Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр түр завсарлалаа.
Шүүх хурлын үеэр яллагдагч Н.Түвшинбаяр "Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаач найзынхаа ар гэр, үр хүүхдээс нь чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Миний хамгийн сайн найз байсан. Хүүхэд байхаасаа л алдаа, оноогоо ярьж байсан. Найзынхаа амь насанд хүрнэ гэж бодоогүй явсан. Мөн Монголын ард түмнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна" хэмээн сэтгэгдлээ хэллээ.
Харин түүний өмгөөлөгч "Хүнийг таамгаар яллаж болохгүй. Эд зүйлээр цохисон нь тогтоогдоогүй, шинжилгээгээр ч батлагдсан. Харилцан зодолдож, түлхэлцсэн нь үнэн. Дээр нь тухайн үед яллагдагчаар татаж шалгах нь мөрдөгч, прокурорын үүрэг. Өөрсдөө энэ үүргээ биелүүлээгүй. Задлангийн дүгнэлт бол нас барсан үйлдлийг л тогтооно. Н.Түвшинбаярын үйлдлээс болж нас барсан гэдгийг ойлгож байна. Гаднаас хүмүүс орж ирснээс хойш зодоон үргэлжлээгүй. Эндээс бусад хүнийг айлган сүрдүүлж, нэмж зодсон гэдэг нь тодорхойгүй, нотлогдохгүй байна. Хаалга түгжээд хүнийг зодсон зүйл байхгүй. Тэр хаалга гаднаас нь хаахад дотроосоо түгжигддэг" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )