Б.Пүрэвсүрэн: Доромжлохыг хуульчилж болохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд доромжлох заалт орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах асуудал дээр хуульч хүний хувьд та ямар тайлбар өгөх вэ?

-Доромжлох заалт дээр хэвлэл мэдээллийн байгууллага анхаарлаа хандуулах хэрэгтэй. Учир нь НҮБ-д бүртгэлтэй 193 орны дотор 20 хүрэхгүй улс л доромжлохыг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан байдаг. Тэдгээр улсын нийгмийн тогтолцоог судлаад үзвэл, хаант засаглалтай эсвэл шашны уламжлалаасаа хамаарсан улс орнууд байна. Тэгэхээр доромжлох гэдэг хуулийн заалт ардчилсан улсад байж болохгүй шинж. Энэ бол хувь хүний ёс суртахуун, зан заншилтай  холбоотой. Үүн дээр төр оролцоод байх шаардлага байхгүй. Тиймээс доромжлохыг Эрүүгийн хуульд оруулна гэдэг дээр санал нийлэхгүй байгаа. Та санаж байгаа бол НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд бий. НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд 4.5 жил тутамд өгдөг (UPR) зөвлөмжид “гүтгэх”, “доромжлох” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас халах чиглэл өгсөн.

Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл хэрхэвч байж болохгүй тухай дурдсан. Монгол Улсын Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард тогтоолоороо биелүүлэх боломжтой гэж үзсэн. Гэвч биелэлт хангалтгүй.

-НҮБ-ын зөвлөмжийг хүлээн авсан гэдэг нь тухайн зөвлөмжийг манай улс биелүүлэх үүрэг хүлээж байна гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл өдгөө олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхгүй байгаа гэсэн үг. Хэлбэрийн төдий биелүүлэх гэсэн оролдлого нь Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйл “гүтгэх” зохицуулалт байв. Хоёр жил хагасын хугацаанд хэрэгжсэн. Мөн л шийдэл биш байсан тул Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шинээр Эрүүгийн хуульдаа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оруулсан.

-Бусад улс оронд доромжлохыг хуульчилсан байдаг гэж зарим хүн тайлбарлаж  байна. Энэ талаар?

-Үнэхээр л олон улсын жишиг, чиг баримжаа судлах гээд байгаа бол үүнийг ашиглаарай. Испани, Герман, Австри, Япон, Финланд, зэрэг орнууд доромжлохыг тодорхой тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульдаа бичсэн. Дээрх улсын тухайд ихэвчлэн засаглалын дэглэм нь онцлог байдаг.Би түрүүн хэлсэн. Хаант, эсвэл шашны уламжлалаас хамаарч (ихэвчлэн лалын шашинтай) орнууд гэмт хэрэг гэж үзэж байна. Харин ардчилсан улсын тухайд доромжлох зохицуулалт нь урт хугацааны турш хэрэгжээгүйгээрээ онцлогтой байдаг.Тухайлбал, Норвеги улс дахь доромжлох зохицуулалт 1933 оноос хойш, Герман, Канад дахь зохицуулалт 1980-аад оноос хойш гэх мэт. Тэгэхээр эдгээр улс, орны эрх зүйн соёл манайхаас тэс өөр өндөр түвшинд байгааг ойлгоно уу. Нөгөө талаас, доромжлох зохицуулалтыг гэмт хэргээсээ халсан орнууд маш элбэг бий. 2000 оны эхний арванд Гүрж, Украин, Тонго, Гана, Шри Линка, Босни-Герцеговин, 2000 оны хоёр дахь арванд Өмнөд Африк, Зимбабве, Буркина-Фасо гэх мэтээр маш олон орны жишээг нэрлэж болно.

