Өмнөд Солонгосын шоу ертөнцөд ХӨЛ ТАВЬЖ БУЙ Н.Идэрмөнх

2022 оны 06 сарын 03


БНСУ-д ажиллаж, амьдардаг монгол залуусын төлөөлөл болсон Н.Идэрмөнхтэй ярилцлаа. Өмнөд Солонгосын шоу нэвтрүүлгүүдэд оролцож, чамгүй амжилт үзүүлсэн Н.Идэрмөнх тун удахгүй БИЕ ДААСАН ТОГЛОЛТ хийхээр товложээ.


-Та анх хэзээнээс дуунд дурлаж, дуучин болохоор зорьж эхлэв?

-Бүр багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй байсан. Тэр мөрөөдлийнхөө төлөө зүтгэсээр байгаа минь энэ. Би мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Мэргэжлийн түвшинд уран бүтээлээ гаргаж, олон хүмүүст хүргэхийг хүсдэг. Дуучны ажил маш өргөн цар хүрээтэй ажил байдаг юм байна гэдгийг ойлгож, уран бүтээлдээ илүү шамдаж ажиллаж байна. Маш олон сайхан уран бүтээл гаргахыг хүсэж байна. 

-Хамгийн анхны дуу нь хэзээ цацагдаж байсан бэ? 

-Анх 2010 онд Монголд байхдаа "Хайр гэрэлтсэн харц" нэртэй дуу гаргаж байсан. Удалгүй Өмнөд Солонгост ирсэн. Энэ дуугаа шинэчилж найруулаад, тоглолтон дээрээ дуулахаар төлөвлөсөн байгаа. 

 


 

-БНСУ-д ирээд хэр удаж байгаа вэ. Ямар зорилго өвөрлөн хөл тавьж байв?

-Ирээд 12 жил болж байна. Анх гэрээний ажилтнаар ирж байсан. Гэрээний хугацаагаа дуусгаад, эх орондоо очсны дараа фестивальд оролцохоор эргэж ирсэн. Тэр үедээ визээ сургалтын виз болгон өөрчилж, бизнесийн удирдлагаар сурсан. 

-Таныг Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байгаа монголчууд маш сайн таньдаг болжээ. Анх оролцож байсан уралдааны тухай дурсахгүй юу. Энэ хугацаанд нийт хэчнээн шоу, уралдаанд оролцсон бэ?

-Дуучин С.Гантогоог монголчууд сайн мэднэ байх. Анх С.Гантогоог энтертайнмент шоу, уралдаанд оролцож байхыг хараад очиж танилцаж байсан юм. Тухайн үедээ нэг тэмцээний сураг сонсоод, оролцож байсан. Нэгдүгээр байрыг эзэлж байлаа. Хоёр дахь уралдаан нь Өмнөд Солонгостоо нэлээд томд тооцогддог шоу байсан. Санаандгүй явж байгаад зар хараад оролцсон юм. 700 гаруй хүн оролцож байсан. Гадаад хүн бараг оролцоогүй санагдаж байна. Тэр уралдаанд гуравдугаар байранд орж байсан. Мөн Өмнөд Солонгост амьдардаг гадаад хүмүүсийн дунд зохион байгуулагддаг шоунд оролцоод, хоёр удаа финалд үлдэж байсан.

Өнгөрсөн жил хамгийн сүүлд нэгэн телевизийн шоунд оролцож, түрүүлсэн. Ерөнхийдөө нийт 40-50 уралдаан, тэмцээнд оролцож, тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн. 
 


-Тэгвэл Өмнөд Солонгост байгаа монголчуудад чамгүй танил болсон байх? 

-Дажгүй танина. Телевизийн шоунд оролцсноос хойш хүмүүс амжилт хүсэж, баяр хүргэх нь нэмэгдсэн байсан. 

-Дуулах хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд зөвлөгөө авч байна уу. Ихэвчлэн юу асуудаг вэ? 

-Мэр сэр байдаг. Ихэнхдээ ямар дуу дуулбал зүгээр вэ, тэмцээн, уралдаанд яаж орох вэ гэх зэрэг зүйлс асуудаг. 

 

 

-Солонгос хүмүүсийн зүгээс хамтарч ажиллах санал ирүүлж байв уу? 

