Дөрвийн даваанаас шинжилгээ авч, НААДМЫН ДАРАА цол олгох хувилбар

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар яг одоо  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас оруулж ирж буй тус хуулийн төсөлд эрлийз морьдыг үндэсний баяр наадмаар уралдуулахгүй байхаар тусгайлан заалт оруулсан аж.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанаас эхлэн допингийн шинжилгээ авдаг болох, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол олгох гэх мэт өөрчлөлтүүд тусгагджээ.


ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2022 оны … дугаар

сарын … -ний өдөр

 

Улаанбаатар

                       хот

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

 

1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

2 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын хууль тогтоомж

 

            2.1.Үндэсний их баяр наадмын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Соёлын өвийг хамгаалах тухай хууль[2], Биеийн тамир, спортын тухай хууль[3], энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

 

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

 

            3.1.Энэ хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбоотой харилцааг Биеийн тамир, спортын тухай хуулиар зохицуулна.

 

            3.2.Үндэсний их баяр наадмаас бусад Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдах үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харваатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

 

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

 

            4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

                        4.1.1.“Үндэсний их баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг;

 

                        4.1.2.“үндэсний спорт” гэж Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.5-д заасныг;

 

                        4.1.3.“допинг” гэж Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.14-т заасныг;

 

                        4.1.4.“Олон улсын допингийн эсрэг агентлаг” гэж Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.15-д заасныг.

 

5 дугаар зүйл.Үндэсний их баяр наадам

 

5.1.Үндэсний их баяр наадам нь улс, аймаг, сумын баяр наадмаас бүрдэнэ.

 

5.2.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ.

 

5.3.Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ зүйлийн 5.2-т зааснаас өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх бол улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтооно.

 

5.4.Энэ хуулийн 5.3-т заасан нөхцөлд аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг 8 дугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байхаар тогтооно.

 

5.5.Улсын баяр наадмыг нийслэл хотод, эсхүл Засгийн газраас тогтоосон газарт, аймаг, сумын баяр наадмыг тухайн шатны Засаг даргын тогтоосон газарт тэмдэглэнэ.

 

5.6.Газар зүйн байршлын хувьд нэг аймгийн зэргэлдээ сумын баяр наадмыг хамтран зохион байгуулж тэмдэглэж болно.

 

5.7.Улсын баяр наадмаар нийслэлийн алслагдсан дүүргийн баяр наадмыг тусад нь зохион байгуулж болно.

 

5.8.Энэ зүйлийн 5.7-д заасан баяр наадмыг зохион байгуулахдаа аймгийн баяр наадамтай адилтган үзнэ.

 

5.9.Улсын баяр наадмаар үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын болон шагайн харваа, хурдан морины уралдааныг явуулна.

 

5.10.Аймаг, сумын баяр наадамд үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын болон шагайн харваа, хурдан морины уралдааныг явуулна.

 

5.11.Энэ хуулийн 5.8-д заасан баяр наадамд шагайн харвааг явуулж болно.

 

5.12.Их Монгол Улс байгуулагдсаны тэгш ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ.

 

5.13.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын баяр наадмаас тусдаа нийслэл хот, дагуул хот, дүүрэг, хороо, баг баяр наадам зохион байгуулахгүй.

 

5.14.14-өөс 18 насны өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан болон сурын харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулж болно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ

 

6 дугаар зүйл.Баяр наадмын нээлт, хаалт

 

6.1.Монгол Улсын Төрийн тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу улсын баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.

 

6.2.Улсын баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, хааж үг хэлнэ.

 

6.3.Монгол Улсын Төрийн тугийг тогтоосон журмын дагуу Төрийн ордонд буцаан зална.

