О.Эгшиглэнт-Од, С.Бишрэлт: Хувийн онгоцтой жүжигчид болох мөрөөдөлтэй

2022 оны 05 сарын 13

Монголын кино урлагт дутагдаж буй орон зай бол хүүхдийн бүтээл. Энэ орон зайг нөхөж байгаа киноны нэг "Том толгойтын адал явдал" цуврал юм. 2017 онд "Том дөрвөн толгой" нэрээр анхны ангиа толилуулж байсан кино баг саяхан дөрөвдүгээр анги болох "Том тоглоом-Гурван эрдэнийн эрэлд" киногоо нээсэн юм. Тус уран бүтээлээрээ Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах 13 дахь удаагийн "Мөнгөн мод-2021" ёслолын арга хэмжээнд наадмын кино урлагийн шилдэг бүтээлээр шалгарсан билээ. Харин одоогоор тус бүтээл Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-д илгээжээ. Уг бүтээлийг албан ёсоор хүлээж авснаа кино наадмынхан мэдэгдсэн. Тус уран бүтээлийн гол дүр болох О.Эгшиглэнт-Од, С.Бишрэлт нартай уупзаж уран бүтээл болоод кино наадмын талаар ярилцлаа.


-“Том тоглоом-Гурван эрдэнийн эрэлд” уран сайхны кино Каннын кино наадамд оролцох болсон. Дэлхийн хэмжээний улаан хивсний ёслолд оролцох гэж байгаа сэтгэгдлээ хуваалцаач?

О.Э: -Оны шилдэг уран бүтээлчийг тодруулах “Мөнгөн мод” наадмын кино урлагийн шилдэг бүтээлээр “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” цуврал хүүхдийн киногоор шалгарсан. Дэлхийн хамгийн том наадам болох 75 дахь удаагийн Каннын кино наадмын улаан хивсны ёслолд 15 насандаа оролцох гэж байна. Энэ сарын 14-нд нисээд 28-нд ирнэ. Цаг хугацаа ойртох тусам догдолж сэтгэгдэл өндөр байгаа. Миний краш IU Каннын наадамд оролцоно гэсэн. Түүнтэй уулзахыг үнэхээр их хүсэж байгаа.

С.Б: -Мэдээж маш гоё санагдаж байна. Явна гэхээс өдрийн бодол, шөнийн зүүд болж байна. Энэ долоо хоног ямар удаан өнгөрч байгаа гэж санана. Яг хоног тоолоод хүлээхээр өдөр, хоног бүр ч удаан өнгөрдөг юм байна. Очоод алдартнуудтай хамт зургаа авахуулахыг хүсэж байна. Найз маань өөрийн краш IU-д “Та амьдаараа илүү хөөрхөн харагдаж байна” гэж хэлнэ гэсэн. Би болохоор Ариана Грандетэй зургаа татуулахыг хүсэж байна.

-Удахгүй явах гэж байгаа юм байна шүү дээ. Очоод хэрхэх талаар ямар төсөөлөл төлөвлөгөө төрж байна вэ?

О.Э: IU-тэй зургаа хамт авхуулаад, кино урлаг, бусад зүйлсийн талаар ярилцвал гоё оо.

С.Б: -Эхлээд Канндаа долоо хононо тэгээд үлдсэн хугацаанд нь аялж байгаад  буцаад Монголдоо ирнэ. Гоё аялаад, шүтэн бишрэгчидтэйгээ таарах байх гэж бодохоор л хурдхан шиг явмаар байна.

-Каннын наадамдаа хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна вэ?

С.Б: Кино наадамдаа 10 хүний бүрэлдэхүүнтэй явна.

-“Том тоглоом-Гурван эрдэнийн эрэлд” уран сайхны киног үзээгүй хүмүүс бас байгаа шүү дээ. Киноныхоо талаар яриач?

С.Б: -Энэ кино 2020-2021 онд хийгдсэн. Бусад киноноос компьютер график чиглэлээрээ илүү гэж бодож байна. Байгалийн үзэсгэлэнт газруудаар их явсан Өмнөговь аймгийн Хонгорын элс, Хөвсгөл аймгийн нутагт орших Хорьдол сарьдгийн нуруу, Хэрмэн цав гэх мэт олон газруудаар явж зураг авалтаа хийсэн. Ганц зүйлийг хэлэхэд компьютер график ертөнцөд орон зай үнэхээр хэрэгтэй байдаг юм билээ. Энэ кино маань Монголын түүхэн дэх дөрөв дэх үлгэрийн кино гэж болох байх.

-Зураг авалтад нь хүндрэлтэй зүйл зүйл гарч байсан уу?