-Та хэд хоногийн өмнө доромжлохыг Эрүүгийн хуульд оруулахгүй байх тухай нийтлэл гаргасан байсан. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Яагаад энэ заалтыг хуульчилж болохгүй вэ гэдэг дээр би судлаач, хуульч хүний хувьд арван үндэслэлийг тайлбарлаж байгаа юм. Угаасаа доромжлох гэдгийг өргөн утгаар аваад үзвэл ёс суртахуун, иргэн хоорондын асуудал юм. Доромжлох нь аль ч бүлгийн хүрээнд илрэн гарч болдог үйлдэл. Ахуй, ажил төрөл, эхнэр нөхрийн гээд хил хязгааргүй. Хэл яриа үүсэхээс ч өмнө үйлдлээрээ доромжлох боломжтой. Улсын Дээд шүүхийн 2007 оны 40 дугаар тогтоолд ч ёс суртахуун, зан заншил, уламжлалын онцлогтой болохыг дурдсан. Харилцааны явцад гарах доголдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь яавч оновчтой шийдэл биш. Нөгөө талаас төрийн хүчтэй албадлагын механизм үйлчилж гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад баривчлах, саатуулах гэх мэтээр үйл тамыг нь үзэж, үстэй толгойг нь бууралттал залхаан цээрлүүлэх бололцоотой. Үүндээ ч гаргууд улс.

Ялангуяа сонгуулийн жилүүдэд онош олноор тавигдана. Бурангуй нийгэм, социалист дэглэмд харц ард, жирийн иргэд хаант төр, төр улсыг удирдан жолоодогчдынхоо эсрэг дуугарах эрхгүй үед доромжлох хэмээх ойлголт нь "мода"-ны сэдэв байв. Одоо төр өөр, соёл сэтгэлгээ шинэ тутам, хуучны юм ул болсон. Улмаар дуугарах эрхээ эдэлсэн ардчилсан дэглэмд шинэ үе өсөж өндийлөө. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуунтай холбоотой асуудал бүрийг хуулиар шийдвэрлэх гэж оролдох нь муйхар хүний үйлдэл, муухан улс төрчийн дэвшүүлэх санал юм. Энэ бүхнийг эш үндэс болгоод үзвэл доромжлохыг хуульчлах шаардлагагүй байх нэгдүгээр үндэслэл.

-Доромжлохыг эрүүгийн шугамаар шийдвэрлэхгүй байх боломж бий юу?

-Байна. Иргэний журмаар шийдвэрлэх боломж бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Мөн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэн бүрийн үүрэг гэсэн байдаг. Гэвч дээрх эрхийг төрөөс эдлүүлэх баталгаа нь Эрүүгийн хуулийн хариуцлага биш юм. Иргэний журмаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, учруулсан гэм хороо арилгуулахаар шаардах нь зөв. Дэлхийн жишиг нь ийм байгаа цаг үед бид амьдарч байна.

-Худал мэдээлэл тараа­сан бол Эрүүгийн хуулиар шийд­вэрлэж байгаа. Гэтэл заавал доромжлохыг хуульч­лахын хэрэг байдаг юм болов уу?

-Хуулийн давхардал гэж хэлж болно. Одоогийн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт гүтгэх, доромжлохыг ч хамаатуулан ойлгож ял шийтгэл оногдуулж байна. Тэгэхээр зохицуулалтгүй биш, зохицуулалттай. Монгол Улсын хэмжээнд 2020, 2021 онуудад тус гэмт хэргийн дагуу нийт 32 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээс харж болно.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө "Уг заалт сэтгүүлч, комедианд хамаарахгүй" гэсэн нь гал дээр тос нэмсэн тайлбар болсон. Энэ талаар?

-Сэтгүүлч, комедиануудад доромжлох заалт хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хууль зүйн техникийн хувьд боломжгүй. Хууль зүйн анхан шатны мэдлэг, ойлголтгүй улс төрчийн үг. Олон нийтэд таалагдах гэсэн явцуу оролдлого. Учир нь хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Доромжлох гэмт хэргийг ажил, үүргийн хувьд итгэмжлэн хариуцсан тусгай субъектүүд нь сэтгүүлч, комедианууд биш шүү дээ.