 

7 дугаар зүйл.Төрийн ёслолын бусад арга хэмжээ

 

7.1.Улсын баяр наадмын өмнөх өдөр Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэл, цэргийн ёслолын жагсаал хийх, Их эзэн Чингис хааны хөшөө, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх, хүндэтгэлийн концерт тоглох арга хэмжээг зохион байгуулах бөгөөд төр, засгийн удирдлага, улс төрийн нам болон иргэдийн төлөөлөл байлцана.

 

7.2.Тэгш ой тохиосон бол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан, баярын хурал, ёслолын буудлага хийж болно.

 

7.3.Улсын баяр наадмыг тохиолдуулан монголын түүх, соёл, ёс заншил, өв уламжлалыг харуулсан урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулж болно.

 

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан арга хэмжээг үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо /цаашид “зохион байгуулах хороо” гэх/, төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээдийг оролцуулан зохион байгуулж болно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН, ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН,

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА, ШАГАЙН ХАРВАА

 

8 дугаар зүйл.Үндэсний бөх, хурдан морь, сурын болон шагайн харвааны цол, чимэг

 

8.1.Зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид болон энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг харгалзан гаргасан зохион байгуулах хорооны саналыг үндэслэн уяачид үндэсний спортын төрлөөр улсын цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч олгоно.

 

8.2.Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээг өгсөн бөх, сурын харваач допинг хэрэглээгүй болох нь допингийн шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шинжилгээний хариу батламжийг үндэслэн тухайн бөх, харваачид улсын цолыг олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

 

8.3.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн 8.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зарлиг гаргаж, тухайн бөх, сурын харваачид улсын цол олгоно.

 

8.4.Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, сурын харваачид аймаг, сумын цолыг аймаг, дүүрэг, сумын Засаг дарга, аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн шагайн харваачид спортын төрлөөр аймгийн цолыг аймгийн Засаг дарга олгоно.

 

8.5.Энэ хуулийн 10.5, 10.6-д заасан амжилт, тухайн үндэсний спортын холбооны саналыг үндэслэн гаргасан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн уяачид аймаг, дүүрэг, сумын Засаг дарга, аймгийн баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн шагайн харваачид спортын төрлөөр аймгийн цолыг аймгийн Засаг дарга олгоно.

 

8.6.Цолны чимэг, бай шагналыг зохион байгуулах хороо, салбар хороо олгоно.

 

8.7.Үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол, чимэг олгохгүй.

 

8.8.Энэ хуулийн 9, 10, 11, 12 дугаар зүйлд заасан цол, чимэг олгох болзол, журмыг хангаагүй бөх, сурын болон шагайн харваач, уяачид цол, чимэг олгохыг хориглоно.

 

9 дүгээр зүйл.Үндэсний бөхийн барилдаан

 

9.1.Улсын баяр наадамд 10 жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон  Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилдана.

 

9.2.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх нь 18 насанд хүрсэн хүн байна.

 

9.3.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дараах амжилт гаргасан бөхөд доор дурдсан улсын цол олгох батламж олгоно:

 

9.3.1.тав давсан бөхөд улсын начин;

9.3.2.зургаа давсан бөхөд улсын харцага;

9.3.3.долоо давсан бөхөд улсын заан;

9.3.4.найм давсан бөхөд улсын гарьд;

9.3.5.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн бөхөд улсын арслан;

 

9.3.6.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын арслан цолтой бөхөд улсын аварга;

 

9.3.7.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын аварга цолтой бөхөд улсын даян аварга;

 

9.3.8.ес даван түрүүлсэн, эсхүл аравын даваанд үзүүрлэсэн улсын даян аварга цолтой бөхөд улсын дархан аварга.

 

            9.4.Дархан аварга цол нь үндэсний бөхийн дээд цол байна.

 

9.5.Аймгийн баяр наадамд 18 насанд хүрсэн 128 хүртэл бөх барилдах бөгөөд тав давсан бөхөд аймгийн начин, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно.

 

9.6.Сумын баяр наадамд 16 насанд хүрсэн 64 хүртэл бөх барилдах бөгөөд үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.

