Монголын харваачид олон улсын "Морьт харваачдын тэмцээн"-ээс алт, хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Турк улсын Баликисер хотноо зохион байгуулагдсан “ACINCI TOYU-2022" олон улсын Морьт харваачдын тэмцээнээс Монголын харваач С.Түшигбат алт, Б.Эрдэнэбат хүрэл медаль хүртсэн байна. 

Тус тэмцээнд манай харваачдаас гадна Америк, Канад, Малайз, Румин, Тайланд, Алмани, Австри, Франц, Казахстан, Киргизстан, Өмнөд Африка, Иран, Болгар, Индониз, Швецарь, Кувейт, Катар, Оман, Молдав, Япон, Итали, Пакистан, Финланд, Грек, Испани, Тайвань, Иордан зэрэг 30 орчим орны 70 гаруй тамирчид Унгар, Солонгос, Турк, Кабак гэсэн 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. 

Эзэн орны тамирчид бэлтгэл сайтай хүчирхэг байсан төдийгүй тэмцээний хоёр төрөлд аваргалсан бол Кабак төрөлд Арабын нэгдсэн Кувейт улсын тамирчин Осама тэргүүлсэн байна. Харин Шинэ Турк төрөлд Монголчууд аваргалж Малайзууд удаалжээ.

Дашрамд өгүүлэхэд, дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалж, тус тэмцээнийг хоёр жил зохион байгуулаагүй бөгөөд өнөө жил ийнхүү зохион байгуулж буй юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top