ЗИНДАА сэтгүүл шинэ дугаартайгаар номын баярт оролцож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Урин дулааныг дуудаж буй мэт жил бүрийн зуны эхэн сард зохион байгуулдаг "Үндэсний номын баяр" өнөөдрөөс эхэллээ.

31 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайг тойруулан 200 гаруй асар татжээ. Асар бүрийн дотор өөр өөрийн хэв маягаар бичсэн ном, бүтээлээ танилцуулж буй зохиолч, хэвлэн нийтлэгчид чөлөө завгүй уншигчидтайгаа ярилцаж, уран бүтээлийнхээ талаар халуун яриа өрнүүлж харагдана. 

Чингисийн хөшөөний чанх урд талд байрлах "Эрхэт Монгол" группийн асраар зочлов. Залгаа хоёр асарт сонин, сэтгүүл болон уран зохиолын ном эгнүүлэн тавьсан байлаа. 

Энд "Зиндаа" сэтгүүл, "Өглөөний сонин", "Гранд" сэтгүүл гэх мэт сэтгүүлзүйн бүтээлүүд байхаас гадна тус редакцийн уран бүтээлч, сэтгүүлчдийн "Гол тоглогч", "Суут нууц", "Дотоод тэнгэр”, "Бөн бөн" зэрэг ном, бүтээлүүдийг дэлгэсэн байв.
 


“Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Э.Адъяасүрэн "Эрхэт Монгол группээс эрхлэн гаргадаг "Зиндаа" сэтгүүл нь 250-300 нүүрээр гардаг Монголын хамгийн олон хуудастай, нийгэм соёл танин мэдэхүйн сэтгүүл. Энэ удаагийн номын баярт бид сэтгүүлийн анхны дугаараа гаргасан 2016 оноос хойших бүх дугаараа багцлан, санал болгож байна. Мөн дөнгөж өнөөдөр өлгийдөн авсан шинэ дугаараа ч дэлгэсэн байгаа. Ингээд нийт 18 дугаартайгаар номын баярт оролцож байна. 

Мөн "Эрхэт Монгол" медиа группээс эрхлэн гаргадаг бусад хэвлэл болох "Өглөөний сонин", "Гранд сэтгүүл" болон "Эрхэт Монгол" группт харьяалагддаг сэтгүүлч, уран бүтээлчдийн ном, уран бүтээл бий. 

Шинэхэн дугаарын маань "Эрхэм зиндаа" буланд "Манба дацан" хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж уригдсан. Шинэ дугаарт аялал жуулчлалын сэдэвтэй нийтлэл, "Гол тоглогч" нэртэй хадаас булан гэх мэт даацтай материал олон бий" гэдгийг онцлон дуулгалаа. 
 


"Зиндаа" сэтгүүлийн тоймч, нийтлэлч, яруу найрагч Д.Дамдинжав "Миний хувьд номын баярт дөрөв дэх удаагаа оролцож байна. Өмнөх жилүүдэд "Гол тоглогч" гэх цуврал номоороо оролцож байсан. Харин энэ жилийн тухайд өмнөх бүтээлүүд дээрээ нэмж, шинээр өлгийдөн авсан "Суут нууц" номтойгоо оролцож байна. Номын баяр зохион байгуулалтын хувьд илүү өргөжиж байна. Ном уншдаг хүмүүс маш их болсон байна. Тэр хэмжээгээрээ хэвлэн нийтлэгч, зохиолч ч нэмэгдсэн байна. Зохиолч, уран бүтээлчид нэмэгдэх тусам өрсөлдөөн явагдаж, чанартай зохиол гарах, үндэсний уран зохиолын түвшин ахих болно.

Намын баярын цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь хүмүүсийн номонд ач холбогдол өгч, анхаардаг болсныг илэрхийлж байна.  Хэрэв номын баяр жилд хоёр удаагийн давтамжтайгаар зохион байгуулагддаггүй байсан бол үндэсний оюун санааны хувьд бид нэлээд унтаа байсан байх болов уу" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Та бүхэн өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой, сэтгүүлч, уран бүтээлчдийн асарт тухлан саатаарай. 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top