 

9.7.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлан барилдах эрхийг хязгаарлахыг хориглоно.

 

10 дугаар зүйл.Хурдан морины уралдаан

 

10.1.Хурдан морины уралдааныг монгол үүлдрийн адууны стандартад нийцсэн морийг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна.

 

10.2.Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг долоо, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна.

 

10.3.Хурдан морины уралдааны явцад хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэх болон стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэглэл хэрэглэж байгаа эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

 

10.4.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь арван удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан бол уяачид улсын тод манлай уяач цол олгоно.

 

10.5.Аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.

 

10.6.Сумын баяр наадмын хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.

 

10.7.Улс, аймаг, сумын цол олгох уяачийн морины 50, түүнээс дээш хувь нь азарга, их насны ангилалд улс, аймгийн баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд түрүүлсэн, айрагдсан байна.

 

10.8.Уяачид улс, аймаг, сумын цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно.

 

10.9.Энэ хуулийн 10.4, 10.5, 10.6, 10.7-д заасны дагуу уяачийн амжилтыг тооцож, цол олгохдоо тухайн уралдааныг зохион байгуулж байгаа хурдан морины салбар хороонд уяачаар бүртгүүлсэн иргэний амжилтад тооцон уг цолыг олгох бөгөөд түрүүлсэн, айрагдсан нэг морины нэг удаагийн амжилт нь зөвхөн энэ зүйлд заасан нэг уяачид цол олгох үндэслэл болно.

 

10.10.Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд зургаагаас аравдугаар байр эзэлсэн бүх насны морийг улсын баяр наадмын хурдан морины салбар хороо орон даяар нийтэд зарлана.

 

10.11.Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасны дагуу адуун сүрэг болон хурдан морийг бүртгэж, мэдээллийн санг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэнэ.

 

10.12.Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурван өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан  мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэнэ.

 

10.13.Энэ зүйлийн 13.2-т заасан стандартын шаардлага хангаагүй морийг бүртгэхийг хориглоно.

 

10.14.Энэ зүйлийн 10.12-т заасан бүртгэлийн явц болон бүртгүүлсэн морины талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр ил тод нээлттэй явуулна.

 

10.15.Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг уралдааны өдөр энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлтэй тулгаж, нийцсэн тохиолдолд уралдуулна.

 

10.16.Энэ зүйлийн 10.12-т заасан бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл бүртгэхээс татгалзсан морийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдуулах, барихыг хориглоно.

 

10.17.Энэ хуульд зааснаас бусад нөхцөлөөр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд морийг бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах, уралдаанаас хасах, цол, чимэг олгохоос татгалзах, олгосон цол, чимгийг хураахыг хориглоно.

           

11 дүгээр зүйл.Үндэсний сурын харваа

 

11.1.Улсын баяр наадмын үндэсний сурын харвааг үндэсний их сурын цуваа харваагаар явуулна.Үндэсний сурын харваач нь 18 насанд хүрсэн хүн байна.

 

11.2.Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд тавдугаар байр эзэлсэн харваачид улсын тод харваач, дөрөвдүгээр байр эзэлсэн харваачид улсын онч харваач, гуравдугаар байр эзэлсэн харваачид улсын гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид улсын гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгоно.

 

11.3.Аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид аймгийн мэргэн, хоёрдугаар байр эзэлсэн харваачид аймгийн гарамгай харваач, гуравдугаар байр эзэлсэн харваачид аймгийн гоц харваач, дөрөвдүгээр байр эзэлсэн онч харваач, тавдугаар байр эзэлсэн харваачид тод харваач цол олгоно.

 

11.4.Сумын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид сумын гоц харваач, хоёр дугаар байр эзэлсэн харваачид сумын гарамгай харваач, түрүүлсэн харваачид сумын мэргэн цол олгоно.

