Монгол шүүгчдийн баг эх орондоо болсон олон улсын тэмцээнийг шүүлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Европын хөлбөмбөгийн холбоо болон Монголын хөлбөмбөгийн холбооны хамтран зохион байгуулсан "UEFA Assist" 17 хүртэлх насны охидын олон улсын тэмцээнийг монгол шүүгчдийн баг амжилттай шүүн явууллаа.

Ө.Батцэцэг, Г.Сүх-Эрдэнэ, Б.Тамир, Ц.Алтангадас, Б.Логьшир, Г.Нарангэрэл, Б.Урангоо, М.Ирмүнзаяа гэсэн найман шүүгч тус тэмцээнд шүүгчээр томилогдсон бол МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр хянагч шүүгчээр ажиллав.

Монгол, Узбекистан, Малайз, Сингапур улсуудын охидын шигшээ багуудын оролцсон тус тэмцээнийг дотоодын найман шүүгч шүүн явуулсанаар Монгол шүүгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр олон улсын тэмцээнд ажилласан тохиолдол болсон юм.

Өөр нэг онцлох үйл явдал нь Узбекистан болон Сингапурын шигшээ багуудын тоглолтын талбайн шүүгчээр Г.Нарангэрэл ажиллаж, Монгол эмэгтэй шүүгч Эх орондоо болсон олон улсын тэмцээнд анх удаа талбайн шүүгчээр ажилласан гэсэн түүхийн эхлэлийг тавилаа.

Олон улсын тэмцээн уралдаануудыг шүүн явуулж, улсынхаа нэрийг тив дэлхийд өндөрт өргөх эрхэм зорилгодоо алхам алхамаар ойртсоор байгаа шүүгчиддээ ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top