар гэх бэсрэг контемпорари наадамд артистаар хоёр жил оролцсон. Би өөрийн дууг дуулж, зураг зурж оролцсон. Орчин үеийн урлагт дуу дуулах, зураг зурах гэлтгүй бүхий л төрөл хамаардаг. Тиймээс дараагийн урлагийн карьер маань орчин үеийн урлагтай холбогдоно.

-Уран бүтээлээ гаргаагүй удсан байна шүү дээ. Олон нийтэд хүргээгүй бүтээлээ хэзээ цацах вэ. Хүмүүс одоо үед рок урсгалыг сөрөг талаас нь бус урлагийн нэг том урсгал хэмээн хардаг болсон шүү дээ. Энэ үед таны эргэн ирэлтийг хүлээж буй олон хүн байгаа болов уу?

-Хүн байнга өөрчлөгдөж, хөгжиж явдаг. Би нэг хэсэг өөрөө шүлгээ бичиж, аяа зохиодог байлаа. Миний бүхий л амьдрал байсан. Нийгэмд өөрийгөө илэрхийлж буй зорилго маань байсан юм. Энэ нь хүүхэд, залуу үеийнхэн, сонсогчдодоо өөрийн мэдрэмжийг илэрхийлэх чөлөөтэй байх орчин. Монголчууд үнэхээр их эготой хүмүүс. Нийгэмд байр сууриа эзлэхийн тулд зайлшгүй нийгмийг дагаж, өөрийгөө зөвөөр илэрхийлэх шаардлагатай ард түмэн гэж боддог. Чи өөрөөр байх юм бол нийгмээс гадуурхагддаг, буруу хүн гэдэг шошгыг наалгах ард түмэнтэй улсад амьдарч байна. Намайг дуулж байх үед харьцангуй ардчилсан, чөлөөтэй байсан. Одоо коллективист нийгэм болсон мэт санагддаг. Азийн орны олонх нь улс орон коллективист байдаг л даа. Нийгмийн бүлэг хүмүүсээс өөрөөр сэтгэдэг хүмүүсийг буруу гэж үздэг хандлага гэсэн үг. Алдартан нь ямар нэг шуугиан, хов живд өртөхөөр сонсогч, үзэгчид үзэн ядсанаар тухайн хүнд орших шалтгаан байхгүй болж байгаа юм. Тиймээс Солонгос уран бүтээлчид их депрест өртөж, ядаргаа, сэтгэл гутралд өртөх, амиа хорлох зэрэг үйлдлийг хийдэг юм билээ.

Хүн сэтгэлийн амьтан шүү дээ. Тэгэхээр уран бүтээл туурвих үеийн маань цочролоос болж миний бүтээлийг хүлээж авч буй хүмүүсээс хаширлаж, айж, эмээх болсон юм байна хэмээн хожим өөрийгөө дүгнэсэн. Их хямарсан болохоор тайзан дээр гарахаас айдаг болсон. Тэгэхээр магадгүй таны хэлсэнчлэн хүмүүс одоо рок бүтээлийг илүү өөрөөр хүлээж авдаг болсныг үгүйсгэхгүй юм. "I can fly" нэртэй дуу маань олон нийтэд хүрэхэд бэлэн болсон. Энэ жилээс гаргах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ өөрийн уран бүтээлээ хэрхэн олон нйитэд хүргэх талаараа мэдэрч, бодох шаардлага ч байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fan(202.126.88.70) 2022 оны 06 сарын 21

Hurdan p duugaa gargaarai. Tesen yadan huleej baina. Tiim yum bichsen teneg humuusiig bitgii toogooroi. Hairtai shuu. Amjilt!!!

0  |  0
Өсөхөө(202.126.88.70) 2022 оны 06 сарын 21

Боловсролтой эмэгтэй дууг нь сонсох дуртай шүү. Одоо сэигэл судлаач болсон.

1  |  0
Ккк(202.9.47.131) 2022 оны 06 сарын 21

Гөөмөн ч том том бааж. ..

1  |  1
Шал өөр(202.9.47.131) 2022 оны 06 сарын 21

Зураг нь Сүндэрьяа мөн юмуу

0  |  1
Top