Улсын дээд шүүхэд АН-ын даргад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн бүртгэлтэй байгаа эсэх талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр АН-ын одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан тус нам байгуулагдсанаас өнөөдрийг хүртэлх бүртгэлтэй байсан намын дарга болон одоо итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байгаа эсэх талаар мэдээлэл авахаар УДШ-д өргөдөл хүргүүлжээ.
Үүний хариуд УДШ-ийн цахим бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй гэх тайлбар өгсөн байна.
ШУУД ҮЗЭХ:
Энэ талаар хуульч Н.Ариунболд "Монгол Улсад мэдээлэл авах эрхийн тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн хүрээнд Ардчилсан намын гишүүн, хуульч хүний хувьд Улсын дээд шүүхийн бүртгэлд эцсийн байдлаар АН-ын талаар ямар мэдээлэл байгааг мэдэхээр өргөдөл гаргасан юм.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар УДШ-д Ардчилсан намын даргад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаа эсэхийг тодруулсан.
Мэдээлэл авах хүсэлт явуулахдаа АН байгуулагдсанаас хойш намын дарга бүртгэлтэй байсан хүмүүсийн талаар болон одоо итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаа эсэхийг тодруулсан. Үүний хариуд 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхээс надад албан тоот ирүүлсэн юм.
Энэ албан тоотоор З.Энхболд, С.Эрдэнэ, Ц.Туваан нарын хүсэлтийг харгалзан бүртгэсэн. Дараа нь Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг татгалзсан гэх мэдээллийг өгсөн.
УДШ-ийн Ерөнхий шүүгч мөн хариу өгсөн байна. Ингэхдээ "УДШ-ийн цахим бүртгэлд АН-ын даргад итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэр байхгүй болохыг мэдэгдье" гэсэн.
Цахим бүртгэлийн сан нь Улсын дээд шүүхийн албан ёсны эх сурвалж болдог юм билээ. Цахим сайт руу нэвтрэн орвол Монголд Улсад бүртгэлтэй албан ёсны бүх намуудын мэдээлэл бий. Эндээс АН-ын бүртгэлийг харвал хамгийн сүүлд АН-ын дэд дарга Ц.Тувааныг бүртгэсэн. Дараа нь 2021 оны нэгдүгээр сарын 14-нд бүртгэлээс хассан гэсэн байна.
Өнгөрсөн хавар зохион байгуулсан АН-ын даргын сонгуульд нэр дэвшсэн хоёр хүнийг бүртгээгүй. Учир нь хоёр удаа сонгууль хийсэн, дүрэмд нийцэхгүй байна гээд тус шийдвэрийг гаргасан юм билээ
Улс төрийн нам дотор үүсээд буй ямар нэгэн маргааныг Улсын дээд шүүх шийдвэрлэхгүй. Ардчилсан байдлаар дотооддоо шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм билээ" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )