Ц.Бавуудоржийн “Тарнийн цагаан цэцэг” роман хэвлэгдлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Тарнийн цагаан цэцэг” роман хэвлэгдэж, түмэн олны оюуны мэлмийд очиж байна. Тэрбээр өмнө нь “Шувууг сулла”, “Үзэсгэлэнт сараана” нэртэй өгүүллэг, туужийн ном хэвлүүлж байсан нь уншигч таны оюун санаанаас алсраагүй байж таарна.

Зохиогч шинэхэн романыхаа эхэнд “Өнөөдөр үндэсний уламжлалт соёл, шашиндаа хэрхэн яаж хандахаас бидний ирээдүй, маргааш шалтгаална” гэсэн ишлэлийг нөхдийнхөө ярианаас онцлон шигтгэсэн нь тухайн романы агуулга, зорилгыг товч бөгөөд тодорхой өгүүлэх аж.  

Эртнээс номт гурван орны нэг хэмээн алдаршсан монгол оронд шашны олон мэргэд төрж, оюун санааны цаглашгүй өв санг баяжуулсаар ирсэн нь өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар байна. Энэ мэргэдийн дотор “Халхын 13 тамгатай хутагт” гэж алдаршсан гэгээнтнүүд зүй ёсоор багтдаг.

Тэгвэл энэ романыг тамгатай хутагтуудын нэг Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуунд мэндэлсэн Ялгуусан хутагт Чимидцэрэнгийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хутагтаас өмнөх 15 дүр эдүүгээ цагт мэндэлж тодроод байгаа 17 дахь дүр хүртэлх гэгээдийн тухай хууч, домог, сурвалж, баримт зэргийг иш үндэс болгон, уран сайхнаар боловсруулан тууривжээ.

Цөвүүн цагийн илд шашин соёлын өв санд төдийгүй эрдэмт мэргэдийн хувь заяанд ямархан хөнөөл авчирч байсныг энэ роман сануулахын зэрэгцээ олон шашны эргүүлгэнд автан, толгойгоо алдаж буй энэ цаг үеийнхэнд өчигдрөөсөө дотоод гэрлээ эр, ол хэмээн далд нэгээхэн хүүрнэлээр учирлах мэт. Мөн үйлийн үрийн тойргийн тухай битүүхэн сануулах шиг. Тухайн роман хэл, найруулга, уран дүрслэлийн хувьд ур чадвар шингэсэн зохиол болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top