Өнөөдрөөс үзвэрийн орлогын 1 хувийг хүүхдийн хөгжилд зориулна

2022 оны 06 сарын 01

УИХ ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар олон улсын байгууллагуудтай хамтран 2022 оны тавдугаар сарын 27ны өдөр Төрийн ордонд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн “Хүүхдэд ээлтэй Монгол”  үндэсний чуулганыг зохион байгуулсан.

Чуулганаас Монгол Улсын үнэт баялаг болсон хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар тодорхой саналууд гарч, үүрэг хүлээгчид амлалт өгсөн байна. Тухайлбал Соёлын яам соёл урлагийн үзвэр үйлчилгээний байгууллага нь худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд зарцуулахаар болсон. Үүнийгээ өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Ингэснээр өнөөдрөөс улс орон даяар 21 аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газрууд, харьяа соёл урлагийн байгууллага, театр, чуулга, музей, нийтийн номын сан болон соёлын төв, орднууд:

 

  • Соёл урлагийн үзвэр үйлчилгээ бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж хэвшинэ.

 

  • Соёл урлагийн үзвэр үйлчилгээний байгууллага нь худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулахаар болж байна.

 

“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МОНГОЛ”  ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ГАРСАН АМЛАЛТУУД

 

“Хүүхдэд ээлтэй Монгол”  үндэсний чуулганаас хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудлаар дараах тодорхой саналуудыг дэвшүүлснийг хүргэж байна

- 2023 оны улсын төсөвт сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан ажиллуулах зардлыг тусгах, энэ ажилд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг манлайлан ажиллах;

- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн ажилтны тухай хууль, Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай батлах;

- УИХ, Засгийн газрын шийдвэрлэх ёстой асуудлын жагсаалтад хүүхэдтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэдэг байх;

- Санхүүгийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч насанд хүрэгч хэн боловч хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг хангасны дараа бусад ашиг сонирхлын асуудлыг шийддэг байх;

- Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т зүйл зааснаар байгууллага, аж ахуйн нэгж болгон хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх;

-Хүүхэд хамгааллын салбар нам, улс төрөөс ангид, мэргэжлийн тогтвортой байх, хүүхэд хамгааллын төсөв мөнгийг хэн ч шамшигдуулахгүй байх, итгэмжтэй зарцуулдаг ёс зүй, хариуцлагатай байхыг уриалж байна

Жилд тохиодог хүүхдийн баярын ганц өдрөөр хүүхдээ баярлуулдаг бус өдөр бүр хүүхдийн эрхийг зөрчдөггүй, өдөр бүр хүүхдээ эрхэмлэн дээдэлдэг улс орон болохын төлөө ажиллацгаая.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top