 

11.5.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сурын харваачийг Үндэсний их баяр наадмын үндэсний сурын хараанд бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах, сурын харваанаас хасах, цол, чимэг олгохоос татгалзах, олгосон цол, чимгийг хураахыг хориглоно.

 

12 дугаар зүйл.Үндэсний шагайн харваа

 

12.1.Үндэсний шагайн харвааг багийн харваагаар явуулна.

 

12.2.Үндэсний шагайн харвааны баг тус бүр найман харваачтай байна.

 

12.3.Үндэсний шагайн харвааны багийн харваач нь 18 насанд хүрсэн хүн байна.

 

12.4.Улсын баяр наадмын шагайн харваанд эхний гурван байрт нэг удаа шалгарсан багийн харваачдад улсын мэргэн, хоёр дахь удаагаа шалгарсан багийн харваачдад улсын хошой мэргэн цол олгоно.

 

12.5.Улсын баяр наадмын шагайн харваанд улсын хошой мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын гарамгай мэргэн, улсын гарамгай мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын дархан мэргэн, улсын дархан мэргэн цолтой харваач түрүүлсэн бол улсын үлэмж дархан мэргэн цол олгоно.

 

12.6.Улсын баяр наадмын шагайн харваанд арав буюу түүнээс дээш түрүүлсэн харваачдад улсын даяар дуурсагдах дархан мэргэн цол олгоно.

 

12.7.Аймгийн баяр наадмын үндэсний шагайн харваанд эхний гурван байрт гурван удаа шалгарсан бол аймгийн хошой мэргэн, таван удаа шалгарсан бол аймгийн гоц мэргэн цол олгоно.

 

12.8.Шагайн харваачид сумын цол олгож болно.

 

12.9.Шагайн харваачдад улс, аймгийн цолыг жил бүрийн цагаан сарын баяраар олгоно.

 

13 дугаар зүйл.Үндэсний бөх, хурдан морь, сурын болон

шагайн харвааны стандарт

 

13.1.Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын болон шагайн харваа, хурдан морины уяачийн эд хэрэглэл, уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавигдах стандартыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, үндэсний стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 

 

13.2.Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах монгол үүлдэрийн адууны стандартыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох үндэсний спортын холбооны саналыг үндэслэн боловсруулж, үндэсний стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална. 

 

Тайлбар: Энэ зүйлийн 13.1-д заасан “үндэсний бөх, сурын болон шагайн харваа, морь, хурдан морины уяачийн эд хэрэглэл, уралдаанч хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавигдах” гэж үндэсний бөхийн малгай, зодог шуудаг, гутал, үндэсний сур харвааны нум, сум, харваачийн малгай, хурдан морины уяачийн малгай, уралдаанч хүүхдийн ташуур, цулбуур, хамгаалалтын хувцас, шагайн харваачийн малгай, шагайн харвааны шагай, хасаа, аравч болон бусад эд зүйлийг ойлгоно.

 

   14 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадамд оролцож байгаа бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагч,

эмчийн эрх, үүрэг

 

14.1.Үндэсний их баяр наадамд оролцож байгаа бөх, уяач, харваач нь наадамчин олон, баяр наадмаа хүндэтгэн, төрийн ёслол, зан уламжлалыг чанд сахина.

 

14.2.Энэ хуулийн 9.1-д заасан бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, 11.2-т заасан үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авна.

 

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан этгээд допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн бол допинг хэрэглэсэнд тооцно.

 

14.4.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөх дараах эрх эдэлнэ:

 

14.4.1.улс, аймаг, сумын цол авах;

14.4.2.Үндэсний их баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах;

 

14.4.3.үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан бусад эрх.