О.Э: -Монголын урд хойд хязгаарт очиж зураг авсан. Хамгийн хэцүү нь Хөвсгөл аймгийн нутагт орших Хорьдол сарьдгийн нуруу дээр очиход цас ороод өвөл болсон байсан. Өвдөг давсан цастай газар биеийн тамирын хувцас углааштай цасан дунд гүйж зураг авсан. Хөвсгөлд нэгэн агуйд зураг авсан түүн дотор нь атгасан гар шиг том мөстэй. Агуйгаас цааш харвал томоо зайтай. Агуйн ирмэг дээр зураг авч байх үед хүзүүний оосор олоод “Хөөе Золбоо, хүлээж бай л даа” гээд гүйдэг хэсэг дээр мөсөн дээр халтираад нэг мэдсэн ухаан алдсан байсан. Сэрээд харахад намайг агуйн гадаа гаргачихсан байсан.

-Энэ кино нь өмнөх ангиудаасаа юугаар ялгаатай вэ?

С.Б: -Сүүлд гарсан кино маань компьютер график үйлдлээрээ өөр л дөө. Байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зураг авсан.  Бид хоёр ихэнхдээ байгалийн сайханд зураг авахуулсан болохоор орон зайн баримжаа их хэрэг болдог юм билээ.

-Та хоёр уран бүтээлээсээ танилцуулаач?

С.Б: -“Бросис пикчерс”, “Хичээл дээр”, “Охидыг хайрлая”, “Танилцъя охин” зэрэг дуутай. “Хичээл дээр” дууг “Youtube” хуудаснаас 20 сая хүн үзсэн нь Монголын урлагийн салбарт дээгүүрт орох үзүүлэлт. Хоёр цомог, 20 гаруй видео клип, гуч гаруй дуутай.

-Та хоёрыг крашилдаг хүн хэр олон байдаг бол?

С.Б: -О.Эгшиглэнт-Одыг хамгийн олон хүн крашилдаг. Манай найз царайлаг, фэйсбүүкийн дагагч нь 11 мянга гарчихсан байгаа.

О.Э: -Тийм байсан (инээв). Одоо бол дагагчид маань 13 мянга руу дөхөж байгаа.

-Та хоёр хэзээнээс найзалж эхэлсэн бэ?

О.Э: -Манай хамтлаг анх 2018 оны аравдугаар сарын 01-нд байгуулагдсан. Анхны уран бүтээл гэвэл “Том дөрвөн толгойт” гэх киноноос эхэлж байсан. Бид хоёр нэгдүгээр ангиасаа найзалж эхэлсэн. Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид зургаадугаар анги хүртэл цуг сурч байгаад хоёулаа өөр, өөр сургууль руу шилжсэн ч гэсэн одоог хүртэл хамтдаа уран бүтээлээ хийсээр байна.

-Хөгжмийн ангид хамтдаа сурдаг байсан гэлээ шүү дээ. Хэн гэдэг багш нь дууны урлаг руу “уруу татсан” бэ?

С.Б: -Миний аав “Бросис пикчерс”-н ерөнхий продюсероор ажилладаг дуучин Э.Сүхжаргал гээд хүн байдаг. Хамгийн анх бид хоёрыг киноныхоо дууг өөрсдөө дуулах уу гэж асууж байсан. Тэгээд дуртайгаар хүлээж аваад киноныхоо хоёрдугаар ангиас эхлээд өөрсдөө дуулсан. Саяхнаас өөрсдөө дуу хийж эхлээд ”Хөгтэй аялал” киноныхоо дууг өөрсдөө зохиосон. Манай пикчерс найман өөр төрлийн кино хийсэн. Бид хоёр бүрэн хэмжээний дөрвөн кино, хоёр контентод тоглосон.

-Ирээдүйд юу хүсэж мөрөөддөг вэ?

С.Б: -Анх сургууль руугаа явахдаа өвөөдөө хийлээ үүрүүлээд өөрөө цүнхээ үүрээд л автобусаар явдаг байсан. Тэгээд том болоод бие дааж эхэлснээсээ хойш ганцаараа явж эхлээд одоо бүр машинаар явдаг болсон доо. Ирээдүйд хоёулаа урлагаараа явна гэж боддог. Би бас шүдний эмч болно гэж боддог

О.Э: -Ирээдүйд онгоцоор явдаг болно. Монголдоо хувийн онгоцтой анхны жүжигчид болох мөрөөдөлтэй. “Бросис пикчерс” маань олон ангит кино хийх гэж байна. Тус киноны дараа гурав дахь цомгийн ажилдаа орно доо. Найруулагч болоод Бишрэлтийгээ кинондоо тоглуулна бас IT инженер болно гэж боддог.

 

Б.Нарангоо

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top