П.Сайнзориг: Шинэ хуулиар эрлийз морьдыг наадамд уралдуулахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.05.18/ боллоо.  Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэв.

Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодрууллаа.

-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол наадам ЮНЕСКО-д бүртгэгдэж соёлын өвөөр бүртгэгдсэн. Энэ утгаараа үндэсний баяр наадмын агуулга өв соёлыг тээж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх асуудал юм. нөгөө талдаа төрт ёсны том баяр ёслол гэдэг талаасаа хуулиар зохицуулж ирсэн. Наадам дагасан маргаан мэтгэлцээн ч байдаг. Иймд дөрвийн даваанаас эхлэн допингийн шинжилгээ авна. Цолны болзол хангасан бөхчүүдэд тухайн өдөр цол олгохгүй. Харин цол олгох батламж олгоно. Шинжилгээний хариу ирсний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхчүүдэд цол олгох зохицуулалт орж ирж байна. Дүрмийн шаардлага биелүүлээгүй бол барилдаанаас хасах. Дээрээс нь үндэсний бөхийн зодог шуудагт стандарт тогтоохгүй бол барьц өгөхгүй байх зорилгоор зүй бус өмсгөл өмссөн тохиолдол гардаг. Мөн бие биенээ гэмтээх зэрэг асуудалд хариуцлага тооцох зэрэг зохицуулалт орж байна.

Баяр наадмын зохион байгуулалтыг мэргэжлийн холбоонд шилжүүлэх эрхийг олгох, нэг аймгийн зэргэлдээ сумууд баяр наадмаа хамтарч хийх эрхийг олгох, баяр наадмыг улс орон даяар нэг өдөр тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг зохицуулалт орж байгаа. Ингэхдээ цар тахал, гамшиг зэргээс бусад тохиолдолд нэгэн зэрэг тэмдэглэх зохицуулалт орж байгаа.

-Хурдан морьдын уралдааныг хэрхэн зохицуулсан бэ?

-Адууны үйлдвэр угсаанаас хамаарсан эрлийз адуу уралдуулна үгүй гэх мэт олон асуудал яригддаг. Үүнд цэг тавих үүднээс тодорхой зохицуулалт орж ирж байгаа. Сэрвээний өндөр тооцож уралдуулах зохицуулалт оруулсан.

-Сэрвээний өндөр стандартаас давсан тохиолдолд уралдуулах уу. Өмнө нь бол эрлийз морьдын уралдаан зохион байгуулдаг байсан шүү дээ?

-Шүдэлгээ болон зурхай руу гарах үйл явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргах асуудлыг хууль гэхээс илүү зохион байгуулалтаар шийдээд явна. Сэрвээний өндрийг лазер төхөөрөмжөөр хэмжээд явна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас бооцоот уралдааны тухай хууль гээд тусгай хууль боловсруулж байгаа. Ингэснээр магадгүй тойруулгын зарчмаар эрлийз болон монгол морьд уралдах боломжийг нээх юм.

-Өөрөөр хэлбэл эрлийз морьдыг Монгол наадамд уралдуулахгүй байх хуулийн зохицуулалт хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Эрлийз морьдыг цаашид ямар байдлаар ашиглах уу гэдэг асуудал бий. Иймд тойруулгын уралдааныг зохион байгуулах төсөл боловсруулж байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.86.61) 2022 оны 05 сарын 19

Эрлийз адууг сэрвээний өндрөөр ялгана гэдэг бол үнэхээр мулгуу шийдвэршүү. 170см тай бол монгол хүн 170см дээш бол гадаад хүн гэж байгаатайл ижил зүйл. Үүлдэрлэг байдал буюу хэв шинжийн байдлаар нь л ялгах нь зүйтэй

0  |  0
Зочин(64.119.19.231) 2022 оны 05 сарын 18

Эрлийз нь болдоггуй юм байж, хурлийзыг нь яах вэ, болох уу

0  |  0
Top