 

14.5.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөх дараах үүрэг хүлээнэ:

 

14.5.1.хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;

14.5.2.Монгол Улсын стандартад нийцсэн бөхийн малгай, зодог шуудаг, гутал, хүлэг боолтыг өмсөж барилдах;

           

14.5.3.барилдааны үед засуул, хөлийн цэцийн хууль ёсны дагуух шаардлагыг биелүүлэх;

 

14.5.4.хориотой, учраа бөхөө гэмтээх барьц барихгүй, хөдөлгөөн хийхгүй байх;

 

14.5.5.эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана;

 

14.5.6.допингийн баталгаажуулах шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх;

 

14.5.7.энэ хэсгийн 14.5.2, 14.5.3, 14.5.4, 14.5.5-д заасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд улсын цол, чимгээ хураалгаж, хуульд заасан хариуцлагыг хүлээхэд татгалзах зүйлгүй талаарх баталгааг бичгээр гаргаж, салбар хороонд өгөх;

 

14.5.8.хууль, дүрэмд заасан бусад үүрэг.

 

14.6.Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд морио уралдуулах  уяач дараах эрх эдэлнэ:

 

14.6.1.улс, аймаг, сумын цол авах;

14.6.2.Үндэсний их баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах;

 

14.6.3.хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад эрх.

 

14.7.Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд морио уралдуулах уяач дараах үүрэг хүлээнэ:

 

14.7.1.хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;

14.7.2.эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

14.7.3.морийг насны өөр ангилалд болон энэ хуулийн 10.13-т заасан шаардлага хангаагүй морийг Үндэсний их баяр наадамд уралдуулахгүй байх;

 

14.7.4.энэ хуулийн 10.13-т заасан хугацаанд бүртгэлд хурдан морио бүртгүүлсэн байх;

 

14.7.5.хурдан морийг дагахгүй, зориуд хөөхгүй байх;

14.7.6.уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлагад нийцсэн хувцас хэрэглэл хэрэглүүлэх; 

 

14.7.7.уралдаанч хүүхэд болон бусад уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэхгүй байх, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйлийг хурдан морины уралдаанд болон морины сунгаа, бэлтгэлийн үед хэрэглүүлэхгүй байх; 

 

14.7.8.уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулсан байх;

 

 14.7.9.уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх;

 

14.7.10.уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх;

 

14.7.11.хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх.

 

14.8.Үндэсний их баяр наадмын үндэсний сурын болон шагайн харваанд оролцох сурын болон шагайн харваач дараах эрх эдэлнэ:

 

14.8.1.улс, аймаг, сумын цол авах;

14.8.2.баяр наадмын үед гарсан маргааны шийдвэрийн талаар энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах;

 

14.8.3.үндэсний сурын харвааны дүрэм, үндэсний шагайн харвааны дүрэмд заасан бусад тус бүрийн эрх.

 

14.9.Үндэсний их баяр наадмын үндэсний сурын болон шагайн харваанд оролцож байгаа сурын болон шагайн харваач дараах үүрэг хүлээнэ:

 

14.9.1.хууль, дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;

14.9.2.стандартын шаардлагад нийцсэн эд хэрэглэл хэрэглэх;

14.9.3.шүүгчийн шаардлагыг биелүүлэх;

14.9.4.үндэсний сурын харвааны дүрэм болон үндэсний шагайн харвааны дүрэмд заасан тус бүрийн бусад үүргийг биелүүлэх;

 

14.9.5.ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг чанд мөрдөх.

 

14.10.Үндэсний бөх, сурын харваачийн дасгалжуулагч, эмч нь дараах үүрэг хүлээнэ:

 

            14.10.1.дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх;

 

            14.10.2.энэ хуулийн 14.2-т заасан этгээд нь эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагийн жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд энэ тухай Эмчилгээний зорилгоор чөлөөлөх Олон улсын стандартад заасны дагуу Допингийн эсрэг үндэсний байгууллагад хандана.