Нөгөө талаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний түгээн дэлгэрүүлэх арга хэрэгслийн нэгээхэн төрөл болох "Уран сайхны" хэлбэр нь маш өргөн хүрээтэй. Шог зураг, кино, зохиол бүтээл, үлгэр туульсаараа дамжуулан элэглэх, шүүмжлэх, ёгтлох, егөөдөх зэрэг асуудлыг хэрхэх тухайд шийдэл болж чадахгүй.

-Доромжлох заалтыг хуульчилснаар цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаална гэх тайлбар байсан. Тийм боломж, гаргалгаа бий юу?

-Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахын тулд доромжлох заалтыг Эрүүгийн хуульдаа бичдэггүй юмаа. Жаахан юм уншиж, судалж мэдээлэлд ойр байх хэрэгтэй. Австрали улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай. Герман улс цахим дарамтын эсрэг хуультай. Сингапур цахим орчин дахь худал мэдээлэл, хууран мэхлэлтээс хамгаалах тухай хуулиудтай. Манай улс ч Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай 2016 онд баталсан хуулиудтай. Эрүүгийн хуульдаа хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгтэй. Нөгөө талаас, хүүхдийн эрхийг хамгаалах гэж байна гээд хүүхдүүддээ төрийн албадлагын механизм хэрэглэж гэмт хэрэгтэн болгох уу. Хүүхэд хүүхдийнхээ эсрэг л үзэн ядсан үг хэллэг түлхүү ашиглах нь бий. Тэгэхээр 14-18 насны өсвөр үеэ гэмт хэргээс хамгаална гэх нэрийдлээр гэмт хэрэгтэн болгож, бүх насаар нь хохироох уу. Бодох л асуудал.

-Доромжлох, гүтгэхийг хуульд хэрхэн тайлбарлахаас их зүйл шалтгаална биз?

-Тайлбар бас дахин тайлбар. Өнөөдөр илт, худал, тараах, түгээх зэрэг нь юу болох талаар албан ёсны тайлбар алга. Хууль хэрэглэх хэмээх хөлгүй далайд живж явна. Хэрэг шалгаж буй албан тушаалтан өөрийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой. Гэтэл худал мэдээлэл хэчнээн төрөлтэй болох тухайд дэлхий нийт тогтсон ойлголтод хүрчихлээ. ЮНЕСКО-гоос үндсэн гурван төрөлтэй болохыг авч үзсэн. Зарим нь хор уршиг, хохирол шаардаагүй хөөрөгдсөн, дэгсдүүлсэн мэдээллүүд бий. Баримтын бага зэргийн алдаа ч байж болно, Бодит жишээ хэлье.

Архангай аймгийн Засаг даргыг 13 удаа гадаадад томилолтоор явсныг 15 удаа гэж бичсэн сэтгүүлчийг буруутгасан шийтгэвэр гарч байв. Тэгэхээр худал мэдээлэл гэдгээ нарийвчлан заах, хуулийн тайлбар хийх зэрэг шийдлүүд өнөө хүртэл алга. Хувийн фэйсбүүк хаягаараа лайв хийсэн, сайтын мэдээн доор коммент бичсэн иргэнийг буруутгасан, хариуцлага оногдуулсан шийдвэр Эрүү, Иргэний аль, аль шүүхээс гарч байна. Тухайн мэдээллийг бэлтгээгүй, үзэл бодлоо оруулаагүй, анхдагч эх сурвалж биш байсаар байтал шүү.

