ӨНЦӨГ: Лам, бөө нарын хэрэг хэрээс хэтэрлээ

2022 оны 05 сарын 16

Монголын нийгэмд ужиг болон тогтсон асуудал байгаагийн нэг нь хүний шүтлэг бишрэл дээр “тоглолт” хийдэг увайгүй хүмүүсийн үйлдэл юм.

Тэр хүмүүс бол лам, бөө нар. Мэдээж энд бүгдийг нь гэж хэлэхгүй ч бусдынхаа нэр хүндийг шаварт хутгаж орхидог шалдар булдар хүмүүс цөөнгүй байна. Баримт сөхье.


СЭРЖИМ ӨРГҮҮЛЭХ НЭРЭЭР ХҮНИЙ ЖААХАН ҮРИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ХЭРЭГ
 

Насанд хүрээгүй охиныг зүс таних лам машинд хүчирхийлсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус хэрэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, тус дүүрэгт оршин суудаг 15 настай охиныг зүс таньдаг лам засал хийнэ гэж гэрээс нь авч яваад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Сансар орчимд оршин суух Ц.Ө гэх 45 настай лам “Сэржим өргүүлэх хэрэгтэй байна” гэж дуудан гаргаад байрны хажууд машинд хувцсыг нь тайлан хүчирхийлэл үйлджээ. Тухайн охины ар гэрийнхэн урьд нь тус ламаар засал ном хийлгэж байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ мэт бусдын итгэл сүсэг дээр дулдуйдан дураараа авирлагч лам нар цөөнгүй. Цаашлаад янз бүрийн засал ном хийх нэрээр хэрэг  төвөг үйлддэг бөө нар ч цөөнгүй. Заримаас нь дурдъя.


ЗАН ҮЙЛ ХИЙЖ БАЙГААД ШАТАЖ НАС БАРАВ
 

Бөөгийн зан үйлийн тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Тодруулбал, өнгөрсөн онд Налайх дүүргийн зургаадугаар хороо, Тэрэлжийн “Мэлхий хад”-ны орчимд бөө нар нийлж зан үйл хийж байхдаа нэг хүн галд шатаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 28 настай Э нь зан үйлийн галын тахилга үйлдэж байгаад шатаж нас барсан нь тогтоогдсон байдаг.


ТӨРИЙН ТАХИЛГАТ УУЛЫГ БӨӨ НАР ГАЛДСАН НЬ
 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг төрийн тахилгат Шилийн богд ууланд хоёр жилийн өмнө  бөө нарын балгаар түймэр гарч байв. Азаар эл түймрийг хэсгийн төлөөлөгч, ЗДТГ-ынхан, нутгийн иргэд, жуулчны баазын ажилтнууд, хилийн 0184 дүгээр ангийнхан нийлж газар авахуулалгүй унтраасан удаатай. Орон нутгийн цагдаагийн байгууллагынхан “Дарьганга сумын нутаг дахь улсын тусгай хамгаалалттай, байгалийн дурсгалт газар болох Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800, өргөн нь 400 метр талбайг хамарсан түймэр гарсныг унтраан шалгаж байна. Гал тавьсан байж болзошгүй хэмээн таван хүнийг саатууллаа” гэж мэдээлж байв. Мөн Улаанбаатар хотоос очсон, нэг машинтай таван хүн бөөгийн зан үйл хийж байгаад гал алдсан талаар өгүүлсэн байдаг. Улмаар хэргийн газраас гэмт этгээдүүдийг  зугтаж явахад нь сумын хэсгийн төлөөлөгч саатуулсан талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв.


ШАДИВЛАНД ГАРСАН ТҮЙМРИЙН ХЭРЭГ БӨӨ НАРТАЙ ХОЛБОГДЛОО
 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан зуслангийн орчмын ногоон бүст 2015 онд мөн л түймэр гарч түмэн олныг сандрааж байв. Түймрийг Нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт эргүүлийнхэн илрүүлэн нэмэлт хүч дуудан 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллан цурманд оруулсан байдаг. Тухайн үед гал гарсан шалтгаан нөхцөлийг албаныхан гаргахдаа “Иргэд бөө мөргөлийн шашны зан үйл хийж байгаад энэхүү галыг алдсан” гэдгийг тодотгож байв. Галын улмаас хоёр га газар шатсан байдаг.

БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ҮЙЛДЭЖ ӨӨРИЙГӨӨ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ
 

Бөөгийн зан үйл үйлдэж байгаад өөрийгөө гэмтээсэн хэрэг  2013 онд нийслэлд гарч байв. Цагдаагийн байгууллагаас  “Цэргийн төв эмнэлэгт гэмтсэн хүн ирж хэвтсэн” гэсэн дуудлагаар очиж шалгахад, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны .... тоотод суух 35 настай эрэгтэй "Э" бөөгийн зан үйл хийж байгаад өөрийгаа хутгаар хоёр удаа хатгаж гэмтээсэн нь тогтоогдсон байдаг. Энэ мэт бөө нарт тохиолдсон олон хэргийг дурьдаж болно. Дээрх хэргүүдийг нэхэн сануулж байгаагийн учир нь дахиад ийм харамсалтай зүйл битгий гараасай гэдгийг сэрэмжлүүлэх зорилготой юм. Бөө нар зан үйлээ хийхдээ болгоомжтой хандаж, өөрийгөө болон өрөөл бусдыг цаашлаад байгаль эх дэлхийдээ учруулж болзошгүй эрсдлийг байнга тооцохыг сануулж байна.

Ө.БАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top