 

            14.10.3.хууль, дүрэмд заасан бусад.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

15 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаарх Засгийн газрын бүрэн эрх

 

15.1.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

15.1.1.үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батлах;

 

15.1.2.улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн ёслолын арга хэмжээний журмыг батлах;

 

15.1.3.зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах;

15.1.4.улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх, допингийн шинжилгээ хийхэд шаардагдах төсвийг батлах, зарцуулалтад хяналт тавих;

 

15.1.5.бөх, уяач, харваач, хурдан морины уралдаанд оролцсон хүүхдэд олгох бай, шагналын хэмжээг тогтоох;

 

15.1.6.Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах.

 

15.2.Засгийн газар энэ хуулийн 15.1.1-д заасан дүрмийг батлахдаа холбогдох үндэсний спортын холбооны саналыг авсан байна.

 

            15.3.Энэ зүйлийн 15.1.1-д заасан дүрэм нь бөх, уяач, сурын болон шагайн харваачийн бүртгэх, эрэмблэх, өсвөр үеийн бөхийн насны дээд, доод хязгаар, оролцогчийн эрх үүрэг, ёс зүй, сахилга, хариуцлага, маргаан шийдвэрлэлт, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалт, мэдээллийн сан хөтлөх болон бусад үндэсний бөхийн барилдаан, сурын болон шагайн харваа, хурдан морины уралдааныг зохион байгуулахтай холбогдох бусад зохицуулалтыг агуулна.

 

16 дугаар зүйл.Зохион байгуулах хороо, түүний бүрэн эрх

 

16.1.Үндэсний их баяр наадмыг уламжлалт ёс заншил, өв соёлд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хороо, аймаг, сумын хороо хариуцна. Зохион байгуулах хороо нь холбогдох үндэсний спортын холбоотой хамтран үндэсний их баяр наадмыг зохион байгуулж болно.

 

16.2.Зохион байгуулах хороо нь дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

 

16.3.Зохион байгуулах хороо албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд хэлэлцсэн асуудлаараа олонхын саналаар тогтоол, энэ хууль болон дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилгоор Зохион байгуулах хорооны дарга тушаал гаргана. 

 

16.4.Зохион байгуулах хорооны дарга нь Монгол Улсын Шадар сайд, дэд дарга нь Нийслэлийн Засаг дарга байна.

 

16.5.Зохион байгуулах хороо нь улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

           

            16.5.1.улсын баяр наадмыг зохион байгуулах;

16.5.2.улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;

 

16.5.3.энэ хуулийн 10.4-т заасан амжилтыг үндэслэн уяачид цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх;

 

16.5.4.өсвөр үеийнхний бөхийн барилдаан болон үндэсний сурын харвааг зохион байгуулах, өсвөр үеийн бөх, харваач, хурдан морины уралдаанд оролцсон хүүхдэд үндэсний спортын холбооны саналыг үндэслэн цол олгох;

 

16.5.5.улсын баяр наадмын үеэр урлагийн тоглолт, спорт, биеийн тамирын тэмцээн, ардын уламжлалт тоглоом наадгай, нийтийн цэнгүүн зохион байгуулах;

 

16.5.6.бөх, уяач, сурын болон шагайн харваачид бай, шагнал олгох;

16.5.7.бөх, сурын харваачийг энэ хуулийн 14.2-т заасан допингийн шинжилгээнд оруулах ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран зохион байгуулах;

 

16.5.8.улсын баяр наадмын төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлэх;

 

16.5.9.салбар хороо, бөх, морь, сурын болон шагайн харваачийн бүртгэлийн дэд хороо байгуулах, түүний бүрэлдэхүүн, дүрмийг  батлах;

 

16.5.10.аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх нийтлэг журмыг баталж, мөрдүүлэх;

 

16.5.11.Үндэсний их баяр наадмын түүхэн хөгжил, үндэсний бөх, сурын болон шагайн харваач, хурдан морины уяачийн цол, чимэг, эрэмбэ, зөрчлийн мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сан үүсгэх, хөтлөх, нийтэд сурталчлан таниулах ажлыг тогтмол хэрэгжүүлэх;  

 

