Зохиолч Л.Өлзийтөгсийг мэдэхгүй хүн ховор. Тайрмал үс, дөлгөөн харцтай, тал бүрийн ертөнцөөр уншигчдаа аялуулдаг тэрээр шинэ хамт олонтой болсон тухайгаа бичжээ.
Зохиолчдын ажлыг хөнгөвчлөх, чанартай бүтээл гаргахад нь туслах зорилготой "Alpha Book"-ийн хамт олонтой нэгдсэн Л.Өлзийтөгс энэ тухай өөрийн сэтгэгдлээ ийн хуваалцжээ.
Л.ӨЛЗИЙТӨГС: “АЛЬФА”-ИЙН ЗОХИОЛЧ БОЛЛОО
“Биднийг багад зохиолчид номоо бичээд л Зохиолчдын хороонд өгчихдөг, бичихээс бусад бүх ажлыг улс хариуцдаг байв. Харин 1990 оны эхнээс зохиолч, орчуулагчид номоо уншигчдад хүргэх ажлыг өөрсдөө хийдэг болсон. Ямар хэцүү байсныг ярих уу, яах уу? Жишээ нь, миний бие 30 орчим жил өөрийнхөө ХЭВЛЭН НИЙТЛЭГЧ байсан учир 10 гаруй мэргэжлийн ажлыг давхар хийж иржээ.
Ном гэдэг зүйл уншигчдын гар дээр очтол маш урт зам туулдаг. Бид маш их хөлс дуслуулдаг. (Уйгагүй тоссон бол Сүхбаатарын талбайг угаах хэмжээний хөлс )
Зөвхөн бичээд л суух сайхан боломж манай үеийн нэг ч зохиолчид байсангүй. Энэ гажуудлыг засахаар, дэлхий даяар хэдийн тогтсон жишгийг жинхэнэ утгаар нь манайд нутагшуулахаар, сонгодог паблишингийн зарчмаар Монгол зохиолчдоо дэмжихээр Alpha books-ийн ЭРЭЛХЭГ залуус зоригложээ.
Үүнээс хойш миний номуудыг хэвлэх, түгээх, уншигчдад хүргэх бүх ажлыг Alpha books хариуцна. Хавтасны дизайн ямар байхыг хүртэл тэд л шийднэ. Өөрөөр хэлбэл, би “АЛЬФА”-ийн зохиолч болсон гэсэн үг.
Энэ баярт мэдээг дуулгахаар баяр баясгалантай зураг нэгийг хайж оллоо. 10 жилийн өмнөх зураг шүү.
Сэтгэгдэл ( 0 )