Соёлын сайд Ч.Номингийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн газрыг эргүүлэн авах асуудлаар 2021 онд шүүхийн байгууллагад хандаж, шат шатны шүүхийн шийдвэрээр эцэслэгдлээ.
Дээрх газрын маргаан шийдэгдсэнтэй холбогдуулан өчигдөр Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны удирдлагуудын хамт Чойжин ламын сум музейд ажиллав.
2001 онд Засгийн газрын хуралдаанаар Чойжин ламын сүм музейг улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан байдаг юм.
Харин 2007 онд тухайн үеийн музейн удирдлагууд хувийн хэвшилтэй “Хамтран ажиллах” гэрээ байгуулж, 800 м.кв газрыг авто зогсоол хэлбэрээр ашиглуулж ирсэн. Энэ зогсоол нь музейн хэрмэн хашааны дагуу байрлалтай бөгөөд хамгаалалтад сөрөг нөлөөллийг бий болгож байна гэсэн дүгнэлт гарсан.
Үүнээс гадна хувийн хэвшлийн авто зогсоол болгосон 800 м.кв газрын төлбөрийг 13 жилийн турш Чойжин ламын сүм музей төлж ирсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд зогсоолын орлогоос нэг ч төгрөгийн ашиг хүртэж байгаагүй байна.
Музейн удирдлагууд 2014 оноос хойш энэ асуудлыг шат шатанд нь тавьж байсан хэдий ч өнөөг хэр нь шийдэгдээгүй байсан юм. Харин 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шат шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, Чойжин ламын сүм музей өөрийн эзэмшлийн 800 м.км газрыг чөлөөлүүлж авахаар болж байна.
Тиймээс Соёлын сайд Ч.Номин Соёлын яамны болон Чойжин ламын сүм музейн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, чөлөөлөгдөж байгаа авто зогсоолын оронд иргэдийн амарч, зугаалах ногоон байгууламж байгуулах, хотын захиргаатай хамтран иргэдэд таатай орчин бүрдүүлэх, хүүхэд, явган хүний зорчих хэсгийг автозамаас тусгаарлах ажлыг эхлүүлэхийг үүрэг болголоо.
Мөн цаашид музей, музей орчмын газраас хувийн хэвшилд олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр бусдад давуу байдал үүсгэх, музейн хамгаалалтын бүсэд халдах зэрэг асуудал гаргахгүй байхад онцгой анхаарахыг сануулав.
Соёлын яамнаас Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг Монголын түүх, шашин, соёл урлагийн өв, дурсгалуудыг сэргээн засварлах, хүчитгэх ажлуудыг хийхээр энэ оны төсөвт зардлыг нь тусгасан. Тухайлбал, энэ жил Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг хийхээр төсөвт 1.7 тэрбум төгрөг тусгаж, музейг бүрэн засварлахаар ажил нь эхэлсэн.
Музейн засвар, хүчитгэлийн ажил эхэлсэнтэй холбогдуулан соёлын биет өвийн сэргээн засварлах судалгаа, шинжилгээ, мэргэжлийн зураг төсөл гаргах зэрэг асуудалд онцгой анхаарахыг Соёлын сайд Ч.Номин холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Сэтгэгдэл ( 1 )
улсын газрыг зогсоолоор түрээслэж ашиг олсон этгээдүүдээс зогсоолын төлбөрөөс олсон ашгийг нь эргүүлж нэхэмжилж аваач. Тэр мөнгөөрөө хэрэгтэй байгаа газар нь замаа барих хэрэгтэй ш дээ.