ФОТО: Бяцхан уншигчдаар өнгө нэмсэн НОМЫН БАЯР

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Зурсан зургаа ном болгосон наймдугаар ангийн сурагч, өөрийн гараар чимэглэсэн тэмдэглэлийн дэвтрээ зарж буй охин, 20 жилийн турш цуглуулсан номноосоо хуваалцаж буй залуу гээд л энэ жилийн номын баяраас онцгойлон харах зүйл тун олон байна. 

Жил бүрийн хавар, намрын улиралд болдог, номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР өнөөдрөөс төв талбайд  эхэллээ. Урт өвлийн дараах зуны налгар өдөр номонд дурлагсдын хүсэл биелж, талбайг тойруулан зассан асар бүрт зочилно.

2007 оноос хойш зохион байгуулагдаж буй үндэсний номын баярт оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ жилийн номын баярын үйл ажиллагаанд оролцохоор 400 гаруй байгууллага, хувь хүн хандсан ч талбайн хязгаараас хамаарч 200 орчим хувь хүн, албан байгууллага оролцож байгаа аж.

Номын баярт жилд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300 гаруй  зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог байна. Энэ жилийн хувьд уншигчдын тоо нэмэгдэж, номын худалдаа илүү өргөн цар хүрээтэй болох хандлагатай байгааг зохион байгуулагчдын зүгээс ч онцолж байлаа. 

Иргэд худалдаанаас авсан номоо асрын урд дэлгэсэн хиймэл зүлгэн дээр сууж уншина. Ааваараа авахуулсан үлгэрийн номоо шимтэн уншиж буй бага ангийн сурагч, хуучны ном уншиж, эргэн дурсах ахмадууд, хүүхдээ салхилуулах зуураа номын худалдааг зорьж ирсэн ээж, төгсөлтийн баярын бэлгэнд бие биедээ ном бэлэглэж буй оюутнууд гээд л. Чөлөө завгүй өнгөрдөг нийслэлийн нэг өдөрт тэд өнгө нэмж, хөг оруулж байна.

Зүлгэн дээр тухлах иргэдийн дунд таван давхар номоо дааж ядах нэгэн хүү сонирхол татав. Түүнийг Т.Дашням гэдэг. Тэр өнөөдөр маш их жаргалтай байгаа. Уншихыг хүсэж, удаан бодсон "Харри Поттер" номоо төрсөн өдрийн бэлэг болгож ээжээрээ авахуулжээ. Ном унших дуртай, номын хорхойтон хүүтэй хэсэг хором ярилцаж суув. 

-Намайг Т.Дашням гэдэг. Би зөндөө олон ном уншсан. Үгийг нь уншаад утгыг нь ойлгох гоё байдаг болохоор ном унших дуртай.

Уг нь миний төрсөн өдөр болоогүй байгаа л даа. Гэхдээ номын баяр болж байгаа болохоор ээжээс гуйж байгаад авахыг хүссэн "Харри поттер" номоо авчихлаа. Би "Харри поттер"-ийн киног нь үзээд таалагдсан болохоор номыг нь авахыг хүссэн юм. Америкийн зохиолчийн энэ номонд их дуртай л даа. 

Би өдөрт 100 гаруй ном уншиж чадна. Олон хуудас уншсан ч  огт ядардаггүй. Харин ч гоё байдаг юм. Бас би гэртээ номын цуглуулгатай болсон. Цуглуулгад маань 40 орчим ном байгаа. 

Т.Дашням хүүтэй ярилцаж суух зуур зүлгэн дээр суух хүмүүсийг ажиглахад хүүхэд, багачууд ном уншиж суух нь их харагдаж байлаа. Бяцхан уншигчдаар өнгө нэмсэн номын баяр тавдугаар сарын 20-22-ныг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top