Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яамдын зөвлөлдөх уулзалт боллоо

2022 оны 06 сарын 03

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо хоёр улсын Гадаад  хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг хийв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин, БНУзбУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ф.Сидиков нар хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга замууд болон олон улс, бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлэв.

Мөн талууд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2022 онд тохиож буйг онцолж, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар солилцов. Тухайлбал, Монгол Улсын гадаад худалдааны зах зээлийг төрөлжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хангамжийг бүрдүүлэх, Узбекистан Улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо Монгол Улсад нийлүүлэх, манай улсаас тус улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, тээврийн саад тотгорыг хамтран арилгах, холбогдох Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахаар тогтов.

Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдийг байгуулав. Үүнд:

 

  1. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн яам хоорондын 2022-2023 оны хамтын ажиллагааны хөтөлбөр,
  2. Хоёр улсын иргэдийг богино хугацааны визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичиг,
  3. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хоорондын протокол зэргийг байгуулав.

Хоёр улсын иргэдийг богино хугацаанд визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийг солилцсоноор энэ өдрөөс эхлэн хоёр улсын иргэд визгүй зорчих боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь иргэдийн харилцан урсгалыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид саадгүй зорчиход чухал үүрэгтэй юм.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хоорондын протоколыг байгуулснаар хоёр улсын хооронд Агаарын болон авто тээврийн харилцааны хэлэлцээр байгуулах эрх зүйн үндэс бүрдэж, хоёр улсын агаарын тээврийн компаниуд тогтмол, шууд нислэг үйлдэх, авто тээврийн компаниудын тээвэрлэлт хийх таатай орчин бүрдэж байгаа юм.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top