ФОТО | Түүх соёлыг өнөө цагтай холбосон ХЭЛХЭЭ үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11


Жин хэмжүүр, олон төрлийн шилэн аяга савнууд, тэгш ус, газ, гал, бүдүүн нарийн соруул, олон төрлийн модон хутгуур, резинэн бээлий, нүдний шил, хорт утааны баг гээд л төрөл бүрийн зүйлээр дүүрэн урлан бол Н.Отгонбатынх.

Түүний урлан нь үргэлж туршилт явагдах лаборатори л гэсэн үг. Ер нь уран бүтээлчдийн урланг лабораторитой зүйрлэж болох юм… Харин түүний лабораторид нэг тийм онцгой зүйл бий. Хаа сайгүй өрөөстэй өнгө өнгийн будгууд, ширээ дүүрэн ном, шалан дээр дусаж хатсан шингэн шил, эргэн тойрон байрлах ширэнгэн ой мэт олон ургамал, кофены үнэр будгийн үнэртэй холилдон байх энэ л газар тэрбээр алдаж оносон олон туршилтуудаа хийсээр нэн шинэ, маш дураараа нэгэн материалыг өөрийн эрхшээлд оруулж чадсан уран бүтээлч юм.
 


Тэрбээр хэний ч алхаагүй газарт “жим” гарган зоригтойгоор шинэ медиум болох шингэн шилээр бүтээлээ хийж Resin-Art-ыг монголдоо таниулж яваа уран бүтээлч билээ.

Нэн шинэ, хянахад амаргүй медиум, олон төрлийн материалын тоглолт, сэтгэл татам өнгөний шийдлүүд түүний бүтээлийнх нь агуулгыг улам тодотгоно.
 


“Хэл хээ” бол бидний түүх, соёл, уламжлалын өөрчлөлт шинэчлэл мөн хувьслын хэлхээ юм.

Хэлхээ нэрний учрыг ярилцах үед тэрбээр “Юмс үзэгдэл шилжин хувьсахдаа хуучнаасаа хэсгийг таслан авч зарим нь гээгдсээр өөрийн шинэ өнгө төрхөө олдог. Хурдацтай өөрчлөгдөн даяарших энэхүү цаг хугацаанд бид өөрсдийн өв соёл, үнэт зүйлсийн тухай эргэн харж авах гээхийн ухаанаар хандаж, хойч үедээ эдгээр үнэт зүйлсээсээ үлдээх нь уран бүтээлч бидний үүрэг гэж бодож байна” гээд өөрийн судалгааны номнуудаасаа үзүүлэв. Эндээс түүний бүтээлийн хээ угалз, өнгөнүүдийнх нь тухай бид ярилцав.
 


“Хээ бол цаг хугацааны илэрхийлэл, зөн совингийн тэмдэг”. Энэ үгээр Н.Отгонбатын хэлэх гэсэн санааг бүрэн илэрхийлж болно. Хээний тухай ярихад өнгө ярихгүй байхын аргагүй. Байгалийн өнгийг неон тод өнгүүдтэй эсрэгцүүлэн, хоршуулан тоглосон нь уламжлалт хээг орчин үеийн өнгө төрхтэй шинэлэг болгож чаджээ. Өнгө бол гэрэл байхад л бидэнд харагддаг. Тэгэхээр гэрэл бол бүх зүйлийн эхлэл бөгөөд өнгийг бидэнд өгч, өнгөөр бид олон зүйлийг, сайн мууг хүртэл ялгадаг. Өнгө бол амьдрал юм.

Хэллэгийн хувьд товч дүрслэл, содон огтлол, хуваалт ашиглан юмсын дотоод мөн чанарын илэрхийллийг, монголын өв соёлын элементүүдийг онцлон харуулна. Уран бүтээлч Н.Отгонбат бол шинийг эрэлхийлэгч юм...

ВИДЕО ҮЗЭХ
 

 

 

"ХЭЛХЭЭ" үзэсгэлэн "Хаан галерей"-д тавдугаар сарын 28-ныг хүртэл байршина. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top