16.5.12.энэ хуулийн 15.1.1-д заасан бөх, уяач, сурын болон шагайн харваач, дасгалжуулагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг тусгасан дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох, бүртгэл хөтлөх; 

 

16.5.13.улсын баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдийн өөрийнх нь зөвшөөрлийн дагуу татан оролцуулах, дэмжлэг туслалцаа авах, ажлын хэсэг, алба байгуулах зэргээр хамтрах ажиллах;

 

16.5.14.энэ хууль болон дүрэмд заасан зарим бүрэн эрхийг зохион байгуулах хорооны даргад тодорхой хугацаагаар шилжүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;

 

16.5.15.зохион байгуулах хорооны дүрэмд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

 

16.6.Зохион байгуулах хороог зохион байгуулах хорооны дарга төлөөлөх бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтантай холбогдох хууль тогтоомжийн дагуу харилцана.

 

16.7.Зохион байгуулах хороо нь салбар хороотой байна. Салбар хороо нь дэд хороотой байж болно.

 

16.8.Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны морины бүртгэлийн дэд хороо нь 15 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уг бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, морь тайлбарлагч, холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл орно. 

 

16.9.Энэ зүйлийн 16.5.3, 16.5.5, 16.5.6, 16.5.10-т заасан бүрэн эрх болон улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааг зохион байгуулах эрхийг тухайн салбар хорооны саналыг үндэслэн зохион байгуулах хорооны шийдвэрээр холбогдох үндэсний спортын холбоонд шилжүүлж болно.

 

16.10.Энэ хуулийн 16.9-д заасны дагуу бүрэн эрхийг шилжүүлсэн тохиолдолд тухайн үндэсний спортын холбоо нь энэ хууль болон холбогдох бусад хууль, дүрэм, журамд заасан салбар хорооны чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

17 дугаар зүйл.Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах талаарх Засаг даргын бүрэн эрх

 

17.1.Аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах талаар аймаг, сумын Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

 

17.1.1.хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах;

17.1.2.энэ хуулийн 16.5.9-д заасан нийтлэг журмын хүрээнд баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх үүрэг бүхий аймаг, сумын хорооны бүрэлдэхүүн, дүрмийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан мөрдөх;

 

17.1.3.энэ хуулийн 8.4-т заасан саналыг үндэслэн бөх, сурын болон шагайн харваачид, уяачид үндэсний спортын төрлөөр аймаг, сумын цол олгох, хүчингүй болгох;

 

17.1.4.аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах төсвийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан зарцуулах;

 

17.1.5.үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болон бусад сунгаа, бэлтгэлийн үед хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор уг нөхцөлийг үүсгэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хориглох арга хэмжээг авах, хяналт тавих.

 

18 дугаар зүйл.Допингийн эсрэг үйл ажиллагаа

 

18.1.Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан допингийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг үндэсний бөх, сурын харваач хэрэглэхийг хориглоно.

 

18.2.Бөх, сурын харваач нь шударга өрсөлдөөнийг эрхэмлэж, Дэлхийн допингийн эсрэг коде, Засгийн газраас баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийг тамирчны нэгэн адил мөрдөнө.

 

18.3.Энэ хуулийн 14.2-т заасан бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ хийх арга хэмжээг зохион байгуулах хороо Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай  хамтран зохион байгуулна.


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

 

19 дүгээр зүйл.Хариуцлага

 

19.1.Энэ хуулийг болон ёс зүй, сахилга, хариуцлагын дүрмийг зөрчсөн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас гадна зохион байгуулах хороо дараах хариуцлагыг хүлээлгэнэ:

 

19.1.1.Үндэсний их баяр наадмын тухайн үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сур болон шагайн харваанаас хасах;

 

19.1.2.тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

19.1.3.энэ хуульд заасан журмыг зөрчиж бөх, уяач, сурын болон шагайн харваачид цол, чимэг олгосон бол олгосон цол, чимгийг хураах, олгосон эрх бүхий албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээг авна.