-Ирж байсан. Одоогоор энтертайнментэд харьяалагдаж байгаа. Хамтлагийн дуучин болж, уран бүтээлийн ажлаа эхлүүлээд явж байна. Шоунд орсноос хойш хэд хэдэн энтертайнменттай уулзалт хийсэн. Гэрээ нь маш хатуу, чанга байдаг учраас тэр бүр яарч гэрээ хийхийг хүсээгүй. Ковидын үе ч таарсан. Шоуны үеэр хамтарч ажиллах тухай ярьж байсан дууны үг бичдэг алдартай хүнтэй хамт уран бүтээл хийхээр төлөвлөсөн байгаа. Тоглолтын дараа албан ёсоор эхлэх байх. 

-Ямар энтертайнментэд харъяалагдаж байгаа вэ. Хамтлагаа танилцуулаач?

-"Soom" энтертайнментэд харьяалагдаж байгаа. Хамтлаг маань олон орны хөгжимчдөөс бүрдсэн. Тайвань, Перу, Узбекстан,  Өмнөд Солонгос, Монгол гээд таван орны гишүүнтэй. Би дуучин нь. Эхний гурван уран бүтээл дээрээ бэлтгэл, сургуулилтаа хийгээд явж байна. Ирэх намраас хамтлагаа албан ёсоор олон нийтэд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа. 

 

 

-Монголд өмнө нь юу хийдэг байсан бэ? 

-Наашаа анх ирэхээсээ өмнө "Их засаг" их сургуульд сурдаг байсан. 21 настай байсан юм. Уран бүтээл хийх гээд л хүмүүстэй танилцаад явдаг байлаа. Ер нь уран бүтээлээ хийх л хүсэл ихтэй явдаг байсан. Монголд сургуулиа төгсөж чадаагүй болохоор Өмнөд Солонгост бизнесийн удирдлага, дуулаачийн мэргэжлээр "Sejong" их сургуульд суралцаж, төгссөн. 

-Өмнөд Солонгосын энтертайнмент салбараас эх орондоо нутагшуулах боломжтой зүйлсийг анзаарч л байсан байх?

-Солонгосын энтертайнмент болгон дэргэдээ шинэ үеэ бэлддэг сургууль гэж хэлж болохуйц зүйлтэй байдаг. Тэнд маш их өрсөлдөөн бий. Шалгуур өндөртэй. Түүнийг давж байж дэбютээ хийдэг. Тийм болохоор эх оронд маань дуулаач болон бүжгийн чиглэлийн олон сургалтын төвүүд бий болж, өрсөлдөөн ихтэй болоосой гэж хүсдэг. Үндэсний хэмжээний гэж хэлж болохуйц шоу олон байх нь маш их хэрэгтэй.

Өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн чадвар өсөж байгаа санагддаг. Алдартнууд нь хоорондоо өрсөлдөж байгаа шоу нэвтрүүлэг, контентууд маш их байдаг. Энэ нь эргээд тэднийг чадавхжуулж байгаа санагддаг. 

 

 

-Таны уран бүтээлийн жанр юу вэ?

-Ерөнхийдөө поп баллад, рок баллад гэж явах байх. Гэхдээ одоо ерөнхийдөө тодорхой жанрт хуваах хэцүү болсон. Dance поп дуунууд бас дуулж байгаа. Дийлэнхдээ бол уянгын, баллад талруугаа түлхүү дуулдаг даа. 

-Энэ хугацаанд өөрийн гэсэн хэдэн дуутай болсон бэ?

-Тоглолтод маань монгол хэл дээрх 5 дуу, солонгос хэл дээр 2 дуу дуулагдана. Тоглолтын дараа шинэ уран бүтээлүүд тоглолтын бичлэгтэй хамт цацагдаад эхлэх байх. Өөрийн гэсэн 10 орчим дуутай болж байна. 

 

 

-Тоглолтынхоо онцлогоос сонирхуулахгүй юу. Өөр монгол уран бүтээлч оролцох уу? 

-Өмнөд Солонгост амьдардаг монгол уран бүтээлч тоглолтоо хийж байгаа анхны тохиолдол гэж хэлж болно. Энд Монголоос маань олон уран бүтээлчид ирж тоглолтоо хийдэг. Тайз, дэлгэц, найруулгын хувьд хангалттай хэмжээнд хүрэхгүй байх тохиолдол бий. Тэр утгаараа Монголоос ирж байгаа уран бүтээлчдийн тоглолтыг хүмүүс үзэх нь багассан гэж хэлж болно. Түүнийг эвдэхийн тулд манай хамт олон хичээж ажиллаж байна.

2019 онд 30 гаруй залуус нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж байсан юм. Тоног төхөөрөмж гээд л хэрэгтэй бүх зүйлсээ түрээслээд хийсэн тоглолт маань маш амжилттай болсон.

Энэ удаагийн тоглолтоо илүү сайжруулж, мэргэжлийн түвшинд хүргэхийн тулд хичээж байна. Мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучид гээд л бүгд өндөр түвшинд ажиллаж байгаа. 

Тоглолтын онцлогоос дурдах юм бол "Том Жагаа" хэмээн нэрлэгддэг Г.Жаргалсайхан ахынхаа "Монголоороо бахархана", "Зүүдэнд уяатай нутаг" гээд хоёр шинэ дууг дуулна. Мундаг уран бүтээлч ахынхаа хоёр бүтээлийг дуулж байгаадаа нэлээн олзуурхаж байгаа. 

Хүмүүсийн сайн мэдэх "Элия", "Цэцгэн зүйрлэл" зэрэг дууг дуулсан дуучин Н.Гантулга оролцоно. Мөн морин хуурч н.Энэбиш болон энд амьдардаг мэргэжлийн бүжигчид оролцоно. Хятад болон бразил дуучид  монголчуудад маань зориулан бяцхан сюрприз бэлдсэн байгаа. Тоглолтон дээр маань ирээд цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж үзэгчдээсээ хүсэх байна. 

 

 

-Өөр монгол дуу дуулах уу?

-Энд тоглолт, арга хэмжээнүүдэд дуулж байсан дуунуудаасаа дуулна. Жишээ нь, "Алсад суугаа ээж" дууг америк болон япон гишүүнтэйгээ хамтран дуулсан хувилбарыг санаж байгаа байх. Тэр дууг дуулна. Мөн "You raise me up" гээд дэлхийд алдартай дууг Перу улсын хөгжимчинтэйгээ хамт дуулахаар төлөвлөж байна. "Мандах нар" гээд дууг нэг арга хэмжээн дээр хоёр хэл дээр дуулж байсан. Үүнийг маш гоё бүжгийн үзүүлбэр, зохиомжтойгоор тайзнаа толилуулахаар бэлтгэж байна. 

Тоглолтод нийт 15 орчим дуу дуулна. Зочин уран бүтээлчидтэйгээ хамтраад 20 гаруй үзүүлбэртэйгээр тоглолтоо хийхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хангаад байж байна. 

-Та солонгос хэл дээр дуу гаргасан уу?

-Хоёр дуу гаргасан. Хоёулаа Солонгосын хөгжмийн сайтуудад байршсан. Хамгийн анхны дуу маань монголоор "Одод ширтэхийг хүснэ" гэдэг нэртэй. Энэ дууныхаа нэрээр тоглолтоо нэрлэсэн. 

 

 

-Тоглолт нь аль хотод болох вэ?

-Сөүл хотод тоглолт маань болно. Цаашид өөр хотуудад очиж, тоглох төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжинд Инчёнд тоглохоор төлөвлөсөн. Тоглолтынхоо дараа бусад хотуудад очих хуваариа гаргах байх. 

-Ойрын хугацаанд эх орондоо ирэх төлөвлөгөө байгаа юу. Ирээд хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Долоодугаар сарын эхээр очих төлөвлөгөөтэй байгаа. Очоод ганц, хоёр шинэ уран бүтээлийн ажилд орно. Арга хэмжээ, тоглолтуудад очих, бичлэг, зураг авалтад явах зэрэг ажлууд төлөвлөгдсөн. Хамтарч ажиллах уран бүтээлч, байгууллагуудад нээлттэй хандана гэж бодож байна. 

-Шоу нэвтрүүлэг, томоохон уралдаанд өрсөлдөж байсан туршлагатай учир дэлхийн хэмжээний шоунд оролцох талаар бодож байсан уу?

-"The Voice Of Mongolia" шоуны хоёрдугаар улиралд оролцсон. Урьдчилсан шатны шалгаруулалтад тэнцсэн байсан ч цаг хугацаа нь таараагүй, хичээлтэй байсан учир цааш үргэлжлүүлж чадалгүй буцсан. Буцаад Өмнөд Солонгост ирснийхээ дараа телевизийн шоунд оролцож, түрүүлсэн. Цаашид Өмнөд Солонгосын чанартай, томоохон шоунд оръё гэсэн бодол бий. Үүнд өөрийгөө нэлээн бэлдэж байгаа гэх үү дээ. Хөөмий зэрэг үндэсний уламжлалт соёлоо харуулах боломжтой шоунд оролцъё гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье. 

-Танай хамт олонд ч мөн баярлалаа. Амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top