Гэтэл цахим орчинд хуваалцах, линк заах, дахин жиргэх болон тухайн мэдээллийг татаж уншсан нутаг дэвсгэрийн хил хязгаар үйлчлэх зэрэг нарийвчилсан асуудалд хуулийг хэрхэн зөв тайлбарлаж хэрэглэх талаар дэлхийн улс орнууд анхаарч буй цаг үед бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг доромжлох зохицуулалтаар хязгаарлах, айдас-хүйдэс авчрах асуудалд анхаарал хандуулж байх жишээтэй. Маш их ялгаатай байгаа биз. Мөн илт гэх үгийг Эрүүгийн хуулиасаа хасах нь ч иргэнд ашигтай хувилбар биш. Урьдчилсан нөхцөл дурдах тусам хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хүнд ашигтайгаар тайлбарлаж хэрэглэгдэх боломжтой. Магадгүй  цаг агаарын мэдээний хөтлөгч маргааш 26 хэмийн дулаан байхыг 10 хэмээр андуурч хэлэх төдийд л эрүүгийн хариуцлага хүлээх болж байгаа юм.

-Нөхцөл байдал нэгэнт ийм байхад доромжлохыг заавал хуульчлах гээд улайраад байгаагийн учир юу вэ?

-Улс төрийн зорилгоор гэхээс өөр юу хэлэх вэ дээ. Гүтгэсэн, доромжилсон, худал мэдээлэл тараасан, нэр төр, алдар хүндэд нь халдсан гэж үзэж гомдол, нэхэмжлэл гаргаж буй хүмүүс бол улс төрчид өөрсдөө юм. Ялангуяа сонгуулийн жилд огцом өсдөг. Хуулийн төсөл санаачлах эрх бүхий субъектийг төлөөлж ярьж буй этгээд ч 2020 онд хангалттай гомдож, гоншигносон. 1999-2021 оны хугацаанд нийт Эрүү, Иргэний шүүхээс шийдвэрлэгдсэн 1146 хэрэг байгаагийн гуравны нэг нь төрийн албан хаагч, төрийн байгууллага, улс төрчдөөс гаргасан гомдлын дагуу эцэслэн шийдвэрлэгдсэн хэргүүд байдаг. Хариуцлага хүлээсэн этгээдүүдийн 42 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага дангаараа байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
За(124.158.67.83) 2022 оны 06 сарын 11

Доромжлолд дасан зохицохоос өөр арга алга өолжээ

0  |  0
зочин (43.228.130.188) 2022 оны 06 сарын 10

КККК Энэ залуу доромжлол, доромжлогдохыг өөрийн яс махан дээр мэдрээгүй үзээгүй бололтой.... доромжлол,,,гүтгэлэг ... тогтоогдвол Эрүүгийн хариуцлага байж байж хүн доромжлах гүтгэхдээ үгээ боддог болно...доромжлож болдог, гүтгэж болдог байж болохгүй...үүнээс болж олон хүн амь насаа ч алдсан тохиолдол олон байдаг

0  |  0
зочин (43.228.130.188) 2022 оны 06 сарын 10

КККК Энэ залуу доромжлол, доромжлогдохыг өөрийн яс махан дээр мэдрээгүй үзээгүй бололтой.... доромжлол,,,гүтгэлэг ... тогтоогдвол Эрүүгийн хариуцлага байж байж хүн доромжлах гүтгэхдээ үгээ боддог болно...доромжлож болдог, гүтгэж болдог байж болохгүй...үүнээс болж олон хүн амь насаа ч алдсан тохиолдол олон байдаг

0  |  0
зочин(150.129.140.1) 2022 оны 06 сарын 12

Доромжлохыг хульчлах нь хамгийн зөв.Бүх зүйл харилцаанаас үүсэлтэй хүний хөгжих ч харилцаа, хүний амь эрсдэх ч харилцаа

1  |  0
зочин(202.131.233.251) 2022 оны 06 сарын 10

доромлолоос үүдэж хүний амь эрсдвэл яах вэ эсэргүүцээд байгаа иймэрхүү нөхөд хүлээх үү

0  |  0
Top