 

19.2.Уралдаанч хүүхдэд энэ хуулийн 13.1-д заасан стандартын шаардлага хангаагүй хэрэглэл хэрэглүүлсэн хурдан морины уяачийг Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд нэг жилийн хугацаанд морио бүртгүүлэх, уралдуулахгүй байх саналыг салбар хороо зохион байгуулах хороонд хүргүүлж, мэдээллийн санд оруулж, шийдвэрлүүлнэ.

 

20 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

 

20.1.Улсын баяр наадам болон аймгийн баяр наадмын хурдан морины уралдааны бүртгэлтэй холбоотой маргааныг дээд шатны хороо хоёр хоногийн дотор шийдвэрлэнэ.

 

20.2.Сумын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл аймгийн хороонд, аймгийн болон салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл зохион байгуулах хороонд гомдол гаргана.

 

20.3.Зохион байгуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

 

21 дүгээр зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

 

21.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үндэсний спортын төрлөөр бөх, сурын болон шагайн харваач, уяачид олгосон улс, аймаг, сумын цол хүчин төгөлдөр байна.

 

21.2.2003 оноос өмнө олгосон бөхийн цол, амжилтын эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбоо тогтооно.

 

21.3.Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлан мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд дараах журмыг баримтална:

 

21.3.1.бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд бөхийн барилдах, сурын харваачийн оролцох эрхийг Дэлхийн допингийн эсрэг кодед заасан хэмжээгээр хасах;

 

21.3.2.энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон бөх, сурын харваачийн улсын цол, байрыг олгохгүй байх, тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачид улсын цол нөхөн олгох саналыг зохион байгуулах хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргана;

 

21.3.3.Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 21.3.2-т заасан саналыг хүлээж авснаас хойш 7 хоногийн дотор улсын цол, байрыг олгохгүй байх, эсхүл хасах, эсхүл нөхөн олгох шийдвэр гаргана;

 

21.3.4.энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг энэ хуулийн 21.3.1-д заасан хугацаагаар хасах саналыг салбар хороо зохион байгуулах хороонд гаргаж, шийдвэрлүүлнэ;

 

21.3.5.энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гаргаж шийдвэрлүүлнэ;

 

21.3.6.энэ хуулийн 21.3.1-д заасан шийдвэр гарсан бол тухайн даваанд унасан бөх, удаалсан сурын харваачдад улсын цол, чимгийг нөхөн олгоно.

 

21.4.Монгол үүлдрийн адууны болон хурдан морины стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг уралдуулахдаа хурдан морины салбар хорооны саналыг үндэслэн зохион байгуулах хорооноос баталсан хурдан морь уралдуулах журмаар зохицуулна.

 

21.5.Энэ хуулийн 10.11-д заасан бүртгэлд адуун сүргийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулсан байна.

 

          

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.98) 2022 оны 05 сарын 20

Үндэсний их баяр наадмын тухай хуульд бүсийн хурдан морины уралдааны асуудал тусгагдсан байна 4.1.1 болон 10.4 ийг харах л хэрэгтэй юм шиг

0  |  0
Зочин (66.181.161.98) 2022 оны 05 сарын 20

4.1.1 болон 10.5 харах хэрэгтэй. Улсын баяр наадмын хуулиуд зөвхөн морины уралдаанд бүсийн уралдааны тухай хавчуулсан байна

0  |  0
Зочин(66.181.161.105) 2022 оны 05 сарын 19

Давтан сэргээш хэрэглэвэл яах тухай оруулах

0  |  0
zochin(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

shorngin boh sodnomdarja naadam amlaj boldogunmaa.

0  |  0
zochin(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

hadbaatar abarag baiag shuu.neg muuhi hoodni rket yumi abarag boldin

0  |  0
zochin(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

had abarga barildans huu muu hoodni umhii.

0  |  0
Top