Эцэг, эх хүүхдээ үл хайхарч байгаа нь ХҮЧИРХИЙЛЭЛ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Өнгөрсөн баасан гарагт /2022.05.20/ хуралдсан чуулганаар УИХ-ын нийт 13 эмэгтэй гишүүний өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн. Үзэл баримтлалыг дэмжиж байгаа учир нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн хүүхэд хамгааллын хуультай нэгтгэн хэлэлцэхээр болсон юм.

Хоёр хуулийн төслийг нэгтгэхээр болсон тул Хүүхэд хамгааллын тухай хууль хэрхэн өөрчлөгдөх талаар тодорхой мэдээлэл өгөхөд эрт юм. Харин дараах агуулгаар өөрчлөх чиглэл барьж байна. Үүнд:
 

  • Монгол Улсын Үндсэн хууль, түүний үзэл баримтлалд нийцүүлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн давхардал, хийдлийг арилгах,
     
  • Уг хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох,
     
  • Орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх ажлыг ХНХЯ-нд хариуцуулах,
     
  • Хамтарсан багийн үйл ажиллагааг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд рүү чиглүүлж өргөжүүлэх,
     
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх,
     
  • Гэр бүлд түшиглэсэн хамгааллын үйлчилгээний хэлбэрийг дэмжих,
     
  • Түүнчлэн хүүхэд хамгаалал, гэр бүлийн чиглэлээр ажиллах нийгмийн ажилтныг бэлтгэх, давтан сургах аж.
     

Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш үндэсний түвшинд нийт 676 хамтарсан баг, 19 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээ байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл огт буурахгүй байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 2019 онд 36.6 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.1 мянга (8.5 хувь) нь бүтэн өнчин хүүхэд, 33.5 мянга (91.5 хувь) нь хагас өнчин хүүхэд байна.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар судалгаанд хамрагдсан 5-17 насны нийт 12.273 хүүхдийн 7.8 хувь буюу 957 хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэжээ.

2020 оны байдлаар улсын хэмжээнд 21 байгууллагын 31 халамж, асрамжийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 26, Дархан-Уул аймагт 2, Дорнод аймагт 1, Орхон аймагт 1, Өвөрхангай аймагт 1 төв ажиллаж байна. Эдгээр төвүүдээс 3 төв нь улсын төсвөөс, 28 төв олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүгийн эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр төвд хагас, бүтэн өнчин 0-18 насны 1032 хүүхэд, 18-аас дээш насны 37 залуус амьдарч байна.

Эцэг, эхийн зүгээс хүүхдээ үл хайхрах, бие махбодийн хүчирхийлэлд өртүүлэх асуудал буурахгүй байна.

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Тагнуулын Ерөнхий Газартай хамтран “порно” гэсэн түлхүүр үгээр цахим хуудсыг шүүлтүүрддэг syslog серверийг бий болгосон ч энэ нь “үр нөлөө багатай” байдаг аж. Хуулиар заавал биелүүлэх үүрэгтэй гэж заагаагүй байдаг учир серверийн шүүлтүүрийг албадах боломжгүй байгааг гишүүд учирлаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top