Олимпын аварга Н.Түвшинбаярыг хорих ангиас өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд авчрав. Учир нь түүнд холбогдох хэргийн шүүх хурал товлогдсоны дагуу шүүх бурэлдэхүүн өглөөний есөн цаг 30 минутад цугласан нь энэ аж. Тус шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгээр анхан шатны шүүх хуралд арван гэрчийг оролцуулж, шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхнийг байлцуулахаар тохирсон байдаг. Мөн шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Доржсүрэн удирдаж, улсын яллагчаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц нар оролцохоор болсон байдаг.
Тэгвэл Н.Түвшинбаярын гэм бурууг тогтоох шүүх хурал товлогдсон ёсоор үргэлжилсэнгүй. Харин тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
ШҮҮГЧЭЭ СОЛИХООР БОЛОВ
Урьдчилсан хэлэлцүүлгээр хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбалын зүгээс гэрчүүдийг шүүх хуралд оролцуулж, хэргийг хаалттай хийх санал гаргасныг Д.Доржсүрэн шүүгч хүлээж авсан байдаг. Харин өчигдөр Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлсэн ч даргалагч шүүгч нь өөрөө хэргээс татгалзахаар шийджээ.
Тодруулбал, даргалагч шүүгч Д.Доржсүрэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан бусад үндэслэлээр татгалзан гарах хүсэлтийг бүрэлдэхүүний шүүгчид хянан хэлэлцээд татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн байна. Иймд хэргийг дахин хуваарилалтад оруулж, өөр шүүгч томилон хуралдааны товыг тогтохоор болжээ.
Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчид удаа дараа нөлөөлөх мэдээлэл тараасан үйлдэл гаргасан асуудлаар шүүгчээс нөлөөллийн мэдүүлэг бичсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн шинжийг агуулсан гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж.
“Н.ТҮВШИНБАЯР ЯМАР Ч НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ”
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноров "Илтгэгч шүүгч нь өөрөө татгалзах хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийг нь бүрэлдэхүүн шүүгч нар хэлэлцээд хүлээж авлаа. Хэрэг дахиж хуваарилагдтал хугацаа тодорхойгүй шүүх хурал хойшиллоо. Н.Түвшинбаярын зүгээс шүүгчид нөлөөлсөн, цагдаагийн байгууллага шалгаж байна гэдэг худал мэдээлэл цацагдсан. Энэ бол худлаа мэдээлэл, хэн нь ч нөлөөллийн үйл ажиллагаа явуулаагүй. Н.Түвшинбаярын зүгээс ямар ч нөлөөлөх зүйл хийгээгүй, хийх ч үгүй" гэх тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН ГЭГЧ ХЭН БЭ
Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт шүүгчээр томилогдсон Д.Доржсүрэн гэж хэн бэ. Түүний хувьд АТГ-т 2013-2020 он хүртэл долоон жил мөрдөгчөөр ажилласан нэгэн гэнэ. Улмаар Д.Доржсүрэнг өнгөрсөн 2020 оны тавдугаар сарын 27-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон аж. Хуучин ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн нь Н.Түвшинбаяр байсныг олон нийт андахгүй. Харин Х.Баттулгын томилсон шүүгч Н.Түвшинбаярыг шүүнэ гэдэг бас л эргэлзээтэй. Иймээс ч олны анхаарлыг татсан дээрх шүүх хурал улам ээдрээтэй болж, эхнээсээ хойшлогдоод байгаа нь энэ юм.
“ШУДАРГА ШҮҮХЭД ИТГЭЖ БАЙНА”
Шүүх хурлын талаар хохирогчийн эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хаягтаа дараах байр суурийг илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Н.Түвшинбаярын талаас шүүхэд нөлөөлөх гэж оролдсон байна Хайрт ханийг минь үнэхээр хэрцгийгээр үгүй хийчихээд бас л их зориг оо. Шударга шүүгч хараат бусаар хэргээ шийдвэрлэхээ илэрхийлж, хуульд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, нөлөөлсөн этгээдийг Цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон гэнэ. Шударга шүүхэд би, бид итгэж байна. Монголын сайхан ээжүүд эмэгтэйчүүд ханийн минь үнэнч дэмжигч нар минь цагаан сүүнийхээ дээжийг өргөөд мэддэг тарниа уншаад байж байгаарай. Үнэн хэзээд ялах ёстой” гэжээ.
Н.ТҮВШИНБАЯРТ ЯМАР ЯЛ ОНООХ ВЭ
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Тодруулбал, түүнд 12-20 жилийн ял оноох хуулийн заалттай гэх. Эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэх аж.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )