Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх талаар хэлэлцлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Монгол Улсын дээд шүүхээс санаачилж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнтэй хамтран “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нар, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал, судлаачид оролцож шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрийн хураангуй бэлтгэх аргачлалыг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг танилцуулж, шийдвэрийг шүүх, шүүгч олон нийтэд мэдээлэх, нээлттэй байдлыг хангах бодлогын талаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар  мэдээлэл хийсэн юм.

Уулзалт, хэлэлцүүлгээс Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөл болон нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрдсэн өргөтгөсөн ажлын хэсэг байгуулахаар